Өөрийгөө олох ба амьддаа бурхан болох тухай
Хүн ерөөсөө хэн нэгэн болохын тулд эхлээд өөрийгөө олох хэрэгтэй. Өөрийгөө олоогүй хүмүүс хэн нэгэн биш аль нэгэн. Тэд юу хүсээд буйгаа мэдэхгүй. Монгол орон сүүлийн 20 жил мэдлэг боловсрол, онол, ном сурах бичгүүдийг уландаа гишгэж хоосон төсөл нэрийн дор сургуулийн болон боловсролын бүтцийг эвдсэн тул нийт хүмүүс өөрийгөө олохгүй хэн хэнээсээ ч ялгагдахгүй хар маас болжээ.
Улстөрчдийн мэдлэг боловсрол болон уншсан номын тоо Нарантуулын зах дээр яваа хүнээс ялгарах ялгаагүй болжээ. Өөрийгөө олох гэж оролдох хүмүүс бөө нарыг дэвэргэж, лам нарыг онгироож, Энэтхэг рүү зугаалж, Лалай лам руу хуйларцгаана.
Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн өөрийгөө олоогүй явах ямар их харамсал вэ. Диплом авсан хүмүүс мөн гадаадад суралцсан гэх хүмүүс бясалгал хийж хэд хоног аманд ч үгүй хамарт ч үгүй хэдэн төгрөгөө үрэх ямар их эндүүрэл вэ. Юугаа бясалгах гээ вэ? Тархиа юу эсвэл бие хаагаа юу? Өөрийгөө олоход бусад хүн туслахгүй өөрөө л өөртөө туслана. Үүний тулд доод ухаан гэсэн ойлголтыг сайн мэдэх чухал. Далд ухамсар биш шүү дээ.
Социологи, психологи, урлаг, уран зохиол, шашин болон философи гээд нийгмийн олон салбаруудын цаад үүрэг юу вэ гэхээр олон талаар хүнийг хөгжүүлж иж бүрэн хүн болгох зорилготой хэдий ч энэ үүрэг сүүлийн 20 жилд устжээ. Олон төрлийн боловсрол хүнийг өөрийгөө олоход л зориулалттай болохоос ашигийн төлөө эсвэл хүмүүст мэдэмхийрэх гэсэн хувь хүмүүсийн дур сонирхол биш. Өнөөдөр дээрх салбаруудын тус болох өнгөрчээ.
Мэргэжлийнхээ онцлогыг ойлгоогүй хүмүүс бусдад байтугай өөртөө туслаж чадахгүй болжээ. Багш профессорууд ч бас өөрийгөө олох гэж зүдэрнэ. Үхэж бурхан болох биш харин амьдарч бурхан болох хэрэгтэй. Үхсэн хүнийг хичнээн бурхан болчихлоо гэх хэнд хэрэгтэй вэ. Үүний оронд амьд байхдаа бурхан болж чадвал хүмүүст хичнээн тустай вэ. Хүнийг хохироож, ард түмнийхээ бүтээн босгосныг эвдэж, үйлдвэрүүдийг хувьчилж олон мянган хүмүүсийг аж амьдралгүй болгож хагартлаа баяжиж нүгэл хийсэн хүмүүс алдаагаа засаж одоо л бурхан болцгоох хэрэгтэй. Тэгэхгүй бол чөтгөр шулам л болцгоолоо шүүдээ.
Хүн “хэн нэгэн” байж чадна гэдэг тийм ч амархан асуудал биш. Хүн хэн нэгэн болоход олон зүйл нөлөөлнө. Хүүхэд нас, найз нөхөд, ээж аав, эмээ өвөө, ах эгч дүү нар, гадаад орчины нийгэм, улс орны бодлого болон ерөнхий боловсролын сургуулийн боловсрол, иргэншил, нийгэмшил гэх мэт бүгд нөлөөлнө. Эдгээрийн иж бүрдэл хүнийг хэн нэгэн болгодог. Зарим хүмүүс эрт залуудаа өөрийгөө олох гэж би хэн бэ гэж асуудаг бол зарим хүн хожим хойно өөрийгөө олох гэж оролдоно. Эрт өөрийгөө олсон хүмүүс улс оронд сайн сайхан зүйл бүтээнэ. Оройтсон хүмүүс ёстой л 60 хүрнээ ухаан орноо 61 хүрнээ үхнээ л болцгооно. Монгол оронд өөрийгөө олох гэсэн хүмүүсийн сонгодог жишээ гэвэл бясалгал хийнэ эсвэл ууланд гарч хадаг өргөнө.
Ерөөсөө Энэтхэгийн Ошо руу яагаад гадаад хэлтэй юм үзсэн хүмүүс хуйлрана вэ, хүмүүс бясалгал хийх нэрийн дор хэд хоног ямар ч ул суурьгүй зүйлэнд хууртагдана вэ, төрийн алба хашдаг сайд дарга нар яагаад бөө нар луу гүйлдэцгээнэ вэ, их дээд сургууль төгссөн дипломтой хүмүүс яагаад Төвд орон луу мөргөл хийх гэж мөнгөө үрнэ вэ?
Хүн ба амьтаны ялгаа
Би хэн бэ гэдгээ мэдэж авах яагаад хэрэгтэй вэ гэдэг ухаанаа ойлгож санамжаа цэгцлэж ирээдүйгээ төлөвлөх тэр ухамсарт үйл хэрэг. Амьтанд ямар ч ирээдүйн төлөвлөгөө байхгүй ба ухамсар гэсэн ойлголт үгүй. Хүн л ухамсар бий гэдгийг ойлгож түүнийгээ хэрэглэж сурах хэрэгтэй. Амьтанд рефлэкс бий. Амьтанд инстинкт бий.
Харин амьтанд ухаан ч байхгүй бас ухамсар ч үгүй. Мэдээж амьтанд яагаад инстинкт болон рефлэкс хэрэгтэй вэ гэвэл үүгээрээ аюулаас эсвэл хүнд нөхцөл байдлаас гарахын тулд нэг бол зугатаана эсвэл дайрч ярдаглана. Хүн амьтанаас ялгарахын тулд зальдаад зугатаах биш эсвэл бүдүүлгээр хүн лүү дайрах биш харин ухамсартайгаар асуудлыг хэн хэндээ ашигтайгаар шийдэж хүнийг гомдоохгүй, хохироохгүй, зовоохгүй байх л хэргийн учирт оршино. Мэдээж саруул биш бүрхэг ухаантай хүмүүс яг л амьтан шиг гэдгийг хэн бүхэн гадарладаг.
Эцсийн эцэст хүн эхлээд үсэг сурах хэрэгтэй мөн түүний дараа уншихыг оролдох хэрэгтэй байдагтай адил хүн өөрийгөө бүтээхийн тулд “би ийм шүү” гэдгээ олж тогтоох хэрэгтэй. Амьтан бол ямар нь мэдэгдэхгүй. Өлсгөлөн бол хүн лүү дайрна. Харин цатгалан бол хэвтээд өгнө. Олуулаа нийлээд бусдыг урж тасдана. Хүний нийгэм бол хүн хүндээ чоно биш харин ах дүүсэг байх хэрэгтэй.
Толгойгоо хэрхэн цэнэглэх вэ?
Өөрийгөө олохын тулд хүн эхлээд толгойгоо цэнэглэх хэрэгтэй. Ном уншиж бусадтай ярилцахгүйгээр хүний толгой цэнэглэгдэхгүй.
Мэдлэгээр л тархи хөгжинө. Боловсролоор л бие хүн хэн нэгэн болж чадна. Тэгээгүй цагт хэн нэгэн биш харин аль нэгэн. Толгойгоо цэнэглэж чадсан хүн хэзээ ч жүжиглэхгүй. Тэд өөрийхөөрөө байж чадна. Ямар ч үед хэн ч хамаагүй болж чаддаг ямар ч дүрд тоглож бусдыг яаж ч хуурч мэхлэж зальдаж сэргэлэнтэх гэсэн хүмүүс ерөөсөө өөрийн гэсэн дүрсгүй, өөрийн гэсэн хэлбэргүй хүмүүс. Ийм л хэн ч биш юу ч биш яаж л бол яаж хувирдаг хүмүүс улс орныг баллажээ. Өөрийгөө олоогүй хүмүүс нийгмийг баллана бас амьдралыг хүндрүүлнэ. Жинхэнэ өөрсдийгөө олоогүй хүмүүс бол зэрлэг, бүдүүлэг, хувиа бодсон, юу ч хийхээс буцахгүй, зальтай, сэргэлэн, амны урлагтай хүмүүс.
Тэд өөрийнхөөрөө байхаар нэг үгээр хэлэхэд үнэнээрээ байхаар амжилтанд хүрэхгүй тул хуурч мэхэлж эсвэл зэрлэг бүдүүлгээр л амжилтанд хүрэхийг оролдож бусдын шившиг болцгооно. Өөрийгөө олоогүй хүмүүс ичих гэж мэдэхгүй. Өөрийгөө олоогүй хүмүүс худлаа ярихаас өөр зам байхгүй. Худлаа л ярьж мэдэхгүйгээ нуухаас өөр арга байхгүй. Өөрийгөө олоогүй хүмүүсийг хүүхэд гэхэд хэцүү насанд хүрээгүй гэхэд бас хэцүү.
Хүүхэд насаа ярих чухал
Чи хэн бэ гэсэн асуултын хариулт хүүхэд нас чинь ямар байсан бэ түүгээр хариулагдана. Хүн өөрийнхөө өнгөрсөнөөс бултах аргагүй. Хүүхэд насны үзэж харж баярлаж баясаж эсвэл ичиж гомдож явсан мөчүүд бүгд л тархины доод ухаанд хадгалагдсан. Хүн юуг ч мартах боломжгүй. Яагаад гэвэл тархинд бүх хүүхэд нас хадгалаастай. Гагцхүү санах дургүй хүмүүс мартах гэж хичээдэг.
Санах дуртай дургүйдээ биш харин түүнийг гаргаж юу зөв юу буруу гэдгээ эргэж нэг дурсах л чухал. “Чи ярь тэгсэнээрээ би чамайг танья” гэсэн үг бий. Хүний яриа бол хүний төсөөлөл, бодол ба мэдлэгийн гэрч. Ярихгүй сууж буй хүнийг хэн гэдгийг таньж мэдэх боломжгүй. Тиймээс тэр хүн бараг л “хөшөөтэй адил”. Мэдсэнээ болон сурсанаа ярьж чадна гэдэг насанд хүрсэн хүний шинж. Хүүхэд нас хүнийг хожим ямар хүн болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хүнийг чи хэн бэ гэж асуухын өмнө хүүхэд нас чинь ямар байсан гэж асуух хэрэгтэй.
Бөө рүү очих хэрэггүй
Хүний ээж аав гэдэг зөвхөн биологийн хувьд секс хийгээд л төрүүлсөн хүмүүс биш харин амьдралын зөв сайхан туршлагуудаа ярьж зөвлөдөг жинхэнэ эцэг эхчүүд байх ёстой.
Эцэг эх болж чадаагүй ээж аавууд элбэг. Эцэг эх нь олигтой зөвлөлгөө өгсөн хүмүүс хэзээ ч Бөө хайж гүйлдэхгүй. Эцэг эхгүй хүмүүс л бөө дээр очиж аврал хайна. Олон зуун жилийн өмнө Монголчууд бөө рүү очих хэрэгтэй байсан. Өнөөдөр 21-“р зуунд бөөгийн хэрэг байхгүй. Бөөнүүдийн боловсролын түвшин ямар билээ. Шилжилтийн насандаа яваа бөө болчихсон хүүхдүүд юугаа мэдэх билээ. Амьдрал үзээгүй хүн яруу найраг бичих хэрэггүй гэсэн үг бий. Үүнтэй адил амьдрал үзээгүй юм үзэж нүд тайлаагүй иргэншээгүй бөө нэр хочтой хүмүүс юугаа хүмүүст заах билээ дээ. Бөө нар хүний тархи яаж ажилладаг тухай ухааны ч онол мэдэхгүй шүү дээ. Далд ухамсар гэж хүний доод ухааны тухай буруу орчуулгыг хүртэл ойлгоогүй л яваа шүү дээ. Хүний доод ухааны элдэв алдаануудыг эрт дээр үед бөө нар засаж залруулах гэж оролддог байсан үе бий. Тэр үед бүгдээрээ бичиг үсэггүй ертөнцийг үзэх үзэлч үгүй байсан. Тэр үед алдаа оноогоо ч мэдэхгүй нэг нэгнийгээ балладаг үе л байсан шүү дээ.
Одоо бол тэр цаг үе дэндүү хоцрогдсон шүү дээ. Орчин үе ирчихээд байхад хоцрогдсоноор амьдрах ямар их доройтол вэ.
Яагаад арга билиг хэрэггүй вэ?
Ерөнхий боловсрол авсан хүн хэзээ ч арга билиг ярихгүй. Төвдийн шашинд арга билиг ярихаас биш математик, физик, биолог эсвэл уран зохиол байхад арга билиг хэрэггүй. Ерөөсөө арга билиг хоцрогдсон бүдүүлэг тул ерөнхий боловсролын сургуулиуд байгуулж Монголчууд хүн төрөлхтний мэдлэгтэй танилцсан шүү дээ. Одоо яагаад буцаад бүдүүлэг амьдрал руу зүтгэнэ вэ? Хүн төрөлхтний мэдлэгийн салбаруудын дотор хамгийн их сүүлийн үед хөгжиж буй биологийн салбарт хүн сармагчин хоёр хамаатан гэдгийг олж тогтоожээ. Энэ тухай биологийн номуудыг уншиж мэдлэгтэй болохын оронд яагаад номноос зугатааж арга билиг ярьж болхи явцуу замаар амьдрана вэ?
Хорвоогийн үнэнийг хэлсэн физикийн номыг унших ашигтай. Дэфогийн бичсэн “”Робинзон Крузо” нэртэй номыг уншиж хүн хэрхэн өөрийгөө олж буй тухай суралцах хамгийн зөв. Эдгээр номууд хүн төрөлхтний бүтээлүүд болохоос Монголчуудад огт хамаагүй гадаадын юм биш шүүдээ.
Төвд орноос ирсэн Буддын шашныг бурхан шашин гэдгээр шүтэх болохоос биш тэдэнд өнөөдөр хүчинтэй мэдлэг боловсрол байхгүй шүү дээ. Олон зуун жилийн өмнө мэдэхгүй зүйлсээ лам нараас асуух зөв байсан хэдий ч өнөөдөр бол тэдний мэдлэг боловсрол хоцрогдсон. Тэдэнд танин мэдэхүйн ойлголт байхгүй.
Этик, эстетик эсвэл логик гэх мэт ойлголтууд бүгд л боловсролоор дамжин олох болохоос шашины сэдвүүд биш. Арга билиг нэрийн дор хар эсвэл цагаан, эмэгтэй эсвэл эрэгтэй, сандал эсвэл ширээ гэж үгээр тоглож юу хэлэх гээд буй нь мэдэгдэхгүй тийм хүмүүсийн үе дуусах болсон бишүү. Гүн ухаан нэрийн дор гүехэн ухаан ярьдаг цаг үеийг ардаа орхиж мэдлэг боловсролтой зүйл ярих шинэ цаг ирэх л болно.
Хоосон чанар гэж юу вэ?
Сэтгэл ба мэдрэмж хоёрын ялгааг мэдэж чадвал хоосон чанар гэж юу вэ гэдгийг ойлгох боломжтой. Түүнээс биш хоосон чанар гэж биеэ даасан зүйл хаа ч байхгүй. Бидний ярьдаг “мэдрэмж” гэдэг мэдрэлийн эрхтэнүүдийн мэдэрсэнүүдийг хэрхэн удирдаж чадах чадвар бөгөөд хүний хорвоотой хэрхэн харьцаж буй харьцаанд чухал үүрэгтэй. Амтгүй зүйлийг амттай мэт амтлах эсвэл үнэтэй алт мөнгөнд үнэ өгөхгүй байх гэх мэт бүгд л эцсийн эцэст хүн яаж харж бас яаж мэдэрч байна вэ түүндээ хүн ухамсартайгаар нөлөөлж бас удирдаж чадахыг хэлдэг.
Үнэлж явсан эд бараа үнэгүй болж харагдах цаанаа хоосон зүйл байж дээ гэдгийн баталгаа тул хоосон чанар шүү дээ. Амтлаад л үхчих гээд байсан зүйлийг мэдрэмжээ сайн удирдаж чадвал ямар ч амтгүй зүйл болгож мэдрэх боломжтой. Үүний дараа тэр сайхан гээд байсан амт хоосон л болж амтагдана. Мэдрэмжээс гадна сэтгэл гэсэн чухал ойлголт бол хоосон чанар гэж юу вэ гэдгийг ойлгоход бас л тустай. Мэдрэлийн эрхтэнүүд муудаж мэдрэмж сулрах үед хүний сэтгэл чухал үүрэгтэй. Мэдрэмжээ муудахаар сэтгэлээ удирдаж аливаа зүйлд сайн сэтгэлээр хандаж сайныг сэтгэж чадвал ёстой л хоосон уу эсвэл хоосонгүй юу гэдгийг олж сэтгэдэг болно. Үүнийг л жинхэнэ сэтгэлгээ гэж нэрлэх ёстой.
Бурханыг өөрийнхөө дотроосоо олоо ч
Хүнийг үхэхээр бурхан боллоо гэдэг. Муу үйл хийсэн хүн ч гэсэн үхсэн хойноо бурхан болох гэж үү гэсэн асуулт бас л өнөөдөр орчин үед тавигдах учиртай л асуулт. Улс орноо балласан хүн үхсэн хойноо бурхан болох уу. Үгүй л баймаар. Ард түмнийхээ эд хөрөнгийг хулгайлж дээрэмдсэн хүмүүс үхсэн хойноо бурхан болох гэжүү. Арай ч дээ. Үхсэн хойноо бурхан болох биш амьддаа бурхан болох л хүн ардад тустай.
Тиймээс нүгэлтэнгүүд одоо л бурхан болохгүй бол өнгөрөх нээ. Хүн өөрийгөө олж би тийм л хүн гэж зоригтой хэлж чадахын тулд өөрөөсөө л бүгдийг эхлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд нэг өрөөнд ганцаараа суугаад оюунлаг номнууд уншвал өөрийгөө олоход илүү тустай. Өөрийгөө олох гэж буй хүн оюунлаг ном уншсаныхаа дараа тэр номныхоо тухай бусадтай ярилцвал толгой сэргэж тархи хөгжинө.
Блуумбергийн мэдээ сонсоод тархи хөгжинө гэсэн реклам Улаанбаатарын төв гудамжнуудад тавигдсан байна билээ. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Ном уншиж тархи хөгждөг болохоос биш худлаа үнэн нь мэдэгдэхгүй мэдээ сонсоод тархи хөгжихгүй харин ч ухаан балайрна.
Эх сурвалж: ЦАГ ТӨР сэтгүүл
URL: