Л.Эрдэнэчимэг: Бага, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихгүйгээр улс цааш хөгжихгүй
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг “Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэн. Тун удахгүй ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Энэ хооронд хэрхэн амарсан бэ. Амарч чадав уу?
-Хаврын чуулган хаалтаа хийсний дараахан Үндэсний их баяр наадам эхэлсэн болохоор наадмын бүх үйл ажиллагаанд оролцсон. Үндэсний их баяр наадам маш сайхан болсон. Ялангуяа Хүй долоон худагт хийсэн бүтээн байгуулалтын ажлууд иргэдэд маш их таалагдсан. Мөн цаг агаарын байдал ч гэсэн тааламжтай байлаа. Наадмын дараа хөдөө явж амарсан. Ерөнхийдөө миний энэ жилийн амралт экстрим маягийн болж өнгөрсөн. Тухайлбал Хөвсгөл аймгийн төвөөс тус аймгийн Ренчинлхүмбэ сум хүртэл морин аялал хийсэн. Дараа нь Булган аймагт орших Сэлэнгэ мөрөн, Эгийн голоор завиар аялсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Партизаны сангийн аж ахуйд амьдран суудаг айлуудаар тав хоног хэссэн. Ингэсэн нь сонгогчидтойгоо гэрт нь уулзаж, ярилцах сайхан боломж болсон. Мэдээж зуны дэлгэр цаг болохоор цагаан идээ элбэгтэй, ажил амралт хоёрыг хослуулсан сайхан амралт болсон доо.
-Та өмнө нь бизнес эрхэлж байсан хүний хувьд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Үнэхээр хямарчихаад байгаа юм уу?
-Эдийн засгийн нөхцөл байдал энэ оны эхэн үеийг бодвол эрс хүндэрсэн. Ялангуяа бизнес эрхлэгчдэд маш том хямрал нүүрлэчихсэн байгаа. Бид 2008 оны сүүлч 2009 оны эхэнд яг энэ хямралыг амсаж байлаа. Тэр үед манай компани бараг л дампуурлын ирмэг дээр ирчихсэн байсан. Яагаад вэ гэхээр хоёр өдрийн дотор ам.долларын ханш гэнэт өсөхөд 1.5 сая ам.долларын алдагдал шууд хүлээсэн. Арилжааны банкууд эрсдэлээ бодоод ам.долларын зээл өгч байгаа. Ам.долларын зээл хүү багатай, төгрөгийн зээл хүү өндөр байдаг. Үүнд хууртаад маш олон компани ам.долларын зээлтэй байгаа. Ам.долларын зээл нь өнөөдөр 1300 байсан ам.доллар 1600 болох хооронд энэ жилийн бүх ашгийг нь идчихсэн байгаа. Тийм учраас байдал маш хүнд байгаа. Засгийн газар интервенц хийнэ гэж жаахан хуураад байна уу гэж харж байгаа. Интервенц хийх хэрэггүй. Ам.доллар ханш оны сүүлээр 1800 төгрөг болохыг үгүйсгэхгүй.
-“Ардчилсан намыг хэд хэдэн удаагийн сонгуульд ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Н.Алтанхуяг” гэх мэтээр олон хүн түүнийг магтаж “онц” дүн тавьж байна. Харин та түүнд ямар дүн тавих вэ?
-Яагаад бид хэд хэдэн удаагийн сонгуульд ялалт байгуулсан бэ гэвэл маш сайн амлалт өгсөн. Энэ нь биднээс маш их зүйлийг хүлээж байна гэсэн үг. Засгийн газар өөрсдийгөө шинэчлэлийн Засгийн газар гэж нэрлээд шинэчлэлийг эхлүүлсэн бол сайн талтай. Шинэчлэл гэсэн нэрэн дор шинэчлэлээ хийх ёстой. Гэхдээ миний хувьд популизм талын зүйлийг хийгээд байна уу даа гэж шүүмжилж байгаа. Улс орны хөгжлийг авч авах ёстой жижиг дунд бизнесийн салбарт юу ч хийхгүй байна. Ихэнх нь дарамтанд орчихсон. Тэд татвар төлөгч шүү дээ. Бага дунд бизнес эрхлэгчдийг дэмжихгүйгээр цаашаа хөгжинө гэдэгт би итгэхгүй байна.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдад захиа хүргүүлсэн. Мөн Ц.Сэдваанчигийг Да.Ганболдоор сольчихлоо. Энэ байдал Ардчилсан намын дотор хагарал байгааг илтгэж байна. Таны бодлоор Ардчилсан намд хагарал байгаа юу?
-Хагарал гэж үзэхгүй байгаа. Харин олон ургалч үзэл гэж үздэг. Бид ч өөрсдийгөө ингэж нэрлэдэг. Бусад намаас ялгарах ганц онцлог энэ. Манай намд маш зоригтой тэмцэгч хүн олон байдаг. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Мөн маш олон фракцитай. Зах зээлийн нийгэм чинь өрсөлдөөн дээр явагддаг. Үүний нэгэн адилаар манай намд өрсөлдөөн байдаг. Өрсөлдөөн байж гэмээнэ нам хөгжиж цааш явдаг гэж боддог.
-Ер нь та эмэгтэй гишүүдтэйгээ хэр нийцтэй байдаг вэ. Маргалдах үе байдаг уу?
-Байхгүй.
-Тэгвэл нийцтэй гэж ойлгож болох уу?
-Бид сонгогдоод нэг жил болж байна. Бид нэг зүйлийг маш их ойлгодог. Бид хоорондоо эвтэй байхгүй бол эрчүүдэд “идүүлнэ” гэдгээ сайн ойлгодог. Ийм учраас маш дотно байдаг. Бид чуулгантай үед долоо хоног болгон хоолонд ордог. Хэн нэг нь гадаад явсан бол нөгөөдүүлдээ заавал бэлэгтэй ирээд “Манай өрөөнд ороорой” гэж дууддаг. Ингэхдээ л хийх зүйлээ ярьдаг. Ер нь бие биедээ маш их хайртай. /инээв/
-Та архины хяналтын тухай хуулийг боловсруулсан. Уг хууль ямар шатандаа явж байгаа вэ?
-Архины хяналтын тухай хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулсан. Үүнд УИХ-ын эмэгтэй гишүүд гар бие оролцсон. Тус хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Засгийн газарт өгөөд Засгийн газраас УИХ-д өргөн барих байх гэсэн хүлээлттэй байна. Бид Архины хяналтын тухай хуулийг намрын чуулганаар заавал хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ Засгийн газар уг хуулийг дарж, удаавал бид энэ хуулийг татаж, өөрсдийнхөө нэр дээр УИХ-д өргөн барина. Ямар ч байсан Архины хяналтын тухай хуулийг УИХ-ын намрын чуулганаар батлуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Бид яагаад энэ хуулийг батлуулах гээд шахаад байна вэ гэхээр иргэдтэй уулзаад явж байхад нэг л зүйлийг хэлдэг. Үүнийг эрэгтэй гишүүдэд хэлдэг үгүйг сайн мэдэхгүй юм. Эмэгтэй гишүүдээс бол бүр шаарддаг. “Та нар Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлчихлээ. Энэ хууль маш сайн хууль болсон” гэж иргэд үнэлж байгаа. “Нэгэнт энэ хуулийг хэрэгжүүлчихсэн юм чинь Архины хяналтын тухай хуулийг гаргаж өгөөч” гэдэг. Тэр дундаа эмэгтэйчүүд, ахмадууд энэ хуулийг хэрэгжиж эхлэхийг маш их хүлээж байна. Бидний гол харьцдаг зорилтот бүлгийн хүмүүс эмэгтэйчүүд, ахмадууд байдаг. Тэдний амьдралд гай, хар толбо болж байгаа зүйл бол архидалт. Тийм учраас Архины хяналтын тухай хуулийг яаралтай гаргах шаардлагатай байгаа юм. Тэгэхээр ямар ч байсан хуулиа намрын чуулганаар батлуулчих байх гэж найдаж байна.
-Уг хуулийн нарийвчилсан журамд ямар, ямар заалт орох бол. Тамхины хяналтын тухай хуультай төстэй байх уу?
-Өмнөх Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд хатуу, архийг хорьсон заалтууд орж байсан. Олон улсын төвшинд ч гэсэн. Энэ нь төдийлөн үр дүнгээ өгч чаддаггүй гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Харин энэ удаагийн хууль архийг хорих биш, харин зохицуулалт хийсэн хууль байх ёстой. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд архидалт өндөр байгаагийн гол шалтгааныг бид архи зарах үйл явц хэтэрхий задгайрсантай холбоотой гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр 300 хүн тутамд нэг архины дэлгүүр ногдож байна. Хэн нэгэн гэрээсээ гараад л үүднээсээ архи худалдан авах боломжтой байдаг. Шөнийн цагаар ч мөн адил. Иймээс энэ байдлыг хааж өгөх шаардлагатай байгаа юм. Бид үүнийг өөрсдөө зохиож байгаа юм биш. Олон улсад хэрэгжиж байгаа хуулиудыг судалж, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг дагаж байгаа. Архины маш сайн хуультай Австрали, АНУ гэх мэт улс орнууд байдаг. Эдгээрээс Австралийн архины хуулийг газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай өөрийн биеэр танилцсан. Тус улсад архийг зөвхөн тусгай дэлгүүрүүдээр зардаг. Бид энэ заалтыг Архины хяналтын тухай хуульдаа оруулсан. Өөрөөр хэлбэл хүн амын тоонд нь харьцуулсан архи борлуулах цэг байх ёстой гэж үзэж байгаа. Мөн хүнсний дэлгүүрээр архи худалдаалахгүй байхыг зааж өгсөн. Хүнсний дэлгүүрээр хүүхэд, эмэгтэйчүүд маш их үйлчлүүлдэг. Тэгэхээр тэдний нүдэнд байнга архи харагдаж байна гэсэн үг. Энэ нь хүүхдийн архи уух хүслийг төрүүлж байдаг гэсэн олон улсын практик байдаг юм билээ. Ядаж байхад дэлгүүрт байгаа хамгийн гоё савалгаатай чамин зүйл нь архи байдаг. Хүнсний дэлгүүрийн лангуу дээр архи байхгүй бол хүүхдийн хүмүүжилд маш сайнаар нөлөөлдөг гэж үздэг юм билээ. Үүнийг бид хэлээд байгаа юм биш. Олон улсын эрдэмтэд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа.
-Хүнсний дэлгүүрээр архи заруулахгүй гэхээр маш их эсэргүүцэлтэй тулгарах байх даа?
-Мэдээж хүнсний дэлгүүрүүдэд архи заруулахгүй гэхээр бизнесийн маш олон байгууллагад хүнд цохилт болох нь ойлгомжтой. Иймээс хууль хэрэгжиж эхлэх нэг жилдээ пиво, вино гэх мэт бага градустай бүтээгдэхүүнийг хүнсний дэлгүүрээр заруулна. Харин 38-аас дээш градустай бүтээгдэхүүнийг зөвхөн тусгай дэлгүүрүүдээр заруулна гэсэн заалт оруулж байгаа. Харин нэг жилийн дараагаас пиво, виног архины тусгай дэлгүүрүүд рүү шилжүүлнэ.
-Тэгвэл архи зарах тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох вэ?
-“Архины хяналтын тухай хуулийг лоббидох маягаар оруулж тусга. Та нар өөрсдийнхөө талын хүмүүст архины дэлгүүр нээж өгөх гэж байна” гэсэн хардлага байнга явж байгаа. Тэгэхээр архины тусгай зөвшөөрөл олгох эрхийг олон нийтэд өгнө. Өнөөдөр хорооны Иргэдийн нийтийн хурлаар маш олон асуудлыг шийдэх боломжтой болчихсон. Ялангуяа хорооны Хөгжлийн санд нэлээд хэмжээний мөнгө хуваарилагддаг болсонтой холбогдуулан иргэд амьдран сууж байгаа газрынхаа ойр орчмыг цэвэрхэн, тухтай байлгахаар дуу хоолойгоо өргөж эхэлсэн. Тэгэхээр энэ процесс нэлээд хүчтэй болох болно. Өөрөөр хэлбэл иргэдийн саналыг авна гэсэн үг. Иймээс архины зөвшөөрөл олгодог үйл явцыг хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцдэг болгоё гэж үзэж байгаа. Ялангуяа архины тусгай зөвшөөрөл олгох хурал дээр хүмүүсийг маш ихээр ирээсэй гэж хүсэж байгаа. Магадгүй таны гэрийн үүдэнд байдаг дэлгүүр архи худалдаалах тусгай зөвшөөрөл авч болно. Хэрвээ та үүнийг хүсэхгүй байгаа бол Иргэдийн нийтийн хуралд оролцоод “Би гэрийнхээ ойролцоо архины дэлгүүр байлгахгүй” гэх саналаа илэрхийлэх хэрэгтэй. Харин архины тусгай зөвшөөрөл авах гэж байгаа хүн иргэдтэй уулзах ёстой.
-Архийг тусгай дэлгүүрүүдээр худалдаалж эхлэхээр гар дээрээс худалдаалах, мөн найруулсан, хямд архины худалдаа ихсэх байх гэсэн болгоомжлол төрж байна уу?
-Тийм ээ. Ийм байдал одоо ч байгаа. Гэр хорооллын дэлгүүрүүд ч гэх юм уу, хараа хяналт сул газруудад хуурамч архинууд өнөөдөр ч зарагдаж байгаа. Жишээ нь сар бүрийн 1-ний өдөр архи зардаггүй. Гэтэл хүнсний дэлгүүрүүд таньдаг хүмүүстээ зардаг гэдэг. Бид гар дээрээс худалдаалах, хуурамч архи ихсэх юм байна гэдгээс айж 20 гаруй жил явж ирлээ. Тэгэхээр цагдаагийн байгууллага, Хууль зүйн яам гэх мэт хууль хэрэгжүүлэгч байгууллагууд ажлаа хийх цаг болсон. Ер нь хууль хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө сайтар сурталчлах хэрэгтэй юм билээ. Тамхины хяналтын тухай хууль сайн хэрэгжсэний нэг шалтгаан нь сурталчилгаа сайн хийсэн явдал. Харамсалтай нь одоо Тамхины хяналтын тухай хууль эргээд суларч байна гэсэн. Тэгэхээр Архины хяналтын тухай хуулийг гаргахдаа тодорхой хугацаа тавина. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдэд энэ нь том цохилт болж байгаа учраас тэдэнд архи зарахгүйгээр хэрхэн ашиг олох вэ гэдэг сонголтыг үлдээнэ. Иймээс зургаан сарын дараагаар хэрэгжүүлэхээр тавина.
-Сар бүрийн нэгэнд архи зардаггүй. Та энэ өдөр хүмүүсийг эрүүл байдаг гэж боддог уу?
-Жирийн өдрүүдийн архидалтыг 100 хувь гэж үзвэл сарын бүрийн 1-ний өдрийн архидалтын хэмжээ 50 хувь буурч байгаа. Яагаад вэ гэвэл хүмүүс “Өнөөдөр архи зардаггүй юм чинь гарахгүй” гэж боддог л байхгүй юу.
-Хуульд шөнийн цэнгээний газруудад архи худалдаалахыг хориглохгүй биз дээ?
-Хориглохгүй. Харин цагийг нь сунгах нь зөв гэж үзэж байгаа.
-Ер нь Архины хяналтын тухай хууль хэрэгжсэнээр авлигыг улам газар авахуулах юм биш үү. Жишээ нь тусгай зөвшөөрөлгүй дэлгүүр архи худалдаалж байхыг илрүүлсэн албан хаагчид тодорхой хэмжээний авлига өгч амыг нь хаахыг үгүйсгэхгүй. Мөн цаг хэтрүүлсэн шөнийн цэнгээний газруудын эзэд цагдаа нарт авлига өгдөг?
-Тийм ээ. Ийм зүйл байдаг. Үүнийг үгүй болгох нь хууль хэрэгжүүлэгч нарын үндсэн үүрэг юм. Харамсалтай нь үгүй болгож чадахгүй байгаад хамаг учир байна. Өөрийн цалингаасаа илүү тэрхүү байдлаа орлого гээд үзчихсэн цагдаатай байгаа нөхцөлд хэзээ ч үгүй болохгүй. Тэгэхээр бид маш том өөрчлөлтийг хийх ёстой. Гүрж улс цагдаагийн байгууллагадаа маш том өөрчлөлт хийсэн байдаг. Тодруулбал тус улс нийт цагдаа нарынхаа 50 хувийг ажлаас нь халаад үлдсэн хүмүүстээ цалинг нь дахин нэмээд өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл 500 мянган төгрөгийн цалинтай байсан цагдаа нэг сая төгрөгийн цалинтай болчихсон гэсэн үг. Ийм цалинтай болчихсон цагдаа авлига авах шаардлагагүй. Хэрвээ авлига авбал ажлаасаа шууд халагддаг. Гүрж улс нь ийм системийг нэвтрүүлж чадсанаар хуулийн хэрэгжилт маш сайжирсан байдаг. Өнөөдөр 250 мянган төгрөгийн цалин авч байгаа цагдаа авлига авахгүй байна гэж байхгүй. Тэгэхээр энэ системийг өөрчлөх шаардлагатай.
-Архины хяналтын тухай хуульд архины импортыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Бид архины үнийг татварын аргаар тогтмол нэмэх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн хямд архи хаана байна, Монголд л байна. Жишээ нь манай улсад дундаас доош орлоготой жуулчид ирж байгаа. Тэд манай улсад ирэх болсон нэг шалтгаан нь архидах гэдэг юм билээ. Үүнийг би Хөвсгөл аймагт явж байхдаа ойлгосон. Тэд өөрсдийн нутаг орондоо архидах ямар ч нөхцөл байдаггүй. Харин аялал хийх явцдаа, тэр дундаа Монголд ирж архиддаг.
-Тамхины хяналтын тухай хууль эхэндээ маш сайн хэрэгжсэн. Гудамжаар тамхи зуусан хүн төдийлөн харагддаггүй байлаа. Харин одоо буцаад хэвэндээ болчихлоо. Тэгэхээр уг хуулийн журамд өөрчлөлт оруулах уу?
-Хууль санаачлагчдын хувьд цахим хуудсаар дамжуулан маш их мэдээллийг аваад байгаа. Хүмүүс ч хэлж байна. Энэ байдал нь хяналт суларсных л даа. Тийм учраас бид ирэх сард Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос баг гаргаж хуулийн хэрэгжилтийг шалгая гэж бодож байна. Мэдээж хэрэг тамхидалт буцаад ихэссэн нь хууль хэрэгжүүлэгчдэд байна уу, аль эсвэл хуульд маань “цоорхой” гарсан уу гэдэг шалтгаанаа олох хэрэгтэй болчихоод байна. Ихэнх хүн “Тамхи татах цэг зааж өгөөгүй” гэх зүйлийг ярьдаг. Бид тамхи татах цэг байгуулах эсэхийг орон нутгийг засаг захиргаанд үлдээсэн.
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тамхи татах хүмүүс харагдахаа больсон. Одоо буцаад ихэслээ. Магадгүй Архины тухай хууль яваандаа ингэх магадлал өндөр байна?
-Аливаа хуулийн хэлэлцүүлэг тав, зургаан сар үргэлжилдэг. Архины хяналтын тухай хуульд маш олон хэлэлцүүлэг хийнэ. Ялангуяа архины бизнес эрхэлдэг жижиг байгууллагуудын эздийг ихээр оролцуулна. Хэлэлцүүлэг эхлэхээр чиний асуусан зүйлийг ч иргэд, бизнес эрхлэгчид асуух байх. Магадгүй Тамхины хяналтын тухай хуулийг 100 хувь хэрэгждэг болох тэр үед Архины хяналтын тухай хууль батлагдах байх гэж найдаж байна. Би Тамхины хяналтын тухай хуулийг 100 хувь хэрэгжүүлэхэд хяналт тавьж, ажиллах ёстой гэдэг даалгаварыг өөртөө өгчихөөд сууж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Ж.Баттуул
URL: