“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино ирэх сард нээлтээ хийнэ

67ce2569c0001bd75b780f1d763f2ed5_L“Хувьсал” продакшны уран бүтээлчид кино урлагт хүч сорихоор болж, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор дэлгэцийн уран бүтээлийнхээ гарааг эхлүүлэхээр болжээ.

Өнөөдөр уг киноныхоо дуу болон трейлерийг хэвлэлийнхэнд танилцуулж, анхны уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Кино зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин СТА Д.Ганцэцэг бичиж, найруулагчаар нь МУГЖ У.Уранчимэг ажилласан байна. Гол дүрд жүжигчин МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг, мөн ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин СТА М.Бямбаа тогложээ. Уг киног 1981 оны түүхэн  үйл явдлаар сэдэвлэн бүтээсэн бөгөөд сүүлийн үеийн “red one” камерыг ашиглан “UB” фильмтэй хамтарч киноны зураг авалтыг хийжээ. Киноны дууг дуучин У.Уранцэцэг, Б.Маралжингоо, Э.Агиймаа нар амилуулж, үгийг “UBS” телевизийн хөтлөгч, сэтгүүлч П.Одгэрэл зохиосон байна. Тус кино есдүгээр сарын 12, 13-нд “Тэнгис”, “Өргөө” кино театрт нээлтээ хийнэ. Хэвлэлийн хурлын үеэр жүжигчин СТА Д.Ганцэцэгээс киноных нь талаар тодрууллаа.

-Кино зохиолоо ямар сэдвээс санаа авч, хэдий хэр хугацаанд бичиж дуусгав?

-УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байхдаа кино зохиолоо бичсэн. Яг нэг жилийн хугацаанд бичлээ. Жүжигчин МУГЖ У.Уранчимэг, жүжигчин А.Ганчимэг нар зохиол бичих явцад тусалж санаа ихээр өгсөн өөрөөр хэлбэл хамтарч бичсэн гэж хэлж болно. Зохиолын гол санаа бол хүн хүнээ хайрлах сэтгэл, ялангуяа хатуу хүтүү нийгэмд эмэгтэй хүнийг хайрлах хайрыг харуулахыг зорьсон юм. Ер нь хаана ч аль цаг үед ч хайр байсаар л байсан, энэ тухай 1981 онд болсон үйл явдлаар өгүүлсэнээрээ онцлог болж чадсан юм.

-Киноны нэрийг яагаад “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэж өгөх болсон юм бэ?

-Бид маш их бодсон, олон ч нэр өгсөн, харин киноны найруулагч У.Урнаа эгч энэ нэрийг зөвлөж бид дэмжсэн. Нэрний утгын хувьд, цэцэг хэзээд талд л ургадаг, хэрэв хүлэмжинд ургуулвал тэр цэцэг зүгээр л таримал болчих учраас цэцгийг эмэгтэй хүнтэй зүйрлүүлж, цэцэгсийг үргэлж талд нь эрх чөлөөтэй ургуулаасай гэх бодлоос энэ нэрийг өгсөн юм.


URL:

Сэтгэгдэл бичих