Хямралыг өрдсөн хариуцлагагүй мэдэгдлүүд

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

ӨМНӨ НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАР ЗЭЭЛЭЭД ТАРААЧИХСАН УЧРААС ОДОО ХОМСДОЛД ОРЧИХЛОО

“Үндэсний шуудан” 2013.8.09

 

МАН-ын дарга Ө.Энхтүвшин:

МАХНЫ ҮНЭ 1200 ТӨГРӨГ БАЙНА ШҮҮ ДЭЭ

“Sonin.mn” 2013.4.05

 

БХБ-ын сайд Ц.Баярсайхан:

ИРГЭД ТЭВЧЭЭРТЭЙ БАЙВАЛ ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРНА

“Eagle.mn” 2013.8.20

 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн:

ИРЭХ ХАВРААС ОРОН СУУЦНЫ ҮНЭ 30-40 ХУВИАР БУУРНА

“Улс төрийн тойм” 2013.8.21

Ж.ЦОГЗОЛМАА

Монгол Улсад хямрал хэдийнэ бий болчихсон хэмээн эдийн засагчид сануулж байна. Энэ нь ч иргэдийн хэтэвчин дэх мөнгө хэрхэн үнэгүйдэж, валютын ханш өндрөө авч, хөрөнгө оруулалт царцаж, үнийн өсөлт хяналтаас гарч буйгаар гэрчлэгдэж байна. Энэ хүндхэн үеийг далимдуулж Засгийн газар, улстөрчдийн зүгээс арга хэмжээ авах, арга зам хайх тухай ярихын оронд тодорхойгүй байдал үүсгэж, хариуцлагагүй мэдэгдэл хийх нь ихэсч байна. Тиймээс тэдний заримаас тоймлон хүргэж байна.

 

БИД ХЯМРАЛЫН ХААНА ЯВНА ВЭ?

Монголын эдийн засагт хямрал босго даваад хоймор тийш залрахаар улайрч байна. Үнийн өсөлт, хөрөнгө оруулалтын бууралт, валютын ханшийн чангарал зэргээр иргэдийн хэтэвчийг тэмтчиж байна. Манай эдийн засагт найман их наяд төгрөг эргэлдэж байгаа бол түүний бараг тэн хагасыг Засгийн газрын зардал эзэлж байгаа. Засаг нь бизнестэйгээ өрсөлдөөд, эдийн засаг нь хямрахаар хувийн хэвшлээ дэгээдэж унагах хэмжээнд томоохон ухралтад орчихож. Бидэнд уг нь хямралын талаар сургамж бий. 2009 оны эдийн засгийн хүнд үед 77 мянган хүн ажилгүй болж, банкууд зээлээ татрааж, эцэст нь бид ОУВС-гийн “эрчимт эмчилгээ”-нд шилжиж байсан.

Харин энэ удаад бол Оюутолгой төсөл дахин гацаж 2000 хүн ажилгүй болоод байна. Өнгөрсөн оны зунаас л эдийн засаг дахь “цаг агаар” хүйтэрч эхэлсэн. Одоо байдал улам хүндрэх шинжтэйг судлаачид эхнээсээ хэлээд байна. Зөвхөн энэ оны эхний улиралд гэхэд манай эдийн засгийн өсөлт 7.2 хувьд хүрч, 2009 оны хямралын үед ойртож очсон юм. Харин улсын төсвийн хувьд энэ онд 1.5 их наяд төгрөгөөр дутахаар байна. Анхнаасаа Оюутолгойн орлогыг тооцож төлөвлөчихсөн ч тэр нь гацчихаар яалт ч үгүй төсөв ийнхүү сох дутахаар байгаа юм. Ингэхээр улсын төсвийн одоо яригдаж буй хөрөнгө оруулалтыг шууд зогсоож танах цаг ирснийг эдийн засагчид санууллаа.

 

ГАНЦ САРЫН ДОТОР ХАНШ 110 ТӨГРӨГӨӨР ЧАНГАРЛАА

Өнгөрсөн сарын 19-нийг хүртэл ам.долларын ханш 1470 төгрөгт багтаж байв. Тэр өдөр Оюутолгойд манай талаас захидал илгээсэн байдаг. Түүнээс хойш ганцхан сарын дараа буюу өчигдөр ам.доллар 1580 төгрөгтэй тэнцэж байлаа. Зөвхөн 2011 онд гэхэд Оюутолгойг тооцохгүйгээр манай улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 тэрбум ам.доллар байсан бол одоо 500-хан сая. Үнэн хэрэгтээ манай улсад эзлэх Оюутолгойн хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын бараг 60 хувийг эзэлж байна. Улстөрчдийн тодорхойгүй, ойлгомжгүй мэдэгдлүүдийн дундуур эдийн засаг маань сөхөө авч амжаагүй байхад Оюутолгой ийнхүү Монголын хувь заяаг шийдэх хэмжээнд хүртлээ томорчихож.

 

ТЭВЧ, ИТГЭ, МАХНЫ ҮНЭ 1200 ТӨГРӨГ…

Улстөрчид энэ мэт мэдэгдлийг олон нийтэд ямар ч хяналтгүйгээр “цацаж” байна. Тэдний хэлсэн нэг үг, өгүүлбэр бүхэн зах зээлд шууд дохио болдгийг уг нь анзаардаг л баймаар. Өнөөдрийг хүртэл орон сууцны үнийг мухар сүсгээр зохицуулах ухааны юм яриад сууж байгаа салбарын сайдын үг иргэдэд дэм болох уу, эсвэл гэм болох уу. Улс орноо хөгжүүлнэ гэж, бидний хэтэвчин дэх мөнгийг арвижуулна гэж, биднийг өр зээлэнд унагахгүй гэж сонгогдсон Засгийн газрын тэргүүн маань хүртэл анхнаасаа л өрөнд орох “зорилго”-тойгоор ажилласан мэт ярилцлага өгөөд сууж байна. Дайран дээр давс гэгчээр БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн ирэх хавраас орон сууцны үнэ 30-40 хувиар буурна гэсэн мэдэгдэл хийж орхилоо. Түүний үгээр бол өнөөдөр 30 хувийн урьдчилгаагаа төлөөд орон сууц худалдан авч байгаа хүмүүсийн гаргасан мөнгө үнэгүйдэж таарч байна. Тэгээд ч зогсохгүй орон сууцны зээл өгч байгаа банкууд хүртэл ийм хэмжээний алдагдал хүлээнэ гэсэн үг. Салбар удирдаж, иргэдийн амьжиргааг өөдтэй байлгах гэж сонгогдсон хүмүүс нь энэ мэт хариуцлагагүй мэдэгдэл хийхээс өөр ажилгүй болсон бололтой.

Хүмүүс амраад, хаа сайгүй налгар намар айлссан болохоор олны нүдэнд ажлаа хийж байгаа гэж харагдах гээд улстөрчид ёстой л “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгч болов. Энэ нь хямралыг давах гэж хөлсөө дуслуулан ажиллаж байгаа иргэдийнхээ төлөө биш харин хямралд “ташуур” өгөхөөс өөр ид шидгүй билээ.

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих