Наймаачид талбай, лангуугаа манаж хонодог болжээ
Эх сурвалжийн мэдээллээр “Нарантуул” захын наймаачид зах дотроо лангуу талбайгаа ээлжээр манаж хоноцгоож байгаа ажээ. “Нарантуул” зах болон хүнсний бөөний төвийн өргөтгөл хоёрын дундуурхи замыг хасах, төв замаас “Нарантуул” зах руу хойноосоо шууд ордог зам тавих ажил хийх гэж буйтай холбогдуулан тус захыг энэ сарын 19-20-нд амраахаар шийдвэрлэсэн. Харин наймаачид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Зам засварын ажлыг наймаачид хэт улстөржүүлж байгааг хэлэх хүмүүс байгаа бөгөөд “Хоёр хоног биш арав хоног хааж, “Дүнжингарав” худалдааны төвд боломж олгох гэж байгаа юм. Яваандаа захыг хааж, түрээслэгчдийг нь татах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна” хэмээн наймаачид хардаж байгаа бололтой. Өнөө өглөө гарсан галыг ч гадны нөлөөтэй байж магадгүй гэж наймаачид хэдийнэ хардаж эхэлсэн байна. Хоёр хоногийн өмнөөс цагаан хоолойгоор наймаачдыг зах, лангуугаа манаж хонохыг уриалж эхэлжээ.
Б.Сансар /ipost.mn/
URL: