“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-той танилцав
Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдлаа. Энэ удаагийн хуралд “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого” төсөлтэй танилцсан юм.
Уг төслийн гол үзэл баримтлал нь эмийн чанар, аюулгүй байдлыг хангаж, худалдан авах боломжийн үнэ бүхий эмээр хүн амаа хангахад оршиж байгаа аж.
Шинэ бодлогын төслийн хүрээнд хууль эрх зүй буюу эмийн зохицуулалт, эмийн хүртээмж, эм худалдан авах боломж, эмийн зохистой хэрэглээ, хүний нөөц, судалгаа хөгжлийн хандлага, эм зүйн салбарын сайн засаглал, хяналт үнэлгээ зэрэг найман чухал бүрэлдэхүүн хэсгийн асуудлуудыг тусгаж өгсөн байна.
Хэлэлцэх явцад олон зөв саналууд гарч байсан юм. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа хүн амд санхүүгийн дарамт үүсгэж байгаа өвчинд хэрэглэх эмийн үнэд төрөөс хөнгөлөлт үзүүлэх талаар санал гаргасан юм.
Мөн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг тендерийн асуудал, эрүүл мэндийн даатгалтай холбогдуулан эмийн худалдан авах үнийг шийдэх асуудалд анхаарч, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөлдөө тусгаж өгөх хэрэгтэйг санууллаа.
Энэ мэт гарсан санал, зөвлөмжийг тусган уг бодлогын баримт бичгийг Засгийн газарт өргөн барихаар шийдвэрлэсэн юм.
Ж.Отгон
URL: