Сэтгэцэд нөлөөлөх ургамлыг устгажээ
Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис, хэрэглээтэй тэмцэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг устгах “Устгал” нэгдсэн арга хэмжээг явуулж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Улсын мөрдөн байцаах газар болон Эрүүгийн цагдаагийн газар, орон нутгийн Цагдаагийн газар хэлтсийн алба хаагчид төвийн бүсийн болон хот суурин газрын ойр орчмын нутаг дэвсгэрийн ойролцоо ургах ургамлуудыг устгах ажил хийж гүйцэтгэлээ.
Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлж ял шийтгэхээс илүү сэтгэцэд нөлөөт бодис агуулсан гэмт хэргийн хэрэгсэл болсон ургамлыг устгасан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх маш чухал ажил юм.
Устгал хийгдсэн тухайн нутаг дэвсгэрүүд нь нийслэл хотоос болон хот суурин газрын иргэд, залуучууд очиж ургамал түүх, хэрэглэснээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, шалгагдах хор уршигтай байсан тул цагдаагийн алба хаагчид тухайн газар нь очиж устгал хийж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Уг ургамлыг устгах ажиллагаа өмнө хийгдэж байгаагүй бөгөөд энэ удаагийн устгалын ажлыг Цагдаагийн байгууллага өөрсдийн дотоод хүч бололцоогоор хийлээ. Энэ ажиллагаа нь үр дүнтэй байдаг ч зардал их гарч байна. Ийм учраас энэхүү устгалыг жил бүр зохион байгуулж, гарах зардал төсөвийг ирэх жилээс төсөв, санхүүжилтийг шийдүүлэх шаардлага гарч байна.
Мөн энэ ажлын хүрээнд Батоникийн хүрээлэнгийн ургамал судлаач болон мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, УМБГ, ЭЦГ-ын холбогдох алба хаагчид хамтран мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис, ургамлын тархац, хор уршиг, хэрэглээний үед гарах бие аргоникийн өөрчлөлт, түүнийг илрүүлэх зэрэг сэдвээр тухайн орон нутгийн цагдаагийн алба хаагчдын дунд мэдээлэл, сургалт зохион байгуулсан.
Энэ сургалтыг зохион байгуулснаар алба хаагчдын мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис, хэрэглээтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгахад мэргэжлийн ур чадварыг сайжирч байгаа юм.
URL: