Салбарын асуудлаа шийдэж хүчирдэггүй боловсролын яамыг сайдтай нь татан буулгая
Их, дээд сургуулиудыг сургалтын төлбөрөө хэдэн хувиар нэмэхийг чих тавин хүлээж суусан, оюутнууд тэдний эцэг эхчүүдийн сүүлчийн найдвар тасрав. Энэ бүх хүний итгэлийн галыг БШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрөгч лхагва гаригт хэвлэлийнхэнд хандах үеэрээ нэг мөсөн үгүй хийсэн юм.
Оюутнууд зуны амралтаараа ийш тийшээ таран одоод, намар хичээл эхлэх үеэр цуглахдаа нэг их сэтгэлийн шаналалд унадаг нь сургалтын төлбөрийн асуудал. Ганц тэд ч биш тэдний ард үр хүүхдээ дээд боловсролтой иргэн болгочих гэсэн олон мянган эцэг эхчүүд арга мухардан хоцордог.
Нэг үгээр хэлбэл, их, дээд сургуулиуд жил бүр л ямар нэгэн шалтаг тоочиж, сургалтын төлбөрөө тодорхой хувиар нэмэх болсоор олон жилийг үдэж буй. Нэг ёсондоо намрын намарт сургалтын төлбөр нэмэгддэг нь гэм биш зан болоод тогтчихсон. Манай улсын 152 их, дээд сургууль, коллежид 150 гаруй мянган оюутан суралцаж буй.
Тэдний 120 нь нийслэлд 30 нь хөдөө орон нутагт дээд боловсрол эзэмшиж байна. Нэг үгээр хэлбэл, 150 гаруй мянган өрх айлын амьдралд намрын намарт маш том санхүүгийн өөрчлөлт гардаг гэсэг үг. Эдгээрээс 2-3 оюутантай айл өрх ч цөөнгүй бий. Ийм айлуудад сургалтын төлбөрийн нэмэгдэл хүнд ачаа болж очдог нь дамжиггүй.
Салбарын сайдын амыг харан суусан энэ олон айл өрийн итгэлийн гал хэдийнэ бөхчихөөд байна. Сайд хэлэхдээ “Бид сургалтын төлбөрийг хазаарлах боломжгүй.
Сургуулиуд төлбөрөө нэмэх эсэх нь тэдний дотоод асуудал” гээд морийг нь эмээллээд өгчихлөө.
Бүхэл бүтэн улс орны боловсролын системийг толгойлж байгаа хүний амнаас гарч буй үг гэхэд дэндүү хариуцлагагүй байгаа биз. Нэг ёсондоо надад хамаагүй ээ, та нар өөрсдөө ярьж байгаад төлбөрийнхөө хувийг тогтоо гээд зөнд нь хаячихаж байгаатай агаар нэг асуудал юм.
Угтаа нэгэнт тогтсон хана хэрмийг нурааж чадахгүй юм бол сайд гэж байхын хэрэг бийсэн билүү. Эрхэм сайд салбарынхаа тулгамдсан асуудлыг ийнхүү үл тоосноо ингэж тайлбарласан. “Сайдын мэдэлд байхгүй асуудал, өнгөрсөн жил их, дээд сургуулиудыг төлбөрөө нэмж болохгүй гэж хэлээд буруудсан” гэсэн юм.
Тэгэхээр үүнийг сайд суудалдаа үлдэхийн тулд салбартаа тулгамдсан асуудалд оролцохоос татгалзлаа гэхээс өөрөөр ойлгох боломж үнэндээ алга. Үгүй гэх нь ээ сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг асуудлыг тогтоон барих, цаашлаад зөвхөн их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл бус яам болон Засгийн газраас төлбөрийн хэмжээг тогтооход оролцох хөндлөнгийн хянагч байлгадаг байх асуудлыг эрхэм сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд гаргаж тавих гарц байсан.
Нөгөөтэйгүүр хэрвээ үнэхээр нэмэх шаардлагатай байгаа бол зайлшгүй шалтгаануудынх нь эдийн засгийн тооцоо үндэслэлийг хөндлөнгийн хяналтаар шалгуулж, үнэн зөвөөр тогтоолгож болох байлаа. Гэхдээ мэдээж сайдад чин сэтгэл байсан бол сургалтын төлбөрт хориг тавихгүй юм аа гэхэд хазаарлаж болох боломж бүрэн байлаа. Гэвч тэр хүссэнгүй.
Өнөөдөр үнэндээ улс орны хэмээнд байгаа 150 гаруй мянган оюутан, тэдний ар гэрийн санхүүгийн асуудлыг их дээд сургуулиудын удирдах зөвлөл гэх 60-аадхан хүн л шийдчихэж байна шүү дээ. Сайд хэлэхдээ “Сургалтын төлбөрийг зөвхөн тухайн сургуулийнхан хоорондоо яриад шийдчихдэг юм биш, энэ зөвлөд чинь оюутны холбооны төлөөлөл багтдаг гэж муйхарлаж байх юм.
Түүнийхээр бол оюутны холбооныхон нь ч бас сургалтын төлбөр тогтооход оролцож, шийдвэр гаргадаг, улмаар удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжээд сургалтын төлбөрөө нэмэхийг хүлээн зөвшөөрөөд сууж байдаг гэх гээд байна л даа. Тэгвэл уучлаарай сайд аа, сургуулиудын Удирдах зөвлөл гээчид чухам хэн хэн багтдагийг та ядаж гадарлах байх гэж найдаж байна.
Тэнд чинь тухайн сургуулийн аль л олон жил ажилласан, цол хэргэм, цалин пүнлүү өндөртэй, доль цохисон нөхдүүд суудаг юм шүү дээ. Энэ луухгарууд нэг муу оюутны холбооныхны саналыг ёстой хүлээж авлаа юу. Бидэнд төлбөрөө нэмэх зайлшгүй ийм ийм шалтгаан байна, чи муу хүүхэд юугаа мэдэхэв дээ гээд нэг том дуугарсан байхад л нам шүү дээ.
Асуудал ингээд л гүйцээ. Мэдээж удирдах зөвлөлд багтдаг луухгарууд өөрсдийнхөө авдаг өндөр цалинг өсгөе гэж бодно уу гэхээс бахь байдгаар нь байлгаад байхыг хүсэхгүй. Энэ ч аргагүй асуудал. Суудал бөглөж, наргиж, цэнгэсэн дарга сэтэртнүүдийн балгаар улс орны эдийн засаг хүнд байдалд орсон, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан энэ үед авдаг цалингаа нэмүүлэхийг хүсэхгүй хэн байхав.
Энэ л утгаараа сургуулиудын сургалтын төлбөр тэнгэрт хадчихаад байна. Нөгөөтэйгүүр ганцхан сургалтын төлбөрөөрөө санхүүждэг сургуулиудыг төлбөрөө нэмлээ гэж буруутгах нь бас өрөөсгөл.
Өөрөөр хэлбэл, гаднын орнууд шиг дотоод нөөц бололцоо, боловсон хүчнийхээ чадал, тэднийхээ ажлаар гадна дотноос мөнгө босгоод санхүүгээ болгочихдог сайн менежменттэй сургуулиуд шиг ажиллаж буй ганц сургууль манай улсад байхгүй байгаа нь бодит үнэн. Энэ бол төр сайн менежер байж чадаагүйн тод жишээ.
Угаас сургуулиудын сургалтын төлбөрийг төр анхаардаггүй, барьж чаддаггүй энэ үед салбарын сайд нь ядаж санаачилгатай, бодолтой байвал энэ асуудлыг бага ч болов хазаарлаж болох боломж харагдаж байгаа юм.
Гэвч зөөлөн суудалтайгаа удаан зууралдахыг хүссэн боловсролын сайд нь энэ асуудлаас зай барьчихаар сургалтын төлбөр гэгчид анхаарал хандуулах хүн үнэндээ олдохгүй нь тодорхой болчихлоо. Л.Гантөмөр сайд энэ цаг үед боловсролын салбарт нэн тулгамдсан асуудал болоод буй сургалтын төлбөрөөс “нэрээ татахдаа” зүгээр ч нэг босоод явчихсангүй.
Даарин дээр нь давс нэмээд би мэдэхгүй, санал оруулахгүй, тэгэхээр засаг ч шийдэхгүй. Тиймээс сургалтын төлбөрөө хэдэн хувиар нэмэх чинь та нарын асуудал гээд хаячихлаа. Одоо тэгэхээр сургуулиудын Удирдах зөвлөлийнхөнд л залбирахаас өөр гарц оюутнуудад үлдсэнгүй.
Дээд боловсролын хэлтсийг татан буулгая
Нөгөөтэйгүүр сургалтын төл- бөрийн асуудал ид хүчээ авч буй энэ үед БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дээд боловсролын хэлтэст ажил хийдэг хүн байна гэж итгэхэд үнэхээр бэрх байна. Угтаа энэ газраас л асуудалд оролцож, аль болох нааштай байдлаар зохицуулах талаас нь ажилламаар юм.
Гэтэл нүдэн балай, чихэн дүлий нам суухын юуны учир вэ. Нэгэнт л харьяалах асуудалдаа оролцох ч эрхгүй, асуудал шийдвэрлэхэд хуруу биш юм аа гэхэд хошуу нэмэрлэчихэж чадахгүй ийм хэлтэст мэргэжилтэн, ажилтан гэх хүмүүсийг түмэн олны татварын мөнгөөр тэжээж суухын хэрэг байна уу.
Үнэндээ энэ хэлтсийнхэн гадаад дотоодын тэтгэлэг, төсөл хөтөлбөрүүдийг нааш цааш нь хийхээс хэтрэхгүй л сууна. Нэг үгээр бол, тогоотой шөлний тосыг нь хамаад л сууж байгаа улс.
Гэтэл тогоон дотор тунасан тэр олон арзгар барзгар асуудалд хүрээд, шийдвэрлэх, чадахгүй юм аа гэхэд шийдвэрлэхэд нэмэр тусаа ч оруулж чадахгүй байгаа нь харамсалтай. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед их, дээд сургуулийн сургалтын төлбөр, үүнийг дагасан сургалтын орчин, чанар гэх мэт бүх асуудал энэ хэлтсийн анхааралд зүй ёсоор багтаж байх ёстой.
Гэтэл ус балгасан юм шиг ган дуугүй суугаа хүмүүсийг ажлаа хийж байна гэж итгэхэд үнэндээ бэрх байна. Нэгэнт эрхлэх асуудалдаа хуруу ч дүрж чадахгүй байгаа энэ хэлтсийг татан буулгах цаг болсон шиг ээ.
Засагтаа захирагддаггүй сургуулиудыг улсын гэж нэрлэх хэрэг байна уу
Манай улсын дээд боловсролын салбарт ажиллаж буй сургуулиуд бүгд л Монгол хэмээх нэрээр овоглож, үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг үгээр хэлбэл, энэ нэршлийн цаана бид энэ улсад багтаж, энэ улс, түүний засаг захиргаанд харьяалагдаж, захирагдан ажиллаж байна гэх утга дагалдаж буй.
Гэтэл манай дээд боловсролынхон үүнийгээ хараахан ухаардаггүй бололтой. Дэндүү том толгой гарган, данхалзаж буй нь хэний ч нүдэнд илхэн. Үүний тод жишээ бол дур мэдэн сургалтын төлбөрөө хүссэн хэмжээгээрээ нэмдэг асуудал. Тэд жил бүр л ямар нэг шалтаг гаргаж ирээд төлбөрөө нэмдэг.
Гэсэн атлаа үүнийгээ яам болон төр, засгийн удирдлагуудтай харилцан тохиролцоод, ширээний ард сууж байж эцсийн шийд гаргасан нь үгүй. Тэр ч бүү хэл, өнгөрсөн жил л гэхэд их, дээд сургуулиудын захирлуудыг салбарын сайд нь хүлээн авч уулзаж, төлбөрөө нэмэхгүй байхыг анхааруулсан.
Цаашлаад Засгийн газраас 1,4 хувиас хэтрүүлэлгүй нэмэх шаардлага тавьсан. Гэвч харамсалтай нь их, дээд сургуулийн захирлууд дээрх бүх шаардлагыг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихсан. Нэг үгээр хэлбэл, тэдний чихэнд алт ч хийсэн, ус ч хийсэн сэгсэрдэг болоод удаж байна.
Үнэндээ тэдэнд засгаас давсан эрх мэдэл байна гэсэн үг. Энэ жилийн тухайд салбар хариуцсан сайд морийг нь эмээллээд өгчихсөн энэ үед төлбөр хэмээх мориндоо мордоод нэмэгдэл гээч рүү хүссэн хурдаараа хурдалж чадахгүй бол ёстой азанд муу юм болох биз.
Ийнхүүү салбар дахь асуудлаа шийдэж, шийдэж чадахгүй юм аа гэхэд шийдэлд хүрэхийн тулд ажиллаж чаддаггүй салбарын сайд цаашлаад яам гэж байгаад хэрэг байна уу.
Нэгэнт л сургуулиуд дотоод журмаараа асуудлаа шийдээд явчихаж байгаа энэ үед бүгдээрээ Монгол Улсын гэх тодотголоо авч хаяад хэний ч хараа хяналтгүйгээр хүссэнээрээ үйл ажиллагаагаа явуулдаг болчихсон нь дээр юм биш үү.
Эх сурвалж: Үнэн.мн
URL: