Хөлсний байрны эзэд хамраа “сөхөх” цагаар…

Хөлсний байрны эзэд хамраа “сөхөх” цагаар...

Хөдөө, орон нутгийн шинэхэн оюутнууд нийслэлд ирж, сургууль соёлдоо бүртгүүлэн, байр саваа бэлдэх “сезоны үе” эхэлжээ.

Зуны гурван сарын турш эл хуль оргисон нийслэлийн гудамж талбай, автобус унаа хүнээр дүүрч, зунжин гансарсан байр хөлслүүлэгчид хамраа “сөхөх” үе эхэлсэн энэ өдрүүдэд үнэ ханшийн сурвалжлагаа толилуулъя.

100 мянган төгрөгийн чанар аа гэж…

“32-ын тойрогт 100 мянган төгрөгөөр нэг өрөө байр хөлслүүлнэ. Төлбөрийг сар сард нь” гэх зар олны дундаас эрхгүй онцгой харагдана. Нэг өрөө байр битгий хэл айлын хажуу өрөө хаданд гарч, 300 мянгаар хэмжигдэх болсон энэ үед ямар учиртай юм бол…

Байрны эзэн эмэгтэйн хэлснээр автобусны буудлаасаа долоон минут яваад л байрандаа ирэх боломжтой гэсэн ч бараг 15 минут алхав. Улмаар байр хөлслүүлэгчийн зааж өгсөнчлөн гэр хорооллын гудамжаар зүүн, баруун, хойш, урагш мурийж алхсаар үерийн далангийн дэргэдэх цагаан саарал тагжгар байшинд тулж ирлээ.

Урт хонгилын хоёр талд 10-аад хаалга дурайх нь нийтийн байр гэдгийг илтгэнэ. Байрны эзний хэлснээр зар дээр нийтийн байр гэж бичвэл бохир, заваан газар гэж бодоод хүн ирэх нь ховор байдаг гэнэ.

Тиймээс нэг өрөө байр гэдгээр нь онцолж зар гаргасан аж. Хааш хаашаа 15 ам.метр дөрвөлжин өрөөний шалыг цаасан хайрцгаар бүрхсэн нь сонирхол татав. Өвөлдөө хүйтэн байж мэдэх учир дулаалахын тулд ийнхүү цаасан хайрцаг дэвсчээ.

Хананд жижигхэн цагаан гар паар харагдана. Дөнгөж саяхан л өвөлдөө хүйтэн учраас шалаа дулаалсан гэж хэлснээ мартсан байрны эзэн “Хүйтрэхээр гайгүй байх аа. Ядаж л паартай юм чинь” хэмээн хоёр утгатай юм ярих нь муухан байраа хөлслүүлэх хүн олох гэж хамаг л аргаа сүвэгчилж буй мэт. 100 мянган төгрөг дүндээ л дүн бололтой.

Гайхах зүйл алга. 00 гаднаа, өвөлдөө хөлдөх магадлалтай, худаг буудлаасаа 15 минут алхахаар зайтай энэ байранд өдгөө хоёр л өрөө сул үлдсэн байна. Байрны эзний хэлж буйгаар хотод байгаа нийтийн байр дундаас харин ч тансаг нь юм гэнэ. Зарим нь газрын мухарт, хогон дунд байрладаг, навсгар байшин ч бий хэмээн өөрийнхөө байрыг магтан маадгар зогсоно.

Үнэхээр ч 170 мянган оюутны 80 орчим хувь нь хөдөө орон нутгаас ирдэг. Гэтэл тэдний 10 ч хүрэхгүй хувь нь дотуур байранд сууж бусад нь хэрхэхээ өөрөө шийддэг. Ах эгчийндээ сууна гэдэг айлын хүүхэд харж, гэр орон цэвэрлэн, гарч орохоо цагдуулж, хүний аяар амьдрахаас эхлээд учир дутагдалтай. Гэтэл айлын хажуу өрөө хөлсөлье гэхээр дор хаяж 250 мянга, түүнээс дээш. Ингэхээр орон байртай болохын төлөөх дайныг далимдуулан бяцхан бизнесмэнүүд хаа сайгүй “харш” барьж нийтээр нь хөлслүүлэх нь ашигтай гэдгийг олоод харчихсан.

Ер нь энэ зэргийн чанартай нийтийн байрнуудын үнэ ханш 100-250 мянган төгрөгт багтана. Тухайлбал, гандангаас хорооллын эцэс хүртэл, гэр хороолол дахь нийтийн байр 140-250 мянган төгрөгийн ханштай. Аз таарсан нэг нь өрөөн дотроо 00-той байранд орох магадлалтай. Харин арай цэвэрхэн, тохилог нийтийн байрнууд 300 мянган төгрөгөөс буухгүй.

Ер нь нийтийн байрны үнийн хувьд харьцангуй уян хатан. Сар сардаа төлөх боломжтой. Нийтийн байр л гэхээр бохир, заваан, болж бүтэхгүй хүнээр дүүрэн гэх ойлголт ард хоцорчээ. Бичил хороолол, Улсын их дэлгүүрийн ард, 1 дүгээр хорооллын зарим нийтийн байр нэг өрөө байрнаас дутахааргүй зохион байгуулалттай, тохилог аж. Айл бүр бүргэд хаалга, паркетан шал, вакум цонхтой, өрөөн дотроо цэвэрхэн 00-той нийтийн байр 300-350 мянган төгрөгийн ханштай. Сонсголон, Орбит зэрэг төвөөс хол байрлах нийтийн байрны хувьд интернэттэй, өрөөндөө 00, устай арай хангамж сайтай нь 200 мянган төгрөгт олдох аж.

Мөн 100 айлын “Жоби” төвийн араар нийтийн байрны хотхон бий болжээ. Хоёр давхар, цагаан саарал 10-аад орон сууц бүгд нийтийн байрны журмаар ашиглагддаг. Энд нэг өрөө байр дунджаар 250 мянган төгрөгийн ханштай. 30 ам.метр бүхий нэг өрөөнөөс бүрдэх уг нийтийн байранд амьдрахад бие засах асуудал хүндрэлтэй юм.  Хоёр давхраас бууж гадаа гарна. Байрны дундах амбааруудыг тойрч, хоёр байшингийн нарийн хонгилоор алхаж гарахад 00 харагдана.

Ялгадас, шээсэн дээр нь хальтирч унамаар цементэн 00 байх бөгөөд 4-5 тасалгаа бүхий бие засах газрын эхүүн үнэр хамар цоргино. Гадаа 00-той, хоёр гурван байшин тойрч алхаж байж худгаас ус авна. Гэхдээ л энэ нийтийн байр эрэлт ихтэй байдаг гэнэ. Худгаас ус авч, гадаа бие засах нь гэр хорооллоос ялгаагүй ч гэсэн ядаж л гал хөс түлэхгүй дулаан нь нэг давуу тал юм байна.

Чи хөдөөний охин уу

“Миний дүү хөдөөний охин уу. Ганц бие байвал бүр сайн байна” гэх 30 гаруй насны эмэгтэйн дуу утасны цаанаас гарч, байраа ирээд үзэхийг уриалгахан санууллаа. Энэ эмэгтэй хоёр охины хамт 11 дүгээр хороололд гурван өрөө байрандаа амьдардаг. Тохьтой томоотой, болж өгвөл хөдөөний охиныг хажуу өрөөндөө суулгах хүсэлтэй байгаа гэнэ.

“Хөдөөний хүүхдүүд амар байдаг юм. Хотын задгай охид шиг шөнө орой явж, хүн амьтан цуглуулаад байхгүй. Ядаж л чих зөөлөнтэй” хэмээн хэлэх нь “Чи хүн цуглуулж, орой шөнө гарч орж болохгүй шүү” гэх санааг давхар цухуйлгана. Хөлслүүлэх хоёр өрөөний үнэ 300, 350 мянган төгрөг. Нэг нь наран тал руугаа харсан, нөгөө нь сүүдэртэй учраас ийнхүү ялгаатай байгаа аж.

Төлбөрийг дор хаяж зургаан сараар авах бөгөөд ус тогны мөнгө дотор нь орсон гэдгийг тайлбарлана. Энэ эмэгтэйн хэлснээр өвөлдөө дулаан, тохь тухтай, хотын төвийн ийм хажуу өрөөнд 300 мянга гэдэг боломжийн үнэ юм байх.  Ер нь 11 дүгээр хороололд байрлалтай хажуу өрөөний үнэ 300 мянгаас буухгүй бололтой. Хэд хэдэн хажуу өрөө сонирхвол 300-350 мянган төгрөгийн ханштай.

“Нэгдүгээр хороололд хажуу өрөө хөлслүүлнэ. Сар сард нь төлбөрөө хийж болно” гэх зарын дагуу утасдвал яах ийхийн зуургүй “Аль нутгийн хүүхэд вэ. Ажилладаг уу” гэж асуух нь өмнөх эмэгтэйн хэлснээр даруухан охин суулгах хүсэлтэйг нь илтгэнэ. Ер нь байр хөлслүүлэгчдийн хувьд хөдөөний охин, эсвэл ажил хийдэг ганц бие эмэгтэй байвал давуу тал гэж үздэг бололтой.

Харин байр хөлслөхөд эрэгтэйчүүдийн хувьд хүндрэлтэй байдаг аж. Архи дарс ууна, 00-ын өрөөнд тамхи татна, хүн цуглуулна, орой шөнө орж гарна гэх зэргээр эрчүүдийг тойрсон асуудал их учраас тэднийг өрөөндөө суулгах нь байрны эздийн хувьд толгойны өвчин болдог гэнэ.

“Чи ганц бие үү. Найз залуу чинь ирж байх уу”, “Эрэгтэй хүнд хөлслүүлэхгүй”, “Оюутан банди нар хөдөлгөөнтэй болохоор хөлслүүлмээргүй байна” зэрэг үг байрны эздийн амнаас гарах нь олонтаа.

“Эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэлгүүр, баяр, эрхийг нь хамгаалах өдөр гээд бүсгүйчүүдэд зориулсан зүйл их мөртлөө эрчүүдэд эрүүлжүүлэхээс өөр юм байна уу” гэдэг үг л санаанд орох шиг.

Одоогоос гурван жилийн өмнө байсан бол хоёр оюутан 300 мянган төгрөгөөр тохь тухтай нэг өрөө байр хөлслөх боломжтойсон. Тэгвэл өнөөдөр юун нэг өрөө. Хүний эрхэнд байж, гарч орох, найз нөхдөө авчрахад ч хатуу хяналттай хажуу өрөөний ханш 200-300 мянга болжээ.

Одоогоос яг жилийн өмнө хотын төвд, байрлах хажуу өрөөний дундаж үнэ 150-200 мянган төгрөг байсан цаг эрт үеийн үлгэр болж хувирсан бололтой. Одоо бол хотын захад байрлах, буудлаасаа хол, жижигхэн хажуу өрөөг л 200 мянган төгрөгт хөлсөлж сууна. Хотын төвд байрлах, том өрөөтэй, цэвэрхэн хажуу өрөө олохын тулд дор хаяж 250-300 мянган төгрөгтэй байх шаардлагатай. Гэхдээ дор хаяж гурван сараар мөнгөө төлнө.

Ихэнхдээ зургаан сараар мөнгөө төлж байж хажуу өрөөндөө орох боломжтой юм гэнэ. 11 дүгээр хороолол, МУИС, МУБИС, ШУТИС-ын ойролцоох хажуу өрөө ихэнхдээ 270-300 мянган төгрөгийн ханштай байгаа юм. Харин гал тогооны жижиг өрөөг 200 мянган төгрөгөөр хөлслөх боломжтой.

Тэгвэл төмөр замаас баруун тийш 10, 1 дүгээр хороолол, таван шар хүртэл 220-250 мянган төгрөгт олдоно. Харин цайз 16, Улаанхуаран, Сонсголон, Нисэх зэрэг хотын захын байрнуудад хажуу өрөө хөлслөхөд 200 мянган төгрөгтэй байхад л болох юм байна.

Мөнгө, цагаа хэмнэж ханиа олох боломж

“Ганц бие оюутан охинтой хамтарч өрөө хөлсөлнө. Байр бэлэн” гэх хачирхалтай зарын дагуу утас цохиж үзэв.
-Сайн байна уу зарын дагуу ярьж байна?
-Аан за. Чи хэддүгээр курс вэ, ганц бие үү?
-Энэ жил хоёрдугаар курсэд орно. Ганц бие. Яагаад энийг асууж байгаа юм бэ?
-Зүгээр нэг өрөөнд амьдрах юм чинь таньж авах гээд л. Чи фэйсбүүкээ өгч болох уу?
-Яах гэж тэр вэ. Би харин байраа үзэж болох уу?
-Тэрнээс өмнө чамайг хармаар байна. Чи өөрийгөө хөөрхөн гэж боддог уу. Битгий буруугаар ойлгоорой?
-Би зүгээр хамт амьдрах болохоос чамтай суух гээгүй шүү дээ.

Ингэж хэлснээр яриа өндөрлөв. Залуугийн дургүй нь хүрсэн бололтой, утсаа тасалж орхив. Зар харж байхад учир битүүлэг, танилцах зар ч гэж андуурмаар зүйл бичсэн байх юм. “Хажуу өрөө хөлслүүлнэ. Оюутан охин бол үнэгүй”, “Ганц бие, дажгүй эмэгтэйг хажуу өрөөндөө хямд суулгана” гэх мэт.

Твиттертээ ийм төрлийн зар тавьсан 25 орчим насны ганц бие залуугийн хэлснээр “Ажил ихтэй учраас хажуу өрөөндөө гайгүй охин суулгачихвал танилцаж, уулзахад цаг хугацаа их шаардахгүй амар байдаг” хэмээн хэлж байсан удаатай.

Хуурамч байрны эзэд олширчээ

Нэг өрөө байрны хувьд том жижиг, гал тогоо салангид, тусдаа байдгаасаа хамаараад 500-600 мянган төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, Сансар, 13, 11, 3, 4 дүгээр хороололд нэг өрөө байр 550-600 мянган төгрөгийн үнэтэй. Нэг өрөө байрны хувьд эзэд нь хөлслүүлэгчидтэй тэр бүр уулзахгүй учраас дор хаяж зургаан сараар төлбөрөө төлөх ёстой аж.

Нэг өрөө байр хөлслөхөөр зэхэж байгаа бол дунджаар 3.6 сая төгрөг бэлнээр төлөх хэрэгтэй болно. Энэ бол зөвхөн хоосон өрөө хөлслөх үнэ ханш. Харин тавилгатай, тохьтой, гал тогоо тусдаа нэг өрөөний хувьд 650 мянган төгрөгөөс наашгүй. Арай хямдаар хөлслөх бол мэдээж хотын захад 500-550 мянган төгрөгөөр хөлслөх юм. Гэхдээ энэ төлбөрт тог, ус, байрны мөнгө ороогүй. Байр, тог усны мөнгөө төлөхөөр дээрх төлбөр дахиад л нэмэгдэнэ гэсэн үг.

Зарын дагуу утсаар холбогдвол “Та өөрөө суух уу. Яг хэдэн хүн байх вэ” гэж лавлаж, баталж асуух нь элбэг. Учир нь сүүлийн үед 1-2 өрөө байрыг тэр чигт нь хөлсөлж аваад өөр хүнд дамлах явдал их болжээ. 500 мянган төгрөгөөр нэг өрөө байр хөлсөлсөн бол түүнийгээ эргүүлээд 600 мянгаар өөр хүнд дамлах болсон нь эздийн санааг зовоодог аж.

Хорооллын эцсийн СОТ-ын байранд нэг өрөө хөлслүүлнэ гэх эмэгтэй “Хоёр хүн л суулгана. Өмнө нь хоёр охин суухдаа гал тогоогоо давхар өөр хүнд хөлслүүлсэн байсан. Манай жижүүр айхтар юм болохоор танайхаар байнга олон хүн орж гардаг гэж хэлэхээр нь мэдсэн” гэв. Энэ мэтчилэн дам дамандаа хөлслүүлэх, гал тогоондоо өөр хүн суулгах зэргээр байрны эзэн шиг аашлах явдал их гарах болжээ.

Ийнхүү хөдөө орон нутгийн оюутнууд хотыг зорьж, хөлсний байрны эзэд үнээ нэмж хамраа “сөхөх” цаг нэгэнт иржээ.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих