Эмэгтэй хүний асуудал бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш
Финландын зураач Галлэн-Каллэла зуржээ. Энэ зураг нь Финланд ард түмний домгоос эх авсан зураачийн зураг. Уг домогт өгүүлэхдээ Финландын хийсэн дайны үеэр хүүгийнхээ амийг алдсан нэгэн ээж дайны талбар дээр ирж хүүгийнхээ цогцсыг хайгаад олдоггүй. Түүний хүүгийн биеийг хэдэн хэсэг тасдаад хаяжээ. Хүүгээ хайсан ээж хүүгийнхээ хэрчигдэн хаягдсан биеийн хэсгүүдийг цуглуулан хүүгийнхээ биеийг бүтэн болгож чаддаг. Энэ зургийн цаад агуулга гэвэл хүүгээ ээж хүн л ингэж бүтэн болгох хэрэгтэй л гэсэн агуулгатай. Аливаа улс үндэстэн босож өндийх гэвэл цаашлаад хөгжиж амжилттай явцгаах гэвэл энэ л зурагт гардаг шиг эхлээд сайн ээж нарыг бэлдэх. Тэр сайн ээж сайн хүүхдүүдийг төрүүлж бүтэн болгож чадах чадвартай байх ёстой. /Тайлбарыг номоос авав/
Тэгвэл Монголд байдал ямар байна вэ? Энэхүү асуудлыг тодруулан гаргахын тулд дараах асуудлуудын дагуу та бүхэнд хүргье.
Эмэгтэй хүний тухай
Өүлэн эхийн удамт ухаант эмэгтэйчүүд хэмээн магтан шүлэглэж, уянгалуулан дуулахаасаа өмнө эмэгтэй хүн гэж хэн бэ? эм хүйс гэж юу вэ? эмэгтэй хүн ба эрэгтэй хүн хоёрын ялгаа юу вэ? Биологийн болон психологийн буюу сэтгэлийн хувьд ямар ялгаатай вэ? Орчин үеийн нийгэмд эмэгтэй хүний үүрэг юу вэ? Эх хүний үүрэг юу вэ? Цаашлаад өнөөдөр бидний моодонд оруулаад байгаа “жендер” гэдэг нь заавал эрэгтэй хүнтэй адилхан болох гэсэн эмэгтэйчүүдийн ойлголт уу? тодорхой болгох хэрэгтэй.
Асуултуудыг цааш жагсаагаад байж болно. Гэвч эдгээр асуултууданд хариулж чадсан уу? Монголд энэ талаар судалсан цогц судалгаа байна уу? Монгол автортай ном байна уу? Харамсалтай нь Монгол эмэгтэй хүнийг биологийн болоод психоанализийн талаас нь философийн болоод шинжлэх ухааны үндэстэйгээр нухацтай судалсан судалгаа өнөөдөр үгүйлэгдсээр. Ерөнхий боловсролын сургуулиудад эмэгтэй ба эрэгтэй хүйсүүдийн онцлогийн талаар, хоорондын ялгаа, хэрхэн хоорондоо харилцах, хэрхэн биеэ авч явах вэ гэсэн сэдвээр хичээл ордог уу?
Өнөөдөр ажиглаж байхад ерөнхий боловсролын сургуульд эмэгтэй эрэгтэй хүмүүсийн биологийн онцлогуудын тухай заадгаас психологийн буюу сэтгэлийн талаас нь мэдлэг олгох нь орхигдсныг хэлэх хэрэгтэй болов уу? Тиймээс энэ талаар ерөнхий боловсролын сургуулиуд болоод их дээд сургуулиудад хичээл болгож оруулах шаардлагатай байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн тухай ярилцахаар асуулт, асуулт бас асуултууд ар араасаа цуварч байна. Энэ бүхэнд бид хариулах ёстой. Хэрэв үгүй гэвэл зөвхөн түүхэн хатдын нэрээр ээж, эмэгтэйчүүдээ цоллон өргөмжлөл гардуулахаас цааш хэтрэхгүй нь. Бодит амьдрал дээр эмэгтэйчүүдийн эрх нь зөрчигдсөөр л.
Францын философич эмэгтэй Симон Дэ Бувуар “Нөгөө хүйс” буюу “Хоёрдугаар хүйс” нэртэй номоороо эмэгтэй хүний нийгэмд орчин үед ямар онцлогтой тухай бичсэн. Манайд энэхүү номыг “Дайвар хүйстэн” хэмээн буруу орчуулжээ. Түүний энэ бүтээл 20-р зууны феминизмийн хөгжилд онцгой байр эзэлдэг. Номондоо зохиогчийн гарган тавьсан гол асуудлууд гэвэл “эмэгтэй хүн заавал эр нөхрийнхөө эхнэр болж дарагдах нөгөө талаас ээж болж эх хүний үүрэг гүйцэтгэх түүний хажуугаар ажил хийж эдийн засгаа тооцох гэх мэт яах ч боломжгүй хоорондоо зөрчилтэй амьдралаар амьдардаг тухай асуудлууд”. Эрэгтэй хүн бол субьект харин эмэгтэй хүн бол объект гэжээ. Эмэгтэй хүн дарагдах ерөөсөө нийгмийн нөхцлөөс шалтгаалдаг. Эмэгтэй хүн болж төрдөггүй харин эмэгтэй хүн болгодог” гэжээ.
Эр эм хүйсийн тухай биш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухай ярьж байгааг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр Монголчууд бид “Тэнгэрийн бүсгүй”, “Хатдын удам” хэмээн шүлэглээд бас уянгалуулан дууллаач эмэгтэй хүний бүрэн ойлгож чадахгүй нь ойлгомжтой.
Монгол эмэгтэй хүний өмнө тулгамдсан асуудлууд
Монголын нийгмийг хараад эмэгтэй хүний амьдралыг харвал асуудал, асуудал бас дахин асуудал гэсэн эмэгтэй хүний өмнө тулгамдаж буй олон асуудлуудын уртаас урт жагсаалт үүсэхээр байна. Аливаа нийгэм хямарч ядуурал газар авахад хамгийн их хэлмэгддэг нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг тухай судлаачид бичсэн байдаг. Тэгвэл яг л тэр үзэгдлийг өнөөдрийн Монголын нийгмийн амьдралаас харж болж байна. 1990 оноос хойш төрийг нь эрэгтэйчүүд барьсан бол нийгмийг эмэгтэйчүүд авч явж ирлээ.
Яагаад эмэгтэй нийгмийн авч явж байна вэ гэхээр үүнд бас шалтгаантай. Өмч хувьчлал нэрээр бүхий л аж үйлдвэр, заводоо устгаснаар эрэгтэйчүүдийн ажилдаг салбарууд үндсэндээ устсан. Энд ёстой анти-феминизм яримаар.
Энэхүү нийтлэл эрэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн биш бас тэднийг буруутгах гэсэн биш харин өнөөгийн бодит байдлын талаар бага ч болов гаргаж ирэхийг хичээсэн болно. Ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг эсрэгцүүлэн зөрчилдүүлэх биш хамгийн гол нь хамтран нэг нэгнийгээ ойлгож, хүлээн зөвшөөрөн амьдрах л ёстой.
Эмэгтэй хүн доорд эсвэл эрэгтэй хүнтэй адилхан байх ёстой гэсэн хандлагуудаа хаяж хамтран аж төрөх нь чухал юм. Сүүлийн 22 жилийн “Ардчилал” нэртэй нийгэм маань Монгол эмэгтэй хүнийг ямар гунигт хувь тавилан руу түлхэснийг дараах мэдээнээс харж болно.
“Франц пресс” агентлагийн сэтгүүлч Китти Хэмилтон өнгөрсөн жил наадмын өмнөхөн манай улсад ажиллаад буцжээ.Тэрбээр Монголый уул уурхайн хөгжил ба эмэгтэйчүүдийн биеэ үнэлэлтийн асуудлаар нийтлэл бичсэн байна. Түүний үзэж буйгаар Монгол Улсад уул уурхай хөгжиж, урд хөрш рүү тонн тонноор хятад жолооч нар эрдэс баялаг тээвэрлэж байгаа ч үүний сүүдэрт эмэгтэйчүүдийн биеэ үнэлэлт цэцэглэж байгаа аж. Китти Хэмилтон бичихдээ “Эрчүүд нь “Улаанбаатар” зочид буудлын ойролцоогоос биеэ үнэлэгчдийг авдаг. Биеэ үнэлэгчдийн эзэд болох эрчүүд тэднийг холоос ажигладаг. Энэ орчмын газар бол тус улсын биеэ үнэлэгчдийн түүхийг агуулсан байдаг төдийгүй гадаадад алдартай. Тэнд нэг дор 20 орчим эмэгтэй биеэ үнэлдэг. Нэгэн залуухан бүсгүй “Нэг цаг болоход 40 мянган төгрөг байдаг” хэмээсэн. Энэ нь ойролцоогоор 30 ам.доллар (23 евро) гэсэн үг. Монголд биеэ үнэлэлт хууль бус байдаг.
Монгол Улсад уул уурхайн бүтээн байгуулалт явагдаж байгаагийн сацуу секс “үйлдвэрлэл” мөн л хүчтэй хөгжиж байна. Үүнийг дагаад уурхайн компанинн жолооч нар биеэ үнэлэгчдийг утсаар дуудаж захиалдаг болжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаанд өгүүлснээр Монгол Улс 2.7 сая иргэнтэй.
Тэдний 19 мянга нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд байдаг аж. Өөрөөр хэлбэл, 140 хүн тутамд нэг биеэ үнэлэгч байдаг гэсэн үг гэжээ. Монголын хүн амын тал хувь буюу 1,4 сая нь эмэгтэй хүн гэж бодохоор 10 эмэгтэй тутмын нэг нь биеэ үнэлэгч байна гэсэн сэтгэл өвтгөсөн дүн гарч байна.
Үүн дээр нэмээд өрх толгойлж байгаа хэдэн эмэгтэйчүүд байна мөн гадаадын иргэдтэй жилд хэдэн эмэгтэй гэрлэж байна вэ гэсэн олон асуултуудыг гарган яривал бүр ч эмгэнэлт дүр зураг харагдах болно. Энэ тэгээд ардчилал юм гэж үү? Энэхүү статистик мэдээлэл бол өнгөрсөн жилийнх бөгөөд түүнээс хойш улам л нэмэгдэж, нас нь улам залуужиж байгааг хэвлэл мэдээллээр ярьж байна. Энэхүү сэтгэл өвтгөсөн олон асуудлуудын шалтгаан юу вэ?
Буруутан нь хэн бэ?
Энэ бүхний буруутан нь хэн бэ? хажуудаа суугаа эрэгтэйчүүд рүү хараад “та нар буруутай гэж хэлэх үү” эсвэл хань нөхрөө, аавыгаа заагаад “та нар буруутай хэмээн нүд үзүүрлэх үү”. Үгүй эрэгтэйчүүдээ буруутгах хэрэггүй. Хэрэв ингэвэл нийгэмд том хагарал үүсэж, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хооронд маш том ангал үүсэх аюултай. Энэ нийгмийн тогтвортой байдалт халтай. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг гадныханд худалдаж байгаа бол өөр хэрэг. “Янхандалт” буюу “бэлгийн боолчлол”, “Өрх толгойлсон эмэгтэйчүүд”, “Гадаадын хүнтэй гэрлэж буй эмэгтэйчүүд” гэсэн эдгээр асуудлууд бол нийгмийн хэрэг бөгөөд нийгмийн олон шалтгаануудтай.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 34/180 тоот тогтоолоор 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталж, 1981 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон. “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ын 6-р зүйлд юу гэж заасныг харцгаая: “Оролцогч улсууд эмэгтэйчүүдийг худалдах, тэднийг биеийг үнэлүүлэн ашиглах бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд зохистой бүх арга хэмжээ, түүний дотор хууль тогтоох арга хэмжээг авна” хэмээн заажээ.
Эндээс хэн буруутайг харж болно. Энэ бол засгийн газар. Өнөөдрийн төр засаг эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулж, бодлого боловсруулах цаг нь болжээ. Тэдний ажлаа хийж, үүргээ биелүүлээгүй улмаас эмэгтэйчүүдийн эрх олон талаар зөрчигдөж, нийгэмд олон сөрөг үзэгдлүүд гарч байна.
Нүд сохор, дүлий дүмбэ орхиод зөвхөн уул уурхай л Монголын цорын ганц хөгжлийн гарц хэмээн суугаад байвал энэ улс харин ирээдүйгүй болчихлоо шүү дээ гэдгийг сануулъя. Аливаа төр ямар нэгэн конвенцэд нэгдэн орж байгаа бол тухай улсын төр НҮБ-ын гишүүн олон улсын өмнө дагаж, хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Монгол улсын хувьд ч мөн адил үүрэг хүлээсэн. Харамсалтай нь үүргээ биелүүлэхгүй хойрго хандаж байгаагаас харахад эрх баригчидад Монгол хүн, Монгол эмэгтэйчүүд чухал биш юм болов уу гэсэн хандлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Тэдэнд зөвхөн газар доорхи байгалийн баялаг л чухал ажээ. Монгол ирээдүйтэй байна уу, ирээдүйгүй байна уу үнэндээ хамаагүй мэт л харагдаж байна.
Монгол эмэгтэй хүнийг эд хэрэгсэл мэт үзэх хандлага улам л дэвэр ч газар авч байна. Хэрэв энэ байдлаараа үргэлжилвэл Монголын хүн амын өсөлт үгүй болж цаашлаад Монгол үндэстний оршин тогтнолд ч аюул учирч болзошгүйг ухаарах цаг болжээ. Зөвхөн болж байгаагаа яриад болохгүй бүтэхгүй байгаагаа нуугаад яваад байвал хэнд ашигтай юм бэ? Үнэнийг одоо гарган тавьж зоригтой дуугарах цаг нь болсон. Үнэнээс хэзээ ч зугтаж чадахгүй. Эмэгтэй хүний тухай асуудал бол зөвхөн эмэгтэй хүний асуудал бол биш энэ бол хүүхэд, нөхөр, гэр бүл, нийгмийн цаашлаад улс орны хувь заяатай хамаатай асуудал.
Эмэгтэй хүн хос үүрэгтэй гэдэг. Хүүхдээ бодож эх хүний үүрэг гүйцэтгэх Нөхрөө бодож түүний эхнэрийн үүргийг гүйцэтгэх. Аливаа гэр бүлийн тогтвортой байх нь ямар чухал болохын бид мэдэх болно. Өнөөдрийн энэ гэр бүлийн тогтворгүй байгаа байдал ямар их хохь хохиролтойг ойлгох хэрэгтэй.
Эцсийн эцэст эмэгтэй хүнийг доромжилдог үндэстэн хэзээ ч хөгждөггүй гэдэг. Яагаад Арабын ертөнц хөгжиж чадахгүй мунгинан сууна вэ гэхээр тэнд эмэгтэйчүүдийг “хагас хүн” маягаар хандаж олон эрхүүдийг зөрчсөөр байна. Нийт хүн амынхаа тал хувь болсон эмэгтэйчүүдийг үл хүндэтгэн доромжилж тэдний мэдлэг чадварыг ашиглахгүй байгаа юм чинь Арабын улсууд яаж хөгжих юм бэ? МIT-ийн профессор Лестэр Түрөв хэлэхдээ: “Эрэгтэй хүн мэдлэгтэй болсноор эрэгтэй хүнийг мэдлэгтэй болгодог. Харин эмэгтэй хүн мэдлэгтэй бол гэр бүлээ мэдлэгтэй болгодог” хэмээн хэлсэн байдаг. Энэ бол эмэгтэй хүний, эх хүний гэр бүл, нийгэмдээ ямар их үүрэгтэй баталсан хэрэг юм. Монголчууд бол арабууд шиг эмэгтэйчүүдээ доорд үздэггүй, зүүн Азийнхан шиг “гэрийн сахиул” гэж ханддаггүй үндэстэн. Мэдээж нийгмийн хямралаас шалтгаалж олон сөрөг үзэгдлүүд гарч байна. Гэхдээ шийдэж болно. Үүнийг хамгийн түрүүнд төрөөс санаачлага гарган хийх учиртай. Гэхдээ эмэгтэйчүүдийн санаачлага болоод эрэгтэйчүүдийн хүндэтгэл мөн эмэгтэйчүүддээ дэмжлэг хэрэгтэй.
Үүний тулд мөн Монгол эмэгтэй төрд хэрэгтэй. Монгол эмэгтэй хүний хатан ухаан улс төрд хэрхэн ямар үүрэг гүйцэтгэдгийг бид дэлхийн түүхээс ч мөн Монголын түүхээс ч бэлхэнээ олж чадна. Монголын түүхэнд домогт Алунгоо эхээс эхлээд Өүлэн, Бөртэ, Дөргөнэ, Сорхогтани Бэхи, Мандухай гээд үе үеийн их хатдын гайхамшигт түүхийг мэднэ. Мэдээж энэ нэгэнт өнгөрсөн түүх хэдий ч эндээс бид нэг л зүйлийг ойлгох учиртай. Тэр нь юу вэ гэвэл Монгол эмэгтэйчүүдэд итгэ, найд бас хүндэтгэ.
Хүүгээ ээж хүн л бүтэн болгож чаддаг гэснийг илэрхийлсэн Финландын зураачийн зургийн дагуу бүтэн хүн, бүтэн гэр бүл, бүтэн Монголыг бүтээхэд эмэгтэй хүн, эх хүн маш их үүрэгтэй. Монгол эмэгтэйчүүд бүтэн Монголыг бүтээж чадна.
Судлаач: Б.Гансүх
URL: