Хазем Беблави: Иргэний дайн болгохгүйн тулд бүхий л арга хэмжээг авна
Египетэд дахин төрийн эргэлт гарч, шинэ эрх баригчид нь Хосни Мубаракийг суллан оронд нь “Мусульманы ахан дүүс” бүлэглэлийн тэргүүнийг баривчилсан. Энэ хооронд олон хүний аминд хүрсэн тэмцэл өрнөсөөр байна.
Үүнтэй холбогдуулан Египетийн Ерөнхий сайд Хазем эль-Беблави “АВС” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэе.
-Таныг иргэний дайн болох вий гэж болгоомжлохгүй байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн. Та үнэхээр иргэний дайныг хүсэж байна гэж үү?
-Иргэний дайн, улсын шинэчлэл, нийгмийн цэвэршил, хүмүүсийн ухамсрыг ариусгах зэрэг нь бүгд нэг л ойлголт. Та бүхэн үүнийг иргэний дайн гэж хүлээн авч байгаа бол би тэгээгүй. Надад бол ард иргэдээ аврах давалгаа, улс орноо харийн зандалчингуудаас цэвэрлэх зам гэж ойлгогдож байгаа. Тийм ээ, би иргэний дайныг нэг талаараа хүсэж байна. Нөгөө талаараа ганц ч хүний аминд хүрэхгүйгээр хуучны Египет улсаа сэргээхийг хүсэж байна. Манай орны ихэнх иргэд үүнтэй адилхан бодолтой байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Иргэний дайн болбол гадны улс орнууд танай улсад нэвтрэх боломжийг эрэлхийлнэ, тийм үү?
-Миний бодлоор иргэний дайны үнэн мөн чанарыг зарим их гүрэн ойлгодоггүй бололтой. Эсвэл ойлгож байгаа атлаа үл тоомсорлодог байх. Яг өнөөдрийн байдлаар манай ард түмэн хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мурсийг дэмжиж, түүнийг суллахыг шаардан жагсаал хийж байна. Нөгөө хэсэг нь түүний буруутай үйлдлийг хуулиар батлан, олон түмэнд ил болгохыг хүсэж байна. Миний хувьд бүх зүйл хууль хяналтын байгууллагын шийдвэрээр тодорхой болно. Иргэний дайн болсон тохиолдолд гадны түрэмгийлэгчид өөрсдийн байр суурийг илэрхийлэх цаг ирнэ. Одоо ч зарим улс үнэн мөн чанараа харуулаад байгаа.
-Танай улсад иргэний дайн гаргахгүйн тулд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс болон Кувэйт зэрэг гурван орон тэрбум ам.долларын хөрөнгийг тусламж хэлбэрээр шинэ Засгийн газарт өгсөн. Энэ мөнгийг юунд зарцуулах төлөвлөгөөтэй байна вэ?
-Үндсэндээ гурван орны буцалтгүй тусламж гэж 1.3 тэрбум ам.долларын хөрөнгийг шилжүүлсэн нь үнэн. Энэхүү мөнгийг АНУ-аас зэр зэвсгийн тусламж хүсэхгүйгээр өөрсдөө асуудлаа шийдээрэй гэж өгсөн юм. Үүсээд байгаа хурцадмал байдлыг хэвийн болгохын тулд бидэнд цагдаа, цэргийн хүчний бие бүрэлдэхүүн хэрэгтэй. Мөн иргэд хохирч байгаа учраас нөхөн олговор олгох зэргээр олон зүйлд зарцуулах талаар Засгийн газрын гишүүн санал бодлоо солилцож байна.
-Мусульманы ахан дүүс бүлэглэлийн шашны тэргүүн Бадие баривчлагдсан. Үүнийг та хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Тэрбээр баривчлагдахаасаа өмнө “АНУ болон Египетийн дунд үүсээд байгаа үл ойлголцолд хүлцэл өчмөөр байна. Талууд энэ байдлыг ухамсарлан цаг тухай бүрт нь шийдвэрлэж чадна гэж ойлгож байгаа” гэж хэлсэн. Үнэндээ тэд биш, бид АНУ-д хэрэгтэй. Бид бол АНУ-д олдох үнэтэй боломж, үнэтэй ард түмэн. Тэд биднээр дутах учиртай. Мусульманы ахан дүүс бүлэглэлийн тэргүүн, гишүүд нь янз бүрийн бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тэр ч үүднээс сүүлийн таван жилд тус бүлэглэлийн гишүүдийн талаарх мэдээлэл дутмаг. Би шударга л яръя. Эх орноо би террорист бүлэглэлд даатгамааргүй байна. Хэдий дарангуйлагч байсан ч Хосни Мубарак нийгмийг арай ийм хэмжээнд авч явдаггүй байсан нь гашуун үнэн. Түүх үүнийг батална.
-Түүнийг суллах болсон шалтгааныг бус суллаж байгаа цаг үеийг би анхаарч үзмээр байна. Түүнийг суллах шийдвэрийг яагаад гаргасан юм бол. Ард түмэн хэрхэн дүгнэж байна вэ?
-Хууль хяналтын байгууллага, шүүх прокурорынхон Хосни Мубаракийн ялын хэмжээг тогтоож, буруутай эсэхийг нь шүүсэн. Засгийн газрын дүгнэлт гарсан. Түүнийг би ямартай ч ойрын дөрвөн жил улс төрд ойртохгүй гэдгийг баттай мэдэж байна. Ард түмэн бас л өөрсдийнхөөрөө хүлээн авч байгаа шүү дээ. Түүний насны хүн дахиж улс төрд орох хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Шинэ залуу үеийнхэн Египетийг авч явах цаг ирсэн гэж ойлгож байгаа. Түүнийг суллах шийдвэр гарсны дараа мянга, мянган хүн гартаа ямар ч зэвсэг барилгүй тайван жагсаал хийсэн гэж дуулсан. Гэхдээ Засгийн газрын тэргүүний хувьд би тайван байдлаа хадгалахыг уриалсан.
-Танай улсад онц байдал зарласантай холбогдуулж олон улсад газрын тосны үнэ өссөн байна. Тэгэхээр энэхүү онц байдлыг хэзээ цуцлах вэ?
-Манай улсын улс төрийн тогтворгүй байдал, үймээн самуун олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэд нөлөөлсөн нь үнэн. Брэнт болон бусад маркийн газрын тосны баррель тутмын үнэ 100 ам.доллараас дээш гарч, сүүлийн 14 сар дахь хамгийн өндөр үзүүлэлттэй болоод байна. Брэнт маркийн тос л гэхэд нэг өдрийн дотор 1.76 хувиар өссөн байгаа юм. Баррель нь 105.76 ам.доллар болсон. Египетэд нөхцөл байдал тогтворгүй болсноос гадна угаасаа АНУ-д эрэлт ихэссэн нь ийнхүү үнэд нөлөөлсөн. Онц байдал зарласантай холбоотойгоор АНУ-д экспортолдог долоо хоног тутмын нийлүүлэлтийн хэмжээ 10.3 сая баррелиар буурсан байгаа юм. Тэгэхээр бид АНУ-ын зах зээлд нөлөөлж чадаж байгаагийн нэг том жишээ.
-Танай улсад томоохон цуст мөргөлдөөн гарч, улмаар иргэний дайн дэгдэх бүхий л нөхцөл байдал үүсээд байна. Ажиглагчид үүнийг “Шашин хоорондын дайн болох төлөвтэй байгаа” гэж тайлбарласан. Үнэхээр шашин хоорондын мөргөлдөөн их болж байгаа шүү дээ?
-Шашин хоорондын гэхээс илүүтэй үндэстэн ястан хоорондын мөргөлдөөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Эрх баригчдын зүгээс бүхий л арга хэмжээг авна. Гэхдээ цуст дайсагналгүйгээр нийгмийг эмх замбараатай болгохын тулд бүхий л боломж бололцоогоо дайчилна.
Б.Баатар
URL: