1996-2002 оны хуудуутай хувьчлалын мөрөөр…
1990 оноос хойшхи зах зээлийн харилцаанд шилжсэн ороо бусгаа цагт хэн овсгоотой нь нийтийн өмчийг нэг их ажил удалгүй үнэгүй шахам өөрийн болгосон түүх саяхан. Хэрэг хуучрахгүй, үг өмхийрөхгүй. Хуудуутай хувьчлалын талаар УИХ-аас шалгасан цуврал баримтат нийтлэлийг үргэлжлүүлэн хүргэж байна. Битүүмжилсэн дуудлага худалдааны аргаар хувьчилсан дараагийн ХК бол “Спирт бал бурам” ХК юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Спирт бал бурам” хувьцаат компани нь 1974 онд ашиглалтад орсон, 1984-1986 онд үйлдвэрлэлийг зогсоолгүйгээр ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар өргөтгөл шинэчлэл хийгдэж, жилдээ 3000.0 мян.л.спирт, 300 тонн нүүрс хүчлийн хий, 3500.0 тонн бал бурам, 300.0 тонн уургийн гурил, 1000,0 тонн талх, 250.0 тонн нарийн боов, 500.0 мян.л.амтат ундаа, 1000.0 тонн гоймон, 200.0 мян.л.архи үйлдвэрлэх хүчин чадалтай, Спиртийн, Бал бурмын, Хүнсний, Дулааны станц гэсэн 4 үндсэн үйлдвэр, нэгжтэй, шинэ усаар хангаж, бохир ус зайлуулах сантехник, ус хангамжийн цех, цахилгаан нарийн хэмжүүрийн цех, засварын цех, нийгэм хангамж, үйлчилгээ /орон сууц, хурлын болон спорт зал, дэлгүүр, гуанз зэрэг үйлчилгээний газрууд, авто граж/-ний цогцолбортой, 50 орчим машин техник, 4302 толгой малтай, 583 ажиллагсадтай том үйлдвэр байжээ.
Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот тогтоолоор төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болж зохион байгуулагдсан.
Нийт хувьцааны 51 хувь буюу 513 336 ширхэг нь төрийн өмчийнх байсан байна.
Спирт, бал бурам, нүүрс хүчлийн хийгээр улсын хэмжээний хүнсний үйлдвэрүүдийг хангадгаараа онцлогтой бөгөөд спиртийн үйлдвэрлэл, борлуулалтаас гол орлогоо олдог. Татвар төлсний дараахь ашиг 1997 оны тайлангийн үзүүлэлтээр 636,3 сая төгрөг, 1998 оны 3 дугаар улирлын байдлаар 489,1 сая төгрөг байжээ.
Хувьчлагдах үеийн нийт хөрөнгө нь /шинэчилсэн үнэлгээгээр/ 2 827,9 сая төгрөг, гадаад, дотоодын байгууллага хүмүүсээс авах авлага 770,5 сая төгрөг, хувьчлагдах хөрөнгө 1041,0 сая төгрөг байсан боловч 616,0 сая төгрөгөөр худалдагдсан байна.
Тус үйлдвэр 616,0 сая төгрөгөөр хувьчилснаас үзэхэд нэг жилийн цэвэр ашигтай тэнцэх хэмжээний мөнгөөр худалдагджээ.
Энэ мэтчилэн Монгол Улсад их хэмжээний хохирол учруулах нөхцлөөр хувьчлагдсан, шударга бус хувьчлалын талаар бид үргэлжлүүлэн хүргэх болно.
Үргэлжлэл бий…
http://www.aravt.mn/content/6546/.htm
URL: