АН-ынхан холимог тогтолцоог сонгох гээд МАН-ын бүлгийн удирдллагуудыг сандаргав
Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр үдээс хойш 16.00 цагт хийхээр байв. Танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гэсэн дарааллаар цувран орж ирлээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын зарим гишүүдийг хүлээж суух хооронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Монголд л тохирсон стандарт бус хууль гэсэн хувилбар танилцуулав даа” хэмээн ёжилсон маягаар хэлэхэд АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Та битгий худлаа ингэж бай” хэмээн янзгүй хэлэх нь дуулдана. Тэгтэл байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Яагаад уурлаад ч байгаа юм шиг гэнэт сонин юм яриад унав аа” гэж Ж.Батсуурь гишүүнд хандан хэлэхэд тэнд байсан гишүүд инээд хөөр болцгоов. Ингээд МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар орж ирснээр хурал эхлэв. Энэ үед Ж.Батсуурь гишүүн гарчихаад буцаж орж ирэхдээ бүлгийн даргынхаа хажууд очиж суусан юм. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд мэдээлэл хийсэн юм. Тэрээр УИХ-д суудалтай хоёр намын бүлэг холимог тогтолцоог сонгохоор тогтсон. Д.Лүндээжанцан, Л.Болд нарын гишүүдийн санаачилсан хоёр хуулийн төслийг нэгтгээд холимог хувилбарыг сонгох зарчмын зөрүүтэй 200 гаруй саналыг ажлын хэсэг гаргасан.
Үүнээс одоо байнгын хорооны хуралдаанаар 30 гаруй саналыг нь танилцуулж санал хураана. МАН-ын бүлгээс ирүүлсэн саналд Сонгуулийн тухай хуулийн тогтолцоотой хамаатай биш процедурын асуудлаа эхлээд ярья гэсэн. АН-ын бүлэг ч үүнтэй төстэй санал гаргаж, Сонгуулийн явцын тухай, тогтолцоотой холбоотой тусдаа хууль гаргаж болно гэсэн санал ирүүлснийг хэлэв. Хоёр хуулийн төслийг нэгтгэж ажлын хэсгийн дүгнэлтийг Сонгуулийн хуулийн төсөл гэж ойлгоно гэсэн утгатай зүйл хэлээд санал хураахаар болов. Эндээс гишүүдийн дунд асуулт хариулт өрнөж эхэллээ. Түүний үгийг сонсоод МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Ингээд хуулиа шууд батлах гэж байгаа юм уу” гэж асуув. Тэгэхэд байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Эхлээд зарчмын зөрүүтэй 30 саналаараа санал хураая. Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг эхэлж байна” гэв.
Д.Дондог: Тэгээд ажлын хэсгийн дүгнэлтийг Сонгуулийн хуулийн төсөл гэж үзэж байгаа юм уу.
Н.Энхболд: “Хоёр гишүүний санаачилсан хуулийн төслийг нэгтгэсэн. Энд орхигдсон юм байхгүй” гэхэд Ж.Батсуурь гишүүн гараа өргөсөөр ингэж хэлэв. “Хоёр хуулийн төслийг нэгтгэхийг төсөл санаачлагчид нь зөвшөөрсөн юм уу. Аливаа айл өрх гэртэй болохоо мэдэхгүй байж материалаа цуглуулаад эхэлдэгтэй адил юм болж байна. Одоо шууд холимог хувилбарыг сонгоё гэж санал хураах гээд байгаа юм уу. Хувилбараа нарийн тохирч тогтоогүй байж ингэж болж байна уу” гэлээ. Тэгэхэд нь Н.Энхболд “Хоёр намын бүлэг холимог болгоё гэдгээ тогтсон учраас УИХ-аас ажлын хэсэг байгуулсан шүү дээ”.
Ж.Батсуурь: Тийм шийдвэр хаана, хэн гаргасан юм” гэж асуулаа. Тэгэхэд нь байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Намын бүлгийн ахлагч нар мэдээлэл өгөх хэрэгтэй болох нь дээ” гэв. Ингээд Ч.Сайханбилэг:
-Манай намын бүлгээр энэ асуудлыг дөрвөн удаа хэлэлцсэн. Тэгээд холимог тогтолцоог сонгоё гэдэг дээр тогтсон. Гэхдээ нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт дээр сонгогч намыг дугуйлах уу, нэр дугуйлах уу гэх мэтийн хоёр асуудал дээр МАН-тай тохироогүй байсан юм. Тэгээд ажлаа эхлүүлье. Сонгуулийн хуулийг хурдан баталъя гэхээр зарим гишүүдийн зүгээс ийм зүйл ярьж, саад болдгоо болиоч” гэхэд Д.Лүндээжанцан:
-Ажил явуулах шаардлага бий. Гэхдээ эхлээд сонгуулийн үеэр гардаг маргаан будлиан, ухуулга сурталчилгаа, санал тоолох процессыг хуулиар яаж зохицуулахаа ярья. Тогтолцооны асуудлаа шууд оруулах нь саад учруулах магадлалтай. Үүнийг сүүлд нь хэлэлцье. Ерөнхийлөгч ч саналаа удахгүй ирүүлэх байх. Миний хувьд улс нэг тойрогтой байх нь зөв гэсэн байр суурьтай байгаа” хэмээцгээлээ. Үүнийг сонссон Ж.Батсуурь гишүүн “Тээр МАН-ын бүлэг саналаа нэгтгээгүй л байна шүү дээ” гэхэд Ч.Сайханбилэг “Ардын намын бүлэг ингэж байхаа болиоч ээ” хэмээн бухимдлаа.
Тэгтэл Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Д.Энхбат “МАН сүүлд болсон Их хурлаараа Сонгуулийн хуулийн талаар нэлээд ярьсан. Ерөнхий сайд байсан С.Баяр ч пропорциональ тогтолцоог дэмжиж байлаа. Долоо хоногийн өмнө улс төрийн намуудын удирдлагууд уулзахад Д.Лүндээжанцан дарга иймэрхүү юм ярьж байсан. Хоёр гишүүний санаачилсан хуулийн төсөл аль аль нь пропорциональ тогтолцооны тухай байгаа. Тэгээд ч сүүлийн үед сонин хэвлэлээр гарч байгаа мэдэгдлүүдийг харахад пропорциональ тогтолцоон дээр тогтох нь гэсэн ойлголт төрж байсан. Ер нь МАН хоёр замаар битгий яваач ээ гэж хүсье. Улс төрийн намуудыг бүр үймүүлж гүйцлээ” гэв.
Хариуд нь Н.Энхболд гишүүн “УИХ-д өргөн барьсан хоёр хуулийн төсөл хоёулаа 100 хувь пропорциональ байгаа. Энэ хоёрыг нэгтгээд гаргавал ч ядах юмгүй. Ажлын хэсэг нэг өдөр суугаад л хуулийн төслийг нэгтгээд пропорциональ болгочихно. Даанч бид ухарчихаад холимог болгосон юм” гэлээ. Тэндээс Х.Тэмүүжин гишүүн “Сонгуулийн хуулийн төсөл нэг жил гацлаа. Одоо нэгдсэн дүгнэлт гаргая л даа” гэвэл Ч.Сайханбилэг гишүүн үргэлжлүүлээд “Манай намын бүлгийнхэн холимог тогтолцоог дэмжсэн. Ажлаа ярья гэлээ. Тэгээд хэн нь юу ярьж байгааг харж байна уу” гэв.
Өөдөөс нь Д.Лүндээжанцан гишүүн “Ажлаа хурдалъя л гэж байна. Гэхдээ эхлээд процедурын асуудлаа, сүүлд нь тогтолцоогоо ярья гэсэн юм” гэхэд Х.Тэмүүжин гишүүн “Танай нам үнэндээ шийдвэрээ гаргасан юм уу” хэмээн асуув. Хариуд нь МАН-ын бүлгийн дарга “Холимог хувилбарыг сонгох санал хураалт явуулна гээд байнгын хороогоор гэнэт оруулаад ирлээ” гэж хэлэв.
Тэгтэл байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Гэнэт биш шүү дээ. Хоёр намын бүлэг эртнээс холимог тогтолцоог сонгоно гээд тогтчихсон байсан асуудал биз дээ” хэмээн бүлгийн даргынхаа өөдөөс дуугарав. Энэ үед ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд “Тэгвэл пропорциональ тогтолцоог сонгох эсэх дээр санал хураачихъя л даа. Манай намын бүлгийн удирдлагууд ингэж байгаа бол” гэж хэлсэн ч байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Сонгуулийн тогтолцоог холимог хувилбараар өөрчлөх нь зөв гээд санал хураачихъя” гэв. Үүнийг сонссон АН-ын бүлгийн гишүүд цөм уухайн тас гараа өргөв. Тэр үед Д.Лүндээжанцан гишүүний царай мэнчийтлээ хүрэнтэж, суудалдаа тогтож ядан байхад Д.Дондог гишүүн “Шууд ингэж тулгаж болохгүй шүү дээ” гэснээр санал хураалт саатлаа.
Энэ үед Н.Энхболд “Бүтэн жил холимог гэж ярьчихаад одоо мэдээгүй юм шиг дүр үзүүлэх юм. Ажлын хэсэг гэнэт ийм юм яриад ороод ирсэн юм шиг үзэж байгаа бол хүлээж авахгүй шүү. Холимог гэж санал хураагаад унавал пропорциональ болгож болно” гэвэл Д.Лүндээжанцан “Хялбарчлаад байна шүү дээ. Гадаадад байгаа иргэд саналаа яаж өгөх юм энэ тэр гэдгээ эхлээд ярья л даа” гэж зүтгэв.
Аргаа барсан байнгын хорооны дарга “Лүндээ даргаа тэрийг яриад яахав. Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа” гэхэд Ч.Сайханбилэг гишүүн “Ж.Сүхбаатар даргаа түрүүнээс хойш хэлээ зажилж суулаа. Ингэвэл өөр шүү. Су.Батболд гишүүн сонинд өгсөн ярилцлагадаа “АН-ынхан хамаг ажил гацаахаа болих хэрэгтэй” гэсэн байна лээ. Гэтэл өнөөдөр бид ажил ярья гэхээр та нар ингэлээ” гэж бухимдахад Д.Лүндээжанцан гишүүн тэндээс “Тэгээгүй” гэж хариу барих нь сонсдов. Ч.Сайханбилэг гишүүн ч өөдөөс нь “Одоо тэгээгүй яасан юм, та нар” хэмээн дайрлаа.
Хажуугаар нь Х.Тэмүүжин гишүүн “Тойрог товлочихоод тэрийгээ алдчихна гэж айгаад байгаа юм уу” хэмээн Ж.Батсуурь, Д.Лүндээжанцан нарын гишүүд рүү харж хэлэхэд тэд дуу дуугаа аван эсэргүүцэх нь тэр. Зэрэгцэн суусан тэр хоёр хурлын туршид шивнэлдэж байсан юм.
Хурал хойшлох болчихоод байсан тэр үед Ч.Сайханбилэг гишүүн “Сонгуулийн хууль батлахгүй гэж байгаа юм байна л даа. Ам ажил хоёр нь байнга зөрж байх юм” гэж бухимдахад Х.Тэмүүжин гишүүн “Жижиг 76-г хүсч байна гэдгээ хэлчихээч. Тэгээд тэр Даваанямтайгаа очиж ноосоо шатаа” гэж Ж.Батсуурь гишүүн рүү дайрахад тэрээр инээмсэглэсээр гарч одов. Тэгтэл байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Хурал хойшиллоо. Гишүүдийн микрофоныг хаа” хэмээн сандрав. Ингээд тус байнгын хорооны гишүүд “Юу болоод өнгөрөв өө” гэцгээсээр тарсан юм.
Хурлын дараа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь , МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог нараас тодруулга авав.
URL: