Монголын толгой хөрөнгөтнүүдийн баяжсан түүхээс (2-р хэсэг)
“Жижиг Тавантолгой”-н том эзэн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ
Монголын баячуудын тэргүүн эгнээнд Ж.Оджаргалаас гадна хүч түрэн орж ирж буй нэгэн бол УИХ-ын гишүүн асан Д.Бат-эрдэнэ юм. Тэрээр бас л монголчуудын баялаг болсон Тавантолгойн орд дээр түшиглэн баяжсан билээ. “Ажнай” корпораци бол одоо түүний жижигхэн компани болжээ. Харин түүний оронд жижиг Тавантолгой түүний том хөрөнгө болсон байна. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр жижиг Тавантолгойн хувьцааны нэг бүр нь 990.000 төгрөг болсон гээд бодохоор ямар их хөрөнгө гэдэг нь ойлгомжтой. Тэр дундаа тус компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнийн хөрөнгө хэд болж өссөн нь ойлгомжтой.
“Ажнай”-н эзэн 1990-ээд оны сүүлээр асар их нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордоос асар их ашиг олох гарцыг харж орон нутгийн өмчтэй хамтарсан “Тавантолгой транс” компанийг байгуулжээ. Анх жижиг “Тавантолгой”-н 51 хувийг нутгийн иргэдийн өмч гэж үзэж үлдсэн 49 хувийг Д.Бат-Эрдэнэ эзэмшихээр байгуулсан гэдэг. Улмаар орон нутгийн өмчийн 51 хувийн 50 мянга гаруй хувьцаа 60 гаруй хүнд шилжиж нэг ёсны “Тавантолгой” хувьцаат компани бий болжээ. Нөгөө талд нь цөөнх хувьцааг эзэмшдэг Д.Бат-Эрдэнэ зогсч байж. Тэрээр 1999 онд дээрх нөхдүүдийн 7979 ширхэг хувьцааг худалдан авч компанийн ТУЗ-ын дарга болжээ. Гэтэл одоо хувьцаагаа луйвардуулсан гэх хүмүүс түүнийг хууль бус аргаар хувиа өсгөсөн гэж үзэж байгаа юм билээ. Д.Бат-Эрдэнэд Тавантолгойн хэдэн тэрбумаар тоологдох хувьцаанаас гадна асар их хөрөнгө бий гэж эх сурвалжууд өгүүлдэг. Тухайлбал, түүний мэдэлд “Монгол савхи” ХХК, нүүрс тээврийн ”Тавантолгой транс” ХХК, “Жуулчин говь” ХХК, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь спиртний үйлдвэр, Өмнөговь аймгийн төв дэх таван давхар “Даланзадгад” зочид буудал, “Ажнай” брокерийн пүүс, Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг “Түвдэнгийн Бор интернешнл” ХХК нь телевиз, сонин, FМ радио, Налайхын шилний үйлдвэр гээд хур хөрөнгө үнэхээр ихтэй юм билээ. Энэ бүгдийг дурдахгүйгээр жижиг Тавантолгойн хөрөнгөөрөө л тэр Монголын толгой баяны тоонд зүй ёсоор багтаж байна. Өнөөдөр Тавантолгойн салбар ордуудаас олборлолтоороо тэргүүлж буй “Тавантолгой” ХК-ийн 80тн-ын автомашинууд өдөр шөнөгүй зөрөлдөж байна. Зөвхөн эндээс харахад л Д.Бат-Эрдэнийн хөрөнгө өдөр шөнөгүй нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
www.yanaa.mn
URL: