С.Чонохүлэгч : Надад гуниг төрөөд байх юм
Сэржмядагийн шүүдрийг мөнгөн жүнзэнд бялхаагаад
Салхи ганцхан ноолдог ноён сарьдгийг тулаад
Саран болоод ододтой давхар тулган
Сийчүүлсэн дэлхийгээ өмөөрч үгээ би хэлэх гэсэн юм
Надад гуниг төрөөд байна
Дэндүү гэмээр гоо охид минь цэцэгсээ өмөлзүүлж
Даашинзныхаа хормойгоор үүрд баяртай гэж ирэмчхээд
Харьд хадамлахаар одоход булингартсан цус нүдэнд минь тороод
Хатирч халиун мориндоо дуу исгэрэнхэн хатируулахад минь
Хатан дөрөө шүргэсэн өвсөн толгойн шүүдэр найман зүгтээ түгэн
Халгиж солонгорон цацардаг нь хаачид
Надад гуниг төрөөд байна
Нартайгаа тэнгэртэйгээ нанжид өргөн цэнгэдэг Монгол түмнээ баясгахаар
Наадмын цагирагт тэмцэлдсэн бөхчүүд минь эдийн хүсэлтэй дэвж
Салхитай шөргөөлөлцөн хурдалж ирсэн хурц хүлгийн
Садарч асгарах хөлснөөс нь адын бодис амтагдаад
Надад гуниг төрөөд байна
Эх болсон нутгаа өмгөөлөн босож чадахгүй байгаадаа
Эрхт төрийн түшмэд эх орноо бусдын нүдээр харж байгаад
Элдэв мууг ёрлодог шулмын үгс олширч
Эв амгаланг тогтоодог бэлгийн ерөөл мөхөж байгаад
Надад гуниг төрөөд байна.
URL: