Г.Ундармаа: Киноны санааг найзуудтайгаа ярилцаад сууж байхдаа олсон

Ганц бие гурван бүсгүйн амьдралын тухай өгүүлэх дэлгэцийн бүтээл саяхан нээлтээ хийлээ. Тус киноны гол дүрүүдийн нэг “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармааг энэ удаагийн “Яг одоо” булангийн зочноор урьсан юм.
Тэрбээр энэхүү киног санаачлан продюсерлэжээ. Түүнтэй хамт киноны гол дүрд “Х ТҮЦ”-ийн А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын О.Дөлгөөн, “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн нар тоглосон байна.
-Яг одоо та юу хийж байна вэ? 
-Өглөөний цайгаа уух гээд сууж байна.
-Саяхан таны продюсерлэж, гол дүр бүтээсэн “Single ladies” кино нээлтээ хийлээ. Киноны санааг хэн гаргасан бэ? 
-Киноныхоо санааг өөрөө гаргаад зохиолыг нь хүнээр бичүүлсэн. Миний хувьд анхны продюсерлэсэн бүтээл боллоо. Киноны санааг ганц бие найзуудтайгаа ярилцаад сууж байхдаа олсон. Манай найзууд дунд ганц бие бүсгүйчүүд байдаг. Мөн надаас олон дүү найз ч бий.
-Хошин урлагийнхны хувьд зун амралтын үе байдаг. Харин та энэ жилийн амралтаараа уран бүтээл хийгээд амарч чадаагүй байх? 
-Энэ зуныг амралгүй өнгөрөөлөө. Ажлынхаа амралтыг тааруулаад киногоо хийсэн. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд олон зүйл сурч зуны дэлгэр цагийг сайхан өнгөрүүлсэн шүү.
-Хамтран тоглох жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?
-Зохиолоо гаргахдаа л Туяа, Дөлгөөн хоёрыг тоглуулна даа гээд бодчихсон явсан. Тэгээд зориглоод кино хийх гэж байгаагаа дуулгахад тэр хоёр сайхан хүлээж авсан. Ер нь ганц бие гурван өөр бүсгүйн дүрийг гаргахад хоёр жүжигчин маань ч тохирч байсан юм.
-Саяхан таныг хувийн бизнес хийж эхэллээ гэх мэдээлэл цацагдсан. Нууц биш бол яг одоо та ямар бизнес эрхэлж байгаа вэ? 
-Шинээр эхлүүлсэн зүйл байхгүй ээ. “Анун” төвийн нэг давхарт бичиг хэргийн дэлгүүр нээгээд удаж байна. Мөн “Вива сити”-д гэр ахуйн хэрэгслийн дэлгүүр нээсэн.
- “Шинэ үе” продакшны “Фэйсбүүк”-ийнхээ зураг шиг л байл даа” тоглолт сурталчилгаанаасаа эхлээд хүмүүсийн анхаарлыг татсан. Хамтлагийнхан тоглолтынхоо санааг хамтдаа гаргасан гэж бодож байна? 
-Манай продакшн энэ сарын 16-наас эхлээд “Фэйсбүүкийнхээ зураг шиг л байл даа” хошин шоу тоглолтоо үзэгчиддээ хүргэж байна. Ер нь продакшны уран бүтээлчид хамтдаа тоглолтдоо бэлтгэдэг. Энэ удаагийн тоглолтын хувьд намайг очихоос өмнө бүх зүйл тодорхой болчихсон байсан.
-Та фэйсбүүкээр хэр их аялдаг вэ? 
-Би цахим ертөнцөөр их аялдаг. Цаг зав гарвал фэйсбүүкээ шалгадаг. Намайг дэмждэг хүмүүстэйгээ аль болох холбоотой байхыг хичээдэг юм. Гэхдээ цаг зав багатай болохоор тэр бүр хариулт өгөөд байж чаддаггүй учраас оновчтой зөв юманд нь тодорхой хариулт өгөхийг хичээдэг дээ.
Б.Номуун
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих