Татвар болоод бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж Ерөнхий сайд мэдэгдлээ
Долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулдаг уламжлалтай. Өнөөдөр болсон уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн өдрүүдэд яригдаж буй зарим асуудлаар товч тайлбар өгч эхний хагас жилийн байдлаар манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт ямар байгаа талаар мэдээллээ.
2012 онд 12,4 хувьтай гарсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 11,3 хувийн өсөлттэй гарсан байна.
2012 оны төгсгөлд үнийн өсөлт жилийн дүнгээрээ 14 хувиар өссөн байсан. Энэ удаад инфляц 8.3 хувьтай байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлах Засгийн газрын бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн илэрхийлэл. Үнийн өсөлт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хоёр дахин бага байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эх орондоо сайхан амьдаръя” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрууд олноор бий болж, ажилгүйдэл багасч байна. Тухайлбал, энэ оны эхний хагаст 37 мянган ажлын байр шинээр бий болсон гэж Ерөнхий сайд хэллээ.
Гадаадын хөрөнгө оруулалт багассан, валютын ханшид өөрчлөлт орсон. Энэ тал дээр Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэлээ. Оюутолгойд оруулах учиртай хөрөнгө оруулалтууд дууссан.
Одоо шинэ хөрөнгө оруулалт буюу гүнийн уурхайд хөрөнгө оруулах талаар яригдаж байна. Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн хүрээнд алтны зарим компаниудын хөрөнгө оруулалтыг зогсоосон нь гадаадын хөрөнгө оруулалт буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэлээ.
Мөн жил бүрийн энэ өдрүүдэд валютын ханшид өөрчлөлт ордог. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор татвар нэмэх бодлого Засгийн газарт байхгүй. Мөн энэ өөрчлөлтийг дагаж шатахууны үнэ нэмэгдэхгүй.
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр зогсохгүй, хэвийн үргэжилнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: