Ц.Оюунбаатарын оронд Н.Энхбаяр УИХ-д суух уу
МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-д оруулах мөрөөдлөө түүнийг хүрээлэгчид гээгээгүй хэвээр байна. УИХ-ын сонгуулиар тэрбээр эвслээсээ жагсаалтын нэгээр нэр дэвшсэн ч удалгүй баривчлагдсан. Аавыг нь биш юм гэхэд ядаж хүү Э.Батшугарыг нь УИХ-ын гишүүн болгох гээд намынхан нь хэсэг үзсэн.
Энэ оролдлогоо биелүүлэхийн тулд жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн Ц.Оюунбаатарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэлгүй хэдэн сарын ажил болсныг уншигчид мартаагүй байгаа биз ээ. Тэгвэл саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жил нэг сарын ял авсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөх зарлиг гаргасан. Үнэндээ Н.Энхбаяр шоронд биш, эмнэлэгт “ялаа эдэлж” байгаад өршөөл хүртсэн гэсэн үг. Түүний эрүүл мэндийн байдал нэлээд доройтсон, үүний шалтгааныг тодорхойлж, эмчлүүлж эхэлсэн тухай мэдээлэл цахим ертөнцөөр тарахтай зэрэгцээд “Ц.Оюунбаатарыг буцаан татаж, Н.Энхбаярыг гишүүн болгох гэнэ” гэсэн яриа цацагдав.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.6-д заасны дагуу жагсаалтаар нэр дэвшүүлж, сонгогдсон хүнээ солих, татах эрх нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд бий. Тэд эвслийн гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах, жагсаалтаар нэр дэвшигчдийн дарааллыг тогтоох, сонгууль болон эвсэлтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ нэг л шалгуур бий. Солих гэж буй хүн нь ял, шийтгэлгүй байх ёстой. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-д “Монгол Улсын иргэн нь ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон бол УИХ-ын гишүүнээр сонгогдох боломж нээгдэнэ” хэмээн заажээ. Ц.Оюунбаатарын оронд Н.Энхбаяр очно гэж бодож байгаа хүмүүс тэгвэл дарга нь энэ шаардлагыг хангах уу гэдгийг бодолцох ёстой болж байна. Шүүхээс Н.Энхбаяр хоёр жил, нэг сарын ялыг биеэр эдэлнэ гэсэн шийдвэр гаргасан.
Төрийн тэргүүн түүний биеэр эдлэх уг ялыг өршөөсөн. Гэхдээ тэр ялтай хэвээр байгаа. Учир нь шүүх дээрхээс гадна нэмэлт ял оноосон юм байна. Нэмэлт ял дотор Н.Энхбаярыг төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан аж. Түүнийг өршөөж, эмнэлэг-шоронгоос гаргах үед өмгөөлөгчид нь ч үүнийг сануулж байсан. “Ялгүй болоогүй, биеэр эдлэх ялыг нь өршөөж хүчингүй болгосноос оноосон ял нь хэвээрээ байгаа” хэмээн тайлбарласан. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4.2 заалтыг МАХН-ын дарга хангахгүй нь. Дээрх яриа үнэхээр нам дотроо гарсан уу гэдгийг МАХН-аас сонгогдсон зарим гиш үүнээс лавлахад “Тийм зүйл яриагүй. Худал цуурхал байх” гэсэн тайлбар өгсөн. Мөн “Нэмэлт ялтай учраас тийм боломжгүй шүү дээ” гэж байлаа. Тиймээс УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд багтаад түүний ялыг цагаатгадаггүй л юм бол Ц.Оюунбаатар Парламентын гишүүн, Н.Энхбаяр МАХН-ын дарга хэмээх албан тушаалтай хэвээр байх аж. Нэг ёсондоо бүх зүйл байр байрандаа байх бололтой.
http://tvmongolia.mn/read/4236
URL: