Э.Хонгорзулын бие тэнхэрч, ажилдаа оржээ

Э.Хонгорзулын бие тэнхэрч, ажилдаа оржээ

Хорвоод нэгэн шинэ хүн төрүүлэхээр төрөх эмнэлгийн орон дээр хэвтсэн энэ эмэгтэй эмч, сувилагчийн хариуцлагагүй байдлаас болж хоёр жилийн туршид өвдөлт, зовиурыг амсан, эмнэлгээс эмнэлэг дамжсан.

Түүнийг уншигч та таньж байгаа байх. 30-хан настай Э.Хонгорзул бага охиноо төрүүлэхээр нийслэлийн гуравдугаар төрөхөд хийсвэр хагалгаа хийлгэхдээ хүүхдээ гаргуулсан боловч оронд нь метр гаруй урт марлийг биендээ авч үлдсэн билээ.

Түүнээс хойш ходоод гэдэс нь түгжирч, хоол ч идэж чадахаа больсон түүнийг нэг жил гурван сарын дараа түгжрэл гэсэн оноштойгоор Цэргийн госпитальд хагалгаанд оруулахдаа төрөхийн эмч нарын гэдсэнд нь мартсан марлийг олсон юм.

Хэвлийн хөндийд нь жил гаруй байсан урт марль ходоод, нарийн гэдсийг нь нухаж, цоолох шахсан тул тэрээр нарийн гэдсээ тайруулсан билээ. Эмч нарын буруутай үйлдлээс болж эрүүл саруул байсан Э.Хонгорзул бүсгүй хэвтэрт орж, өтгөн шингэнээ хэвлийд нь байрлуулсан уутаар гаргаж, хагас жил орчим эмнэлгээс эмнэлэг дамжин тарчилсан.

Түүний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон дахин мэдээлсний хүчинд салбарын дэд сайд нь эргэж очиж байсан билээ. Энэ бол өнгөрсөн үйл явдлын товчоон. Бид Э.Хонгорзулын биеийн байдал ямар байгааг сурвалжлахаар гэрт нь очсон юм.

Тэрээр өнгөрсөн зургадугаар сард Улсын нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нарийн гэдэс залгуулах хагалгаанд оржээ. Хагалгаа амжилттай болж Э.Хонгорзул хөл дээрээ босон биед нь үргэлж зүүлттэй байсан уутнаасаа салсан байна. Биднийг очиход тэрээр ажилдаа гарах гэж байгаа бололтой цайгаа уугаад сууж байв.

Гэдсэндээ ууттай байх үедээ зургаан хүний долоо хоногт идэх хоолыг хоёрхон өдөр идчихдэг. Тэр хоол нь амаар нь ороод шууд л нөгөө уут руу нь гарчихна. Биенд нь шингэц байхгүй учир жаахан байж байгаад л өлсөнө. Өлсөхөөрөө тэсэхийн аргагүй өвддөг учир үргэлж хоол нэхэж уурладаг байсан. Тэгсэн хэрнээ хүн харахын аргагүй турж эцсэн байхыг нь хэвлэлүүдээр мэдээлж байсан билээ. Одоо энгийн хүний адил идсэн хоолоо гаргах ёстой газраар нь гаргадаг болсондоо хамгийн их баярлаж байгаагаа Э.Хонгорзул хэлэв.

Хэдийгээр бие нь дориун болсон ч нэлээд ядрангуй байгаа нь мэдэгдэж байлаа. Ээжийгээ өвчиндөө шаналан хэвтэрт байх зуур эмээ, өвөөгийндөө хөдөө байсан хоёр бага нь ирчихсэн байв. Бага охин Энхриймаа нь ирэх сард хоёр ой хүрэх гэнэ. Ээжтэйгээ төдийлөн хамт байгаагүй учраас тийм ч дотно биш гэлээ. Түүнийг хэвтэрт байх жил орчмын хугацаанд дэргэдээс нь холдолгүй халамжилж байсан нөхөр нь хагалгаанд ороод сар гаруйхан болсон эхнэрээ наймаандаа явж эхэлсэнд санаа нь зовонгуй байв.

Эхнэртээ цайг нь дөхүүлж өгөөд ажилд нь хүргэж өгөхөөр хүлээж суусан тэрээр хэвтэрт байхад нь эмчилгээ, хоолны зардлыг нь олох гэж ганцаараа зүтгэсэн хүн юм. Э.Хонгорзул удаан хугацаанд эм тариа хийлгэснээс болж дархлаа нь суларчихсан гэсэн юм. Да хүрээ захад худалдааны ажилдаа орсноос хойш юм л бол ханиад хүрчихээд хэцүү байгаа гэнэ. Түүний яриаг хүргэе.

Э.Хонгорзул: Нэгдүгээр эмнэлгийнхэндээ баярлаад барахгүй сууна


-Та хагалгаанд ороод удаагүй байгаа юм байна. Ажлаа хийж болж байгаа юм уу?

-Ганц хүн зүтгээд болохгүй юм байна шүү дээ. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг эхлэх гээд хэдэн төгрөг нэмэрлэхгүй бол болохгүй байна. Өнгөрсөн хугацаанд эм тариа, хоол, хүнсний зардалд хамаг байдгаа зориулчихсан. Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлтгэчихээд дараа нь хэсэг амарч сувилуулах санаатай.

-Бие чинь одоо яаж байна?

-Гайгүй. Гэхдээ байнга хавантаад, нүүрэн дээр юм гараад, хүндрэл өгөөд байх шиг. Оёо бол сайхан эдгэсэн. Хагалгаанаас хойш бие овоо хөнгөрөөд наалданги үүсгэхгүйн тулд хөдөлгөөнтэй байгаа. Нэгдүгээр эмнэлгийнхэнд баярлаж барахгүй сууна. Өнгөрсөн өвөл эмнэлэг дамжиж явсаар нэгдүгээр эмнэлгийн сэхээнд ухаангүй очсон юм билээ.

Түүнийгээ өөрөө ч санадаггүй. Сэхээний сувилагч намайг харчихаад мэндлээд байхад би танихгүй байсан. Өнгөрсөн зургадугаар сард дахин хэвтэж эмчлүүлж байгаад нарийн гэдэс залгуулах хагалгаанд орсон. Үргэлж зүүлттэй байдаг уутнаасаа салаад хүн шиг болсондоо баяртай байна. Нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасгийн Ганбат, Ганзориг эмч, эмнэлгийн удирдлагууд, бусад эмч, сувилагч нарт баярлаж талархсанаа дахин хэлье.

-Ямар ч гэсэн хүндхэн цаг хугацаа ард үлдлээ шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Гурван хүүхдийн минь заяа буян түшлээ. Би ч өөрийгөө дууслаа л гэж бодож байсан. Одоо гэрийнхнийхээ яриаг сонсоход уйлмаар санагддаг. Энэ хүүхэн галзуурсан гээд Шархадны эмнэлэгт хүртэл шилжүүлсэн байсан.

Мэдээж өмнөх шигээ биетэй болж чадахгүй биз. Өвдөж зовох нь гайгүй болсон ч юм л бол гүйлгээд, цагаан мах эргээд, энд тэнд юу нь мэдэгдэхгүй зовиурласан хэвээрээ л байна. Ямартай ч хүнтэй адил бие засч, өдөрт тав зургаа хоол иддэг нь цэгцтэй болж, гэрийнхнийхээ ачаанаас хөнгөлсөндөө баяртай байгаа.

Э.Хонгорзулын биед марль орхисон эмч, сувилагчид ажлаасаа гарсан ч өөр газар ажиллаж байгаа сурагтай гэж тэрээр хэлсэн юм. Тэд энэ бүсгүйд эмчилгээний зардал болох найман сая төгрөгийг өгөөд тооцоо дуусъя гэж хэлсэн ч хоёр сая гаруйг өгөөд алга болсон гэнэ. Нэгэнт бие муутай, мөнгөгүй хүний зовлон их юм хойно тэдний араас хөөцөлдөх хэцүү байгааг Э.Хонгорзул хэлж байлаа.

Хамгийн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нь энэ хэргийн дараа шүүх эмнэлгийн дүгнэлтээр Э.Хонгорзулыг метр гаруй марлийг өөрөө залгисан гэж тодорхойлж, эмч нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Б.Солонго /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих