УИХ гишүүн асан Р. Бадамдамдин уранаар хөлжих гэсэн томчуудынхаа учрыг олохгүй будилж явна

Монголын ураны баялаг хойд урд хоёр хөршөөс гадна арлын Япон зэрэг хэд хэдэн улсын хорхойг хүргэж, энэ салбарт далд тулаан эхлүүлчихээд байна. Монголын тал уранаа бүхэлд нь биш ч гэсэн нэлээд хэсгийг нь өөрийн эзэмшилд барьж үлдэхийн тулд “Мон-Атом” гэдэг төрийн өмчит компани байгуулан даргаар нь УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдинг томилсон юм.Тэрээр С.Баярын засгийн газрын үед Японтой гэрээ хийж 60 сая ам.доллар босгож, энэ амжилтаа ахиулахын тулд дахиад Канадтай гэрээ хийтэл Орос ах нар дургүйцэж эхэлсэн юм. Оросын Ерөнхийлөгч Д.Медведев манайд айлчлах үеэрээ нэг их таатай хандаагүй. Тиймээс ч Монголын “Мон-Атом”, Канадын “Хан ресурс” компаний хооронд байгуулсан санамж бичиг шуугиан тарьж эхэлсэн юм. Тэгэхээр нь манай Цөмийн энергийн газраас тэрхүү санамж бичгийг нь саяхан хүчингүй болгож орхисон. Монголын төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг монголчууд өөрсдөө эзэмших хуультай. Үүний дагуу л уг санамж бичиг хийгдсэн атал хаанаас хэний нөлөөгөөр хүчингүй болгосны учрыг ойлгоход төвөгтэй болжээ.

Р.Бадамдамдин ч энэ гомдлоо нуусангүй. Гэтэл 2009 онд Д.Медведев айлчлах үеэрээ “Хан ресурс”-ийн эзэмшиж байгаа хувийг авахаа улаан цагаан хэлээд буцсаныг харин учрыг мэдэх хүмүүс нь одоо л хэлж эхлэв бололтой. Далд тулаан иймэрхүү замаар өрнөдөг аж. Тэгвэл нөгөө талд нь Хятадын цөмийн эрчим хүчнийхэн Оросуудаас өрсөөд “Хан ресурс”-ын хувьцааг 52 сая ам.доллароор худалдаад авчихжээ. Тэдэнд бас хэн зуучилж орхив гэдэг нь дахиад л оньсого таахтай бараг адил боллоо. Өнөөдөр Торонтогийн бирж дээр Орос, Хятад хоёр ана мана өрсөлдөж байгаа гэнэ. Юуны төлөө вэ. Мэдээж зөвхөн Монгол дахь ураныг хамж авахын тулд л тэд тулаанаа тэнд үргэлжлүүлж байгаа аж. Харин юмны эзэн сумны занги болсон Монголын талаас энэ хоёрын өрсөлдөөний дундуур олигтой юм огт хийхгүй, харин ч аль алинд нь тал алдахгүйгээр төрийн өндөр сэнтийг зайдалсан цөөн хэдэн хүн хувьдаа мөнгө саахын төлөө улайрч байна. Манайхаас зөвшөөрөл авалгүйгээр Торнотогийн бирж дээр Орос, Хятадын компаниуд Монгол гэсэн шошготой ураны нөөцийн төлөө өрсөлдөж байгааг ингэж л ойлгохоос өөр яах билээ. Монголын төр засгийн томчууд юу л болоод байна даа. Ураны нөөцөөрөө дэлхийд 18-д, Азид долоод ордог улсын хувьд Монголчууд бид том дуурч байхаас аргагүй. Эс тэгвээс их гүрнүүдийн идэш болоод дуусна. Харамсалтай нь сүүлийн үед Дорнод Монголын маань ураныг хэдэн дарга нар хааш нь зөөж, хэнтэй нь хувааж идэх гээд байгааг жирийн иргэд бүү хэл Монголынхоо талыг төлөөлж ураны үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа Р.Бадамдамдин ч тааж мэдэхгүйд хүрчээ. Оросын “Дорнод уран” компани манайхны эзэмших ёстой 51 хувь руу дайрч эхэлсэн бололтой.

Энэ компани нь Монгол Оросын хамтарсан гэх боловч далдуур Орос ах нар бүхэлд нь атгаад сууж байна. Тэд Р.Бадамдамдинг эвтээхэн “алгадаж” хаячихаад “Дорнод Уран” компанидаа манай эзэмшлийн 51 хувиас авахаас сийхгүй улс. Ер нь “Мон-Атом” нь монголын хэдэн олигархиудын хэтэвчээ зузаалахын тулд чимээгүйхэн байгуулчихсан компани гэдэг нь ч нууц биш болж байна. Гагцхүү хэн нь хэдий хэмжээний мөнгө авах вэ гэдэг дээр манай томчууд толгойгоо гашилгасаар сүүлдээ “Дорнод Уран” гэх компани нь Оросынх уу, Монголынх уу, эсвэл Хятадынх уу гэдгийг ялгаж танихаа болих нь ээ.

луйвар


URL:

Сэтгэгдэл бичих