Хот хоорондын тээврийн хэрэгслүүдийг ирэх сарын 1-нийг хүртэл шалгана

hot_hoorond_bus-middleНийслэлийг зорих оюутны урсгал ихэсч байгаатай холбоотойгоор хот хоорондын нийтийн тээвэрт хяналт шалгалт хийж эхэлсэн байна.

Энэ талаар Автотээврийн үндэсний төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбатаас тодрууллаа.

-Хот хоорондын нийтийн тээвэрт хяналт шалгалт хийж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Авто тээврийн үндэсний төв Улсын төсөвт үйлдвэрийн газар нь хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааны хяналтыг зохицуулж зохион байгуулж ажилладаг. Тиймээс чиг үүргийнхээ хүрээнд нийтийн тээвэрт гарч байгаа техникийн эвдрэл саатал болон осол аваараас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байгаа.

Тухайлбал, таван чиглэлд 24 цагийн буюу өдөр тутамд хот хоорондын нийтийн тээвэрт хяналт тавьж байна. Уг шугам замын шалгалт энэ сарын 10-наас ирэх сарын 10-ныг хүртэл бүтэн сарын хугацаанд үргэлжилнэ. Шалгалтыг ЗЦ Г, Авто тээврийн үндэсний төв хоёр хамтран зохион байгуулж байгаа.

-Шалгалтаар нийтийн тээврийн хэрэгслүүдийн ямар зөрчил дутагдлуудыг нь шалгаж байгаа вэ?

-Хот хооронд явдаг нийтийн тээврүүдийн техникийн бүрэн бүтэн байдал, авто тээврийн тухай хууль болон түүнд мөрдөгдөж байгаа дүрэм журмын хүрээнд шалгалт хийгдэж байгаа. Орон нутгаас Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа чиглэлүүдийн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах ажил хийгдэж байгаа.

-Шалгалт эхлээд нэлээд хугацаа өнгөрч байгаа юм байна. Одоогоор хэчнээн зөрчил дутагдал илрээд байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийтдээ 2270 тээврийн хэрэгслүүд шалгагдаад байна. Үүнээс зөрчил гаргасан буюу хууль бус хувиараа хүн тээвэр хийсэн 521, газар дээр нь арилгуулсан 294, торгууль шийтгэлээр 220 зөрчил илрүүлээд байгаа. -Таван чиглэлд хяналт шалгалтын пост байгуулсан гэлээ. Яг хаана хаана байрлаж байгаа вэ? -Төв аймгийн Лүн сум, Тэрэлжийн наана Цонжинболдог чиглэл, Төв аймгийн Баянчандмань, Өндөрдов, Багануурын Хэрлэнгийн гүүр гэсэн таван чиглэлд яг одоо нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байгаа.

-Шалгалтаар ихэвчлэн ямар зөрчил нийтлэг илэрч байна вэ?
-Шалгалтаар нийтлэг илэрч байгаа зөрчил нь орон нутгаас Улаанбаатарт ирж байгаа тээврийн хэрэгсэлүүд нь техникийн болон бичиг баримтын хувь ихэвчлэн зөрчилтэй байгаа. Түүнчлэн хүн, ачаа хольж тээвэрлэх зөрчил нэлээд их гарч байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгаас хамаатныхаа пургон маркийн машинд 20 гаруй хүн сууж ирж байна. Гэтэл хууль дүрмээрээ бол нэг пургон маркийн машинд 10 хүн суух зориулалттай байх жишээтэй. Түүнчлэн Өвөрхангай аймгаас Улаанбаатарт ирэхдээ хувийн суудлын жижиг тэрэгтэй 8-9 хүн чихээд сууж ирэх зэрэг зөрчил их гарч байгаа.

-Хот хоорондын нийтийн тээврийн тариф нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар тодруулаач?
-Оюутнууд ирж буйтай холбоотойгоор найдваргүй тээврийн хэрэгсэлтэй зорчигчид олноороо ирж байгаа. Тиймээс зорчигчдын аюулгүй байдлын үүднээс нэмэгдэл нийтийн тээврийн хэрэгслүүдийг гаргаж байгаа. Тухайлбал, өдөрт Улаанбаатар хотоос Баян-Өлгий чиглэлд 3-4 том оврын автобусыг гаргасан. Гэтэл гурван автобус нь нийслэлээс хоосон гарах тохиолдолд их байгаа. Харин сум суурингийн нийтийн тээврийн чиглэлд тариф нэмсэн зүйл байхгүй. Гэтэл зарим иргэдийн дунд ташаа ойлголт тарж нийтийн тээврийн үнэ тариф нэмэгдсэн гэх яриа гараад байгаа. Тиймээс төрийн зохицуулалтаар тариф нэмэгдсэн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл гарах болсон шалтгаан нь хувиараа явж байгаа тээврийн хэрэгсэлд Улаанбаатар руу ирэх зорчигчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор манайхаас баталж өгсөн үнийг нэмсэнтэй шууд холбоотой.

-Хот хоорондын нийтийн тээвэр стандарт шаардлагад нийцсэн аюулгүй гэдгийг хэрхэн баталгаажуулж байгаа вэ?

-Авто тээврийн үндэсний төв маань зорчигчдынхоо ая тух амгалан тайван байдлыг хангах үүднээс нэгэн том ажил эхлүүлээд байгаа. Тодруулбал, энэ сарын 1-нээс ирэх сарын 1-нийг хүртэл хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд Улаанбаатараас гарч байгаа бүх тээврийн хэрэгслүүдийг нэг бүрчлэн Сонгинохайрхан дүүрэгт байрлах техникийн үзлэг оношлогооны төвд үнэ төлбөргүй оруулж, техникийн үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа. Оношлогоонд тэнцсэн тээврийн хэрэгслийг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаж байна. Уг ажил нь маш шинэлэг болж байгаа. Тиймээс хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн зорчигчдод уриалан хэлэхэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж байна. Хууль бус тээврийн хэрэгслээр илүү мөнгө төлж зорчихгүй байхыг уриалъя.

-Хууль бус тээврийн хэрэгслээр зорчиж байгаад ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд танай байгууллагад хандах тохиолдол байдаг уу?

-Хууль бус буюу хувь хүний стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр зорчиж байгаад хол замд олон цагаар эвдэрч саатаад манай байгууллага руу холбогдож тусламж гуйх тохиолдол маш их ирдэг. Тиймээс иргэд стандартын шаардлага хангасан, төрийн зохицуулалтаар явж байгаа нийтийн тээврээр зорчоосой гэж хүсч байна.

-Төрийн зохицуулалтаар явж байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал гомдлоо зорчигчид хэнд хандаж хэлэх ёстой вэ?
-Манайд 24 цагийн байнгын утастай диспичер ажиллаж байгаа. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан авто вокзал дээр 24 цагийн диспичер ажиллаж мэдээлэл өгч, санал гомдол хүлээн авдаг. Нийслэлийг зорих оюутны урсгал ихэсч байгаатай холбоотойгоор манай төв дээр 24 цагаар диспичер ажиллаж байгаа. 5306005, 70112859 гэсэн утсаар манай төвтэй холбогдож болно.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих