Монгол дахь 20-р зууны эцэг луйвар

bank-middle058081996 оны УИХ-ын ээлжит сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл /“АХ” эвсэл/ үнэмлэхүй олонхи болж ялав. Энэ бол хэнд ч, юунд ч, тэр байтугай хуулинд ч үл захирагдах боломжийг “АХ” эвслийнхэнд олгов. Юу ч хийсэн тэд хяналтгүй болж дураараа дургих бүрэн эрхтэй болов. “АХ” эвсэлийнхнийг нэг л зүйл нэгтгэн захирч тангараг өргөсөн мэт дуулгавартай болгож байв. Тэр бол улсын хөрөнгийг идэж ашиглах үнэмлэхүй дээдийн хүсэл шунал нь байв.

Бүгдийг цөлмөн дуусгах гэсэн чөтгөрийн шунал тэднийг зүүгээр хатгасан мэт зүгээр суулгахгүй байв. Шунал тачаалаа хэрэгжүүлэх замд тохиолдсон болгоныг замаас хайр найргүй зайлууулж бүр егүүтгэж эхлэв. 1996 оны хар жилийн 8 дугаар сарын хар баасан гаригт Монгол Улсын төрийн өмчтэй томоохон компаниудын захирлыг хомроглон халав. Тэдний оронд компани удирдах байтугай тэгж зүүдэлж ч яваагүй мэдлэг чадваргүй зүйлэг амьтдыг тавив. Тэдэнд компани удирдуулах нэг л шалгуурыг “АХ” эвсэл тавьсан. Тэр нь шуналын уулзвар дээр бидэнтэй нэгдэж чадах уу? Эсвэл  …гэдэг шалгуур байлаа.

Төрийн өмчийн компанийг идэх бол дэндүү бага юм, идвэл идсэн шиг идье. Луйвардвал луйвардсан шиг луйвардъя. МАХН-ынхан шиг төрийн өмчийг хамгаалж, харамлаж явахаа болъё гэдэг дээр тэд зангидсан гар шиг нягтран санал нэгдсэн. Ингээд л банк идье гэж цоо шинэ зарчмын санаачлага гаргав. Санаачилга гаргагчид нь хэн байв аа? Тэр үеийн Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж нар тэргүүлж банк дээрэмдэх операци зохион байгуулав. Энэхүү дээрмийн операцийг дэмжин тэтгэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат ханцуй шамлан ажиллаж байв.

Банк луйвардагчдын шуналын шүлсийг Ардын банк асгаруулав. Яагаад заавал Ардын банк байдаг билээ. Аргагүй юм аа. 130 салбартай, 99 тооцооны касстай, 1500 ажиллагсадтай. Өдөрт 64 тэрбум төгрөгийн гүйлгээ хийдэг арилжааны хүчирхэг банк, бас болоогүй Москва, Эрээн хотод долларын салбар нээчихсэн. 13 давхар шилэн конторын барилга барьж ажилчдын орон сууц 50-иадыг барьсан байв. Энэ бүхэн тэдний шунал тачаалыг гозолзуулж байлаа.

Ардын банкыг яаж залгих вэ? гэхээс тэдний нойр хулжиж ходоод руу нь хоол орохгүй зовоож байв. Ардын банкны эзэн А.Цэрэндоржийг хувийн “Голомт” банктай голоороо холбогдох Лу.Болд гэгч сүүдэр шиг дагаж “Цэрэндорж ахаа” гэх болов. Ардын банкныхан ч түүнийг сүрхий сэжиглэж байв. Гэтэл өнөөх Лу.Болд Ардын банкыг хувийн болгож залгих гэж луйврын арга хайн шиншилж явсан нь тэр юм билээ.

“Голомт” банкыг таны “Ард” банкинд өгье. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь намайг тавьчих Цэрэндорж ахаа гэж гоншигнож явсан тэр хүнд нэг л өдөр Цэрэндорж хэрэггүй болж сүүдрээ харуулалгүй далдрав. Яасан гээ? “АХ” эсвэл сонгуульд ялсан дүнг сонсжээ.

1995 онд “Ард” банкны захирал А.Цэрэндорж “Монгол Улсын шилдэг менежер”-ээр шалгарч цул алтан медалиар шагнуулж байв. Гэтэл ганц жилийн дараа “Ард” банк адгийнх болж дампуурахад хүрлээ гэсэн цуурхал тараав.

“АХ” эсвэл парламентад олонхи болсноор Монголд урьд нь үзэгдэж сонсогдож байгаагүй хэд хэдэн зүйлийн эхлэлийг тавив. Зууны шилдэг луйврууд чухам эндээс эхэлсэн. Хүмүүсийг улс төрийн тоглоом болгож ажилгүй, амьдралгүй болгодог нь эндээс эхлэлтэй. Монгол Улсад банкны хоёр шатлалтай тогтолцоо буй болсон ч үр дүнд хүрээгүй. Арилжааны банкуудыг нүд ирмэхийн зуурт дампууруулж байв. Ардчиллынхан үүнд үнэхээр гаршин мэргэшиж байв.

Соёлт хүн төрөлхтний банк, санхүүгийн түүхэнд байгаагүй тийм цоо шинэ үзэгдэл Монголын банк санхүүгийн үйл ажиллагааг хиртүүлэв. Юу гэвэл банкаар баахан зээл тараалгаж дараа нь 2-3 сарын дотор дампууруулж өнөөх зээлүүлсэн мөнгийг нь найдваргүй өр болгож цагаатгана. Эндээс нэгийг харж хоёрыг хэлж болно. Хэн гэгч хэн гэгчид зээл өгүүлэв. Өгсөн зээлийг нь яагаад хүчингүй болгов. Хэргийн учир энд л бий.

Үнэн баримт үзье. “Ард” банкыг дампууруулахын тулд “Чингис хаан” зочид буудалд өгсөн зээлийг найдваргүйд тооцуулж байв. Ийм тодорхой асуудалд тайлбар хэрэггүй дээ. Дарханы  “Хишиг” гэгч компанид УИХ-ын дарга байсан Р.Гончигдоржийн төрсөн ах Р.Санжсүрэн, Багахангайн адууны махны үйлдвэрт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн дүү даргаар ажиллаж байж. Тэднийг “Ард” банкнаас тус бүр нэр тэрбум төгрөгийн зээл авахуулаад дараа нь зээлийг нь найдваргүй өр гэж хүчингүйд тооцуулав. “АХ” эвслийн шуналтнууд луйвардлагыг дутуу хаядаг жижиг гарууд биш.

Өнөөх тэрбум тэрбумын зээлийг нь хүчингүй болгосон улсын үйлдвэрүүдийг өөрсдөө хувьчилж авахаар шаргуу хөөцөлдсөн. Луйвар гэдэг дархан мэхээ ингэж эртлэн хийхгүй бол аз харина гэж сэжиглэжээ.

“Ард” банкыг дампууруулах нууц операцийг 1996 оны 9 дүгээр сарын 15-нд хийж Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр “Ард” банкинд Б.Саранг томилов. Саран хатагтай “Ард” банкыг дампууруулах бэлтгэлийг тэнд хангав. Яг энэ үед Монгол банкны захирал Д.Моломжамц байв. Болж өнгөрсөн үйл явдлаас дүгнэлт хийхэд Д.Моломжамц тухайн үеийн Ерөнхий сайд, спикерийн шахалтаар хууль бус ажил хийж “Ард” банкинд бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилсноо хэлж “Ард” банкныхнаас уучлалт гуйгаад дараа нь тэдний гараар нүгэл хийхээс зайлсхийн сайн дураараа огцорсон юм.

“Ард” банкинд ирээд бүрэн эрхт төлөөлөгч Б.Саран 01 тоот тушаал гаргаж “Ард” банкны захирал орлогчдын эрхийг түдгэлзүүлэв. Тэдний ярих утсыг тасалж тагнуулынхнаар тандуулав. Унах машиныг хураав. Саран богино хугацаанд ихээхэн үймээн дэгдээв. Юм үнэнээрээ байх сайхан. М.Энхсайханыг “Ард” банкыг дампууруулах гэж байхад Э.Бат-Үүл “Энхсайхаан чи банкаар битгий оролд “Ард” банкыг дампууруулбал ард олон босно шүү” гэхэд М.Энхсайхан “би банкаар оролдохгүй өөр юугаар оролдох юм бэ, олон түмэн долоо хоног л бужигнана биз. Тэднийг яаж дарахаа би бодсон” гэж хариулж байсан баримт өнгөрсөн түүхэнд тэмдэглэгдэж үлджээ.

1996 оны 9-р сарын 17-ны хар өдөр “Ард” банкинд Сарангийн дараа очсон бүрэн эрхт төлөөлөгч, Монгол банкны шинэхэн Ерөнхийлөгч Үнэнбат нар Засгийн газрынхаа банк дампууруулах ажилд шуурхайлан оров. Пассив нь активаасаа хэтэрсэн гэдэг хуурамч шалтгаар хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг 100%, харилцагчдын дансны үлдэгдлийн 20 хувийг Засгийн газар булааж авав. “Ард” банк төрийн машины өмнө хүчгүйдэж тамирдан сөгдөв.

Энэ өдрүүдийг сэтгүүлчид “Ард” банкны амьсгаа давчидсан өдрүүд гэж бичиж байсан. “Ард” банкныхан гар хумхиж зүгээр суусангүй. Тэд үнэний шүүхэд хандсан. Анхан шатны шүүх “Ард” банк дампуураагүй гэж өнөөдөр шийдвэр гаргахад маргааш нь тэр шийдвэрийг дээд шатны шүүхээс хүчингүй болгочихно. Шүүх хүртэл шуналтнуудын гар хөл болж хувирсан байв. Шүүх л урвахаар үнэний хүч багадаж байгаа нь тэр. “Ард” банкыг хүчээр эзлэх тушаалын төсөлтэй Ерөнхий сайд, спикер нар танилцаж батлав. Банк дээрэмдэхэд унах машин, дайрах цэрэг, номхотгох цагдаа, мөнгө лацдах бэлтгэлийг хүртэл нэгд нэгэнгүй бодож төлөвлөж бүрдүүлжээ. Тэр жилийн тэр сарын тэр нэгэн хар баасан гарагийн орой “Ард” банкыг хүч түрэмгийлэн дайрч эзлэж авав. Машин машинаар цэрэг цагдаа, мөнгө тоологч, шинэ ажил хүлээж авагсад гээд 100-гаад хүн ирж банкыг бүслэв.

Эзэлж авагчид “энэ мөчөөс эхэлж хэн ч гадагшаа гарахгүй. Хэнтэй ч уулзахгүй, утсаар бүү яриул” гэж харуул хамгаалалтынхныг үүрэгдэв. Ингэж 48 цаг хоригдсон хүмүүс үнхэлцгээ хагартал айсан гэдэг юм. Хэвлэл мэдээллийнхэнд ч хандах боломж олдоогүй. “Ард” банкыг эзэлж авахын өмнө захирал А.Цэрэндоржийг Бээжинд цөлсөн байж. Яах гэж банк буулгав гэхээр “Бүтэцийн өөрчлөлт хийнэ” гэх. Ер нь энэ бүтцийн өөрчлөлт гэдэг нь үүний цаана мянга мянган хүн мэлмэгддэг болсны эхлэл бас энэ байв. Ингэж “Ард” банк амь тасрав. Үүнийг Монгол дахь 20-р зууны хамгийн анхны эцэг луйвар гэж гэрлэе.

Үргэлжлэл бий…

Монгол дахь авлигын үнэн түүх номноос…


URL:

Сэтгэгдэл бичих