Д.Эрдэнэбат: Ардчилсан нийгэм Н.Энхбаярыг ингэж хүмүүжүүлж

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд орон даяар хэлэлцүүлэг хийж нэлээд хэдэн аймгаар явлаа. Иргэдэд тулгамдсан асуудал юу байна. Гол төлөв ямар асуудал хөндөж байх юм?

-Орон нутгийн эрх мэдлийг бие даалгаж, түүндээ эзэн байх асуудлыг голчлон ярьж байна. Эрх мэдэл дэндүү төвлөрсөн гэдгийг шүүмжилж байна.
Ардчилсан нам сонгуулиас сонгуулийн хооронд амьдрахгүй. Улс орны үйл ажиллагаанд нэлээн том байр суурь эзэлдгийн хувьд тууштай хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Энэ утгаараа Ардчилсан нам 2020 он хүртэл иргэдээ чинээлэг болгох үүднээс өнөөдрийн байдалд дүн шинжилгээ хийж иргэдээ сонсох нь хамгийн зөв алхам гэж бодож байна.
-Хэлэлцүүлгийн явцад тухайн орон нутагт бие даасан эрх мэдлийг нь олгож чадах болов уу?
-Ер нь, эдийн засгийн хувьсгал нэрийн дор “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг явагдаж байна. Энэ ч утгаараа орон нутаг болоод иргэдийг нь эдийн засгийн эрх чөлөөтэй чинээлэг болгохыг зорьж байгаа юм. Өнөөдрийн байдалд дүн шинжилгээ хийж, иргэдээ сонсох нь хамгийн зөв шийдэл. Аймаг болгон өөрийн гэсэн тулгамдсан асуудлуудтай байна. Өнөөдөр бид долоон аймаг нэг дүүрэгт хэлэлцүүлгээ хийлээ. Хөгжлийн хандлага, ядуурлын төвшин найман янз байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр энэ хэлэлцүүлэг нэлээн нарийн судалгаа, үндэслэл дээр хийгдэж байгаа гэж хэлж болно. Нутгийн иргэд юу хүсэж байна гэхээр биднийг энэ нутагт эзэн шиг байлгавал бид өөрсдийгөө аваад явчихна. Тэгэхээр тухайн нутгийнхаа онцлогоос хамаарч янз бүрээр хөгжих боломжтой. Мал аж ахуй, уул уурхай, газар тариалангаа эрхэлж хөгжих аймаг сум байгаа бол зарим нь жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлвэл хөгжих хандлага ажиглагдсан.
-Орон нутагт ажиллаж байхад иргэд Хүний хөгжил сангаас олгож байгаа 21000 төгрөгийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Хоёр нам 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр мөн боловч үр өгөөжөө өгөхгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байгааг нуугаад яах вэ. 21000 төгрөгөөр нэг удаа архи уугаад л үрчихдэг. Тэгэхээр халамжлах нь өөр, хөдөлмөрлөх боломжийг нээж өгөх бол өөр хэрэг гэдэг нь маш тод харагдаж байна.
-Орон нутгаар явж байхад ажилгүйдэл хэр байна вэ?
-Улсын хэмжээнд ажилгүйдэл, ядуурал нэлээд өндөр хувьтай байна. Энэ нь эдийн засгийн механизм нь буруу ажиллаж байгаатай холбоотой. Төрийн тогтоц нь босоо болохоор төрийн хүнд суртал, дарангуйлал хавтгайрсан байна. Өөрөөр хэлбэл аливаа нэг аймаг суманд төр шүтэх, төрд бүх юмаа даалгах нь хавтгайрсан байна. Учир нь, төр тухайн орон нутгийн иргэдийн хөдөлмөрлөх эрхийг нь зогсонги болгосноос ийм байдал үүсээд байгаа юм. Захын нэг сумын иргэн жижиг, дунд үйлдвэрлэл явуулах боломжгүй байгаа нь хамгийн харамсалтай зүйл. Бид үүнийг өөрчлөх эрхзүйн орчны тухай яриад байгаа юм.
-Засгийн газар жил бүр 60 мянган ажлын байр бий болгож байгаа гэж яриад байгаа шүү дээ?
-Тэр бол Засгийн газрын өөрийнх нь дүгнэлт. Ардчилсан нам Засгийн газарт хамтарсан ч гэсэн амьдрал ямар байна вэ гэдгийг өөрийнхөөрөө харж байгаа. Түүнээс биш хамтарсан Засгийн газрын амаар Ардчилсан нам явна гэж байхгүй. Энэ бол намын бодлогын хувьд тусдаа асуудал. Мөрийн хөтөлбөр нь хэрхэн хэрэгжиж байгааг хамтарсан Засгийн газар өөрсдөө л дүгнэнэ. Үүнийг хольж хутгаж болохгүй. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа гээд түүнийг дагаж амьдарна гэж байхгүй.
-Сүүлийн үед МАН-ын зарим гишүүд Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй гэх боллоо. Ардчилсан намд хамтарсан Засгийн газраас гарах бодол бий болов уу?
-Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээ, мөрийн хөтөлбөр түүний гүйцэтгэл, дүгнэлт ямар байна вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Түүнээс биш нэг хүний хэлсэнээр шийдэгдээд байдаг зүйл биш. Манай намын удирдах байгууллагын шийдвэр гарсан уу, гарсан. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин иргэдийг бухимдуулаад байгаа тэр асуудлыг судалж ирээдүйнхээ мөрийн хөтөлбөрийг гаргах нь Ардчилсан намын үүрэг мөн үү, мөн. Түүнээс биш хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөтлөгдөж амьдарна гэдэг байж болохгүй зүйл.
-Ардчилсан нам 2012 оны сонгуульд нэр дэвших хүмүүстэй 50 саяын босго тогтоосон байгаа. Үүнийг танай намын зарим гишүүн эсэргүүцэж байгаагаа мэдэгд сэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Манай намын гишүүд аливаа асуудалд өөрсдийн байр суурьнаас ханддаг. Үүнийг би зөв гэж боддог. З.Энхболд гишүүн сонгуулийн тогтолцоо тодорхой болоогүй, сонгуулийн хууль шинэчлэгдэн батлагдаагүй байна. Тиймээс энэ татварыг хойшлуулъя гэдэг санал тавьсан. Түүнээс мөнгө авах чинь буруу бид тэр мөнгийг төлөхгүй гэсэн асуудал гаргаагүй. УИХ-д нэр дэвшихээ илэрхийлсэн намын гишүүн, нэр дэвшихдээ татвар төлөх үүрэгтэй. Энэ нь дүрмийнхээ хувьд батлагдсан зүйл. Янз янзын л шүүмжлэл гарч байдаг. Гэхдээ Ардчилсан намын санхүүтэй холбоотой аливаа үйл ажиллагаа ил байх нь зүйтэй гэж боддог. Хэрвээ та УИХ-д Ардчилсан намыг төлөөлье гэж бодож байгаа бол санхүүгийн чадвартай байх зайлшгүй шаардлагатай. Харин сэтгэлийн хөөрлөөр сонгуульд оролцдоггүй гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Үнэхээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч таны үзэл бодол, нийгэмд хэрэгтэй болохоор бид таныг дэмжье гэсэн байгууллага хамт олон бас байх ёстой. Хэрвээ тийм дэмжлэг байхгүй бол та УИХ-д нэр дэвших хэрэг байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг өөрөө дүгнэх хэрэгтэй байх. Тиймээс ч бид мөнгө өгөх хугацаа гаргаж өгсөн. Нуух юм алга. Мөнгөтэй холбоотой асуудал ил тод байснаар улс төрийн амьдрал тунгалаг байна гэж үздэг. Харин Ардчилсан нам хаанаас санхүүжиж байгаа нь мэдэгдэхгүй сонгуульд орж болохгүй шүү дээ. Сонгууль өөрөө үйл ажиллагааны зардал шаарддаг зүйл гэдгийг улстөрч төдийгүй ард түмэн мэдэж байгаа. Ардчилсан намын авч байгаа мөнгө их байна уу, үгүй юу гэдэг нь тухайн хүний хэлсэнээр хэмжигддэг зүйл биш. 2012 онд намаас хэр их хэмжээний мөнгө шаардагдах уу, түүнийг л босгох тухай асуудал шүү дээ, энэ. Үүнийг Ардчилсан намын хоёр, гуравхан дарга шийддэг ч зүйл биш. Харин хугацааны хувьд асуудал байсан. Зарим нэг хүнээс мөнгө өгөх хугацааг сунгаж өгөөч ээ гэсэн хүсэлт ирсэн. Түүнийг гүйцэтгэх зөвлөл дахин авч үзээд ирэх зургаадугаар сарын 30-ыг хүртэл сунгасан.
-Одоогоор хэдэн гишүүн татвараа төлсөн бэ?
-Өнөөдрийн байдлаар 30 гаруй хүн нэр дэвшихээ илэрхийлээд санхүүд мөнгөө тушаасан мэдээлэл байна. Хэн хэн өгсөнийг сайн мэдэхгүй байна. Мэдэх ч шаардлага байхгүй. Нууцлахыг хүсвэл нууцалж, ил гаргахыг хүсвэл ил гаргаж болно шүү дээ.
-Сонгууль дөхөх тусам Ардчилсан нам доторх фракциудын өрсөлдөөн улам идэвхижиж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бүх юм хоёр талтай . Ардчилсан нам доторх фракци болгон өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг гэдгийг хүмүүс мэднэ. Гэхдээ бид аливаа асуудлыг хэлэлцээд нэг шийдэлд хүрч чаддаг.
-Та 2012 оны сонгуульд нэр дэвшихээр татвараа төлчихсөн үү?
-Үгүй. Миний хувьд нэр дэвших эрт байна. Төлөвших ёстой, бодлоготой байх ёстой, ард түмний итгэлийг хүлээх чадвартай болох ёстой, бодлого нь ойлгомжтой байх ёстой гэж боддог. 2012 оны сонгуулиар нам хаана ажилла гэнэ, би түүнийг л дагана.
-Парламентыг хоёр танхимтай болгох тухай асуудал яригдаж байна. Энэ асуудлаар Ерөнхий сайд улс төрийн намуудын дарга нарыг цуглуулж уулзсан. Ардчилсан нам уг асуудалд ямар байр суурьнаас хандаж байгаа вэ?
-Энэ талаар Ардчилсан нам байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ би энэ асуудалд хувийнхаа байр суурийг илүү илэрхийлдэг. Өнөөдөр парламентыг зөв гольдролд нь оруулах зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхдээ манайд 400-500 хүнтэй парламент дутагдаад байгаа юм уу, гэхээр үгүй. Улс төрийн намуудын тухай хуулийг зөв хийх ёстой. Улс төрийн намууд өнөөдрийнх шиг ийм байдалтай байх нь зөв үү, буруу юу. Хоёрдугаарт сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх ёстой.
-Таны бодлоор Улс төрийн намуудын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй вэ?
-Улс төрийн намуудын тухай хуульд сайн дурын хүмүүсийн нэгдэл байна гээд заачихсан. Тийм болохоор бодлого, бүтцийг нь тодорхойлж өгөх хэрэгтэй. Жишээ нь, нэг компани нам байгуулж болж байна. Нэг хүнтэй нам байгуулж болж байна. Намаар дамжиж улс төрийн бодлого хэрэгжих нь зөв үү, буруу юу. Арван хүнтэй нам байгуулчихаад би нам гээд гудамжинд хашхираад байвал улс төр яаж хөгжих юм бэ. Үүний дараа сонгуулийнхаа тогтолцоог бодож үзэх хэрэгтэй. Сонгууль соёлтой болох хугацаа хангалттай болсон шүү дээ. Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулсаны дагуу улс төрийн намууд шинэчлэн байгуулагдаж, парламентад аль болох олон намын төлөөлөлийг оруулах ёстой. Тэгж байж улс төрийн тогтвортой байдал, хөгжлийн тухай ярина уу гэхээс нэг хэсгээ гудамжинд жийчихээд цөөнх нь олонхтойгоо хамтарч улс орны хөгжлийг гацааж, тогтворгүй байдлыг үүсгэдэг жишгээс Монгол Улс салах цаг болсон.
-Ардчилсан намыг сөрөг хүчин байж чадахгүй байна гэж яриад байгаа. Тэгвэл Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр сууринаас ухарсан нь өнөөдрийн нийгмийн хөгжлийг гацааж байна гэж ойлгож болох уу?
-Сөрөг хүчин гэдэг дандаа сөрөхийн нэр. Зөв ч байсан буруу ч байсан сөрдөг. Монгол Улсын улс төр сүүлийн арван жил ийм байдалтай явлаа. Сөрсөнөөрөө бид юу хожсон юм бэ, гэдэг нь өнөөдөр асуултын тэмдэг хэвээр байна. Гэхдээ энэ миний л ойлголт. Манай Үндсэн хуульд нэг ийм ойлголт байдаг. Парламентад олонхи болсон нам хамтарсан Засгийн газар байгуулна гэсэн ойлголт байдаг. Гэтэл цөөнх нь хэн ч бай эсэргээрээ гэсэн үг мөн шүү дээ. Анх манай улсад сөрөг хүчнийг хэн тогтоосон гээч. 1997 онд Н.Энхбаяр Н.Багабанди гуайн оронд гарч ирээд тэр үеийн Ардчилсан намын хийж байсан зүйлсийг үгүйсгэж, хэчнээн сайдыг огцрууллаа. Түүнээс улс орон юу хожсон бэ. Дараа нь эсэргээр нь яваад бас юу ч хожоогүй. Энэ бүхнээс өнөөдөр сөрөг хүчин байх нь хэрэгтэй байна у, гэдгийг бодох ёстой. Харин сонгодог парламент яаж явдаг вэ гэхээр хамгийн олон суудал авсан нь парламент дахь намуудтайгаа зөвшилцөж Засгийн газраа байгуулдаг. Энэ Засгийн газрыг аль нэг нам, бүлэглэл унагахыг хориглодог хуультай. Хэрвээ зөвшилцсөн Засгийн газрыг унагах юм бол Ерөнхий сайд нь өөрөө парламентыг тараадаг хуультай. Та бүхэн харж байгаа биз дээ. Хэн нэгэн Засгийн газраар, УИХ-ын гишүүнээр оролддог ийм хариуцлагагүй байдал байсаар байна. Миний ярих гээд байгаа зүйл юу гэхээр парламентын хариуцлагыг аль өнцгөөс нь харах, хариуцлагыг хэнд тооцох юм. Парламент ямар бүтэцтэй байх нь чухал болохоос биш 76 хүнтэй байна уу, 760 хүнтэй хоёр танхимтай байна уу гэдэг нь асуудал биш.
-Таны хэлээд байгаа сонгодог хэлбэр лүү дөхөөд байгаа юм биш үү?
-Ер нь бол дөхөж байгаа. Гэхдээ бид ойлголцож зөвшилцөж байж урагшаа явна. Өнөөдөр намууд гишүүнчлэлтэй байх гээд хүн болгонд намын батлах тарааж, зарим нэг нь тав, зургаан намын батлахтай болж байна. Манай нэг гишүүн Ардчилсан нам МАН-ыг дуурайж батлах тараамааргүй байна. Ингэснээрээ тэр хүний сонгох сонгогдох эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байна гэсэн. Би үүнийг зөв гэж бодож байгаа. Хүн болгоныг улс төр лүү уруу татдаг, батлах нэрийн дор идээ будаа, мөнгө төгрөг тараадаг байдлыг хуулиар зохицуулахгүй бол хоосон яриад ямар ч нэмэргүй. Тэгэхээр улс төрийн эрүүл орчин гэж үүнийг л хэлээд байгаа юм. Одоо энэ талбай дээр жагсаал цуглаан хийгээд байгаа хөдөлгөөнийхөн бас нэг зүйлийг бодчихсон. Хүмүүсийг ямар нэг аргаар татаад байна. Ер нь, бид иргэдийнхээ эрх чөлөөнд бүдүүлгээр халдаад байгаа юм.
-Талбай дээр морь мал авч ирээд жагсаал цуглаан хийж байгаа хүмүүс эрхээ эдэлж байна гээд байгаа. Та улстөрч хүний хувьд юу хэлэх вэ?
-Иргэний эрх гэдэг тодорхой хэмжээний хуулийн хязгаартай байдаг зүйл. Бид эрхзүйт төртэй бол түүндээ захирагдаж амьдрах ёстой. Үүнээс хальж болохгүй. Бид яасан ч сайхан эрх чөлөөтэй юм. Яасан ч сайхан дураараа аашлаад сурчихсан юм. Хүн үгээ хэлэх, түүнийгээ ямар аргаар илэрхийлэх нь хувь хүний эрх мөн. Ард түмний сонголт зөв ч бай буруу ч бай зөвшөөрөөд явж байна. Сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдлээ. Тэртээ тэргүй ард түмэн сонголтоороо дүнгээ тавина. Миний хүсдэг зүйл юу гэхээр бүхнийг улс үндэстнийхээ тогтсон жишгээр явуулаасай гэж боддог. Сэтгэлийн хөөрлөөр явбал сайн зүйлийг авчрахгүй.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын жагсаал цуглаан зохион байгуулаад явж байгаа нь ёс зүйтэй зүйл мөн үү?
-Өөрөө хэлсэн байсан шүү дээ. Би улс төрөөс гарахгүй гэж. Тэр хүний хувийнх нь үзэл бодол. Ардчилсан нийгэм Н.Энхбаяр гэдэг хүнийг ингэж л хүмүүжүүлж гэж ойлгоё. Тэр хүнийг шүүмжилж ярих шаардлага алга. Би ч гэсэн өөрийнхөө үзэл бодлоор явж байна. Сонгууль болдогоороо л болно. Хэний ярьж байгаа нь зөв бэ гэдэгт ард түмэн дүнгээ тавина.
-2012 онд намууд мөнгө амлахгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурсан. 2008 оны сонгуулиар Ардчилсан нам нэг сая төгрөг, МАХН нам 1.5 сая төгрөг амласан. Энэ сонгуулиар тийм тохиодол гарахгүй гэх баталгаа байна уу?
-Сонгуулиар бэлэн мөнгө тарааж болохгүй гэдэг хуультай. Намууд ч мөнгө амлахгүй байх.
-Тэгвэл 2008 оны сонгуулиар хоёр нам 1-1.5 сая төгрөг амлаж хоёулаа хууль зөрчсөн гэсэн үг үү?
- Ардчилсан нам мөнгө амлаагүй. Та нар ялгааг нь хараарай. Ардчилсан нам эх орны хишиг эрдэнийн хувийг ард түмэндээ олгоё. Эрдэнийн хувь нь нэг сая төгрөгөөс эхлэнэ гэсэн болохоос биш нэг сая төгрөг өгнө гэж амлаагүй. Үүнийг мушгиж болохгүй. Харин МАХН 1.5 сая төгрөг гээд бэлэн мөнгө амлачихсан. Д.Эрдэнэбат худлаа хэлсэн байна уу, үгүй юу гэдгийг манай намын мөрийн хөтөлбөрөөс харчихаарай. Бас МАХН-ын мөрийн хөтөлбөрийг харахад аль нь бэлэн мөнгө амласан гэдэг нь аяндаа харагдана. Ардчилсан нам бэлэн мөнгө амлах ч үгүй. Харин иргэдээ баян чинээлэг байх тэр нөхцөл бололцоог бий болгохыг зорьж байна. Эрх орны хишиг, эрдэнийн хувийг гаргаж ирсэнээрээ бид баялгаасаа хүртэх эрхтэй болчихоод сууж байгаа биз дээ. Урьд нь тийм эрх бидэнд байсан уу. Байгаагүй.

URL:

Сэтгэгдэл бичих