Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд хотын “МЭР” Э.Бат-үүл хүртэл иргэдээ хуурдаг

Н.Алтанхуягийн нуусныг Ц.Элбэгдорж “илрүүлэв” 
Энд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос алт, мөнгө, аяга шаазан нуусан гэх гээгүй юм. “Задгай цагаан” Ерөнхий сайд маань сурсан зангаараа улсын эдийн засгийн байдал сайн, инфляц нэг оронтой тоонд орсон, бүтээн байгуулалт өрнөж байна гээд “инээж” яриад байсан нь олон. Инээсэн хүн л худлаа хэлдэг гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаатай, санамсаргүйгээр ил болголоо.
Энэ юу гэвэл саяхан, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж явсан эрхмүүдийг урьж уулзан, улс орны эдийн засагт тулгарсан хүндрэлийг хэрхэн даван туулах тухай хаалттай хуралдаанаар, ний нуугүй ярилцсан явдал. Нэгдсэн шийдвэр, гаргалгаа олж чадаагүй нь харамсалтай ч Н.Алтанхуягийн Засгийн газар нэмэр болох дохио өгөв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засаг хүндэрч, хямралтай нүүр тулах дөхөөд байгааг “инээн” байж ард түмнээсээ нуух зовлонгүй боллоо. Одоо түүнд гаргалгаа л хэрэгтэй. Магадгүй сөрөг хүчнээс шаардаад буй УИХ-ын ээлжит бус чуулган томоохон шийдэл байж болох юм.
Гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулж, “Рио Тионто” далд уурхайн үйл ажиллагаагаа зогсоож, Монгол ажилтнуудыг хоморголон халж байгаа нь Н.Алтанхуягийн Засгийн газарт өгсөн сануулга байж болох ч гадаад ертөнцөд Монгол Улсыг муухай харагдуулаад эхэллээ. Гэвч эрх баригчид бантсандаа ч тэр үү, дүлий дүмбэ оргиж, нүдэн балай, чихэн дүлий суусаар.
“Бүтээн байгуулалтын цаг”-аар хуурахуй 
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар “1111” утас, төрийн ордны нэгээхэн хэсгийг иргэдэд нээлттэй болгосон, нийслэлийн замын хуучин уулзваруудыг шинэчилсэн гэх өнгөц хэрнээ иргэдийн анхаарал татахуйц зүйлээр хөнгөхөн шоудах аргад бол нэлээд гаршиж яваа. Болохоо байвал “Өмнөх Засгийн газрын үед гарсан шийдвэр, Бид алдааг нь засах гээд” гэх маягийн жижүүрийн хэдхэн үгтэй.
“Бүтээн байгуулалтын цаг” бол Засгийн газар болоод Н.Алтанхуягийн олны өмнө “шоуддаг” шалгарсан хэлбэр нь. Голчлон, Зам, тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамныхан орж харагддаг. Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамнаас яагаад хүн оролцуулж болохгүй гэж.
Энэ тухай хойно өгүүлэх тул түр орхиё. “Бүтээн байгуулалтын цаг”- аар Баянхонгор, Дорноговь чиглэлд баригдаж буй авто замуудын ахиц сайн байгааг ярьдаг юм. Гэхдээ энэ мэт ажлууд Н.Алтанхуягийн өөрөө Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед эхэлсэн бүтээн байгуулалтууд юм.
Гэвч ядрах цагт нөхрийн чанар гэгчээр Н.Алтанхуяг болоод түүний танхимын сайд нар С.Баяр болон С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрыг муу хэлэх, тэр үед ажиллаж байсан сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа хийж чаддаггүй мэтээр цуурдаг.
Тэд хэдий хүртэл “Бүтээн байгуулалтын цаг”-аар иргэдийг хуурахыг мэдэхгүй. “1111” утасны дараа гарсан санаачилга л даа. Нэг , хоёрхон сайд нэг зүйлээ дахин давтан яриад байхаар иргэд “Бүтээн байгуулалтын цаг“-аас уйдна. Тэгэхээр өөрийг санаачлах хэрэг гарах байх.
Найман хувийн зээл маанийн үсэг болох уу 
Н.Алтанхуягийн сайд нар дундаас “бөө” гэдгээрээ онцгойрдог Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр нар “Чингис бонд”-ыг босгосон гэх нь халаг байдаг. Тиймээс ч юмны эзэн, сумны занги гэж ханддаг нь нууц биш. Шинэчлэлийн Засгийн газрынхан “Чингис бонд”-оор олон зүйлд нүүр тахласны нэг нь найман хувийн хүүтэй орон сууц.
С.Батболдын Засгийн газрын санаачласан зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн суурин дээр боссон, бусдын санаачилгыг булааж авангуутаа будаг шунхны жаахан өөрчлөлт хийсэн “хийсвэр” бүтээн байгуулалт гэдэг нь харагдаад эхэллээ. Зэс, гууль нь цухуйсан ч гэдэг.
Гэвч өдөр ирэх тусам найман хувийн орон сууцны зээлд иргэд итгэл алдарсаар. Хичээлийн шинэ жил эхэлж хүүхдийн дүрэмт хувцас, их, дээд сургуулийн төлбөр, үнийн өсөлт гээд эх, эцэг нь өөрөөр хэлбэл, ард түмэн нуруун дээр асар хүнд ачаа үүрчихлээ. Үүрчихлээ ч гэж дээ, хүчээр үүрүүлчихлээ.
Үнийн өсөлтөд амьдрал нь дэнжигнэн байгаа хүмүүст найман хувийн хүүтэй орон сууцны зээл давшгүй даваа болсоор. Ам.долларын ханшийн өсөлт, найман хувийн зээлийн сургаар ам.метр талбайн үнийг 1.8- 2 саяар үнэлж, орон сууцны үнийг нэг, хоёрхон сарын дотор 10-15 сая төгрөгөөр өсгөж, иргэдийг улам туйлдуулчихлаа.
Засгийн газар орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр алдарт “Чингис бонд“-оос 350 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулж байсан нь саяхан. Тууз хайчилж сүр бадруулсан нь бүр гоё. Гэвч энэ бүхэн хөөс байж, зургаан сарын насгүйгээр найман хувийн хүүтэй зээл маанийн үсэг болох замдаа шуударчихлаа.
Боловсролын салбарын түүхийрэл 
Нэг хөл бүдрэхэд нөгөө хөл нь дагаж бүдэрдэг шиг Шинэчлэлийн Засгийн газар “худалч” тэргүүнээ дагаад бусад салбарт нь ч ажил нь уруудсан, унасан шинжтэй болчихлоо. Нэгдэл гэдэг айл нэг л бишээ гэдэг шиг Шинэчлэлийн Засгийн газар арай л бишээ. Боловсролын салбар нь хөл толгойгоо олохгүй үймж гүйцлээ.
Сургууль, цэцэрлэгийн засвар, сурагчийн дүрэмт хувцасны шийдвэрт хөндлөнгөөс ҮХААЯ- ныхан оролцсон “эргэлзээ”. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, эх, эцгийн бухимдал. Энэ салбарыг муухай харагдуулж байна. Зунжин налайчихаад намар болсон хойно сургууль, цэцэрлэгийн засвар нь дуусаагүй, шинээр барих биш нураах голдуу шийдвэртэй.
Дээр нь “Чингис бонд”-оос хүртчих гэсэн тендерийн маргаан гомдолтой. Жирийн цэцэрлэгийн эрхлэгчээс эхлээд Монголдоо томд тооцогдох их сургуулийн захирлын суудал горилсон албан тушаалын амбицтай.
Гаднаасаа ийм хэцүүхэн харагдах салбарын гал халуун тогоон дотор нь юу болж буйг таашгүй. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн гэдэг сайд нь байгаа эсэх нь мэдэгдэхгүй шахам үхээнц. Дуугарсан нь “Би хөндлөнгөөс нөлөөлж чадахгүй” гэх ядмаг хариулт.
Бусад сайдын тухай товчхон
Н.Алтанхуягийн танхимаас гадаад уруу хамгийн олон удаа аялж буй нь Гадаад харилцааны сайд Л.Болд. Эрүүл мэндийн салбараа уналтад оруулж, Ц.Элбэгдоржийн төлөө хүчин зүтгэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, намтрын хуудсаа зузаалсан Н.Удвал сайдын хариуцсан салбар ч сайнгүй л байгаа.
Шадар сайд Д.Тэрбишдагва шалтгаан бүү хэл шалтаг гаргах вий гэсэндээ “чангахан” ч дуугарах сэхээгүй болсон. Үүнийг нь батлах мэт болохоо байхад АН-д элсэнэ гэнэ гэх яриа ч гараад намжсан удаатай.
“Дүнжингарав” худалдааны төвтэй нэр холбогдсон, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, үлэг гүрвэлийн ясаар “шоудах” дуртай ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар ч бусдаасаа товойсон зүйл алга.
БОНХ-ийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан гээд хийх ажилгүй гэмээр болсон сайд Н.Алтанхуягийн танхимд олон. ҮХААЯ бол салбартаа хамгийн их ажил хийх, бас эрх мэдэлтэй сайдтай нь. Ямар сайндаа Х.Баттулга, Н.Алтанхуягаас Төрийн өмчийн хороог бэлгэнд авч томорч байх билээ.
Төмөр зам гээд оролцохгүй зүйлгүй их мэдэгч дүртэй энэ сайдын хариуцсан салбарт хийсэн ажил гэж байдаггүй нь үнэн. Сурагчдын дүрэмт хувцас хэрхэхийг ажил болгохгүй холион бантан хутгасан ийм сайдтан “Атрын III аян”-ыг аятайхан үргэлжлүүлж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой.
Ерөнхий сайд ба хоёр хөрш 
Төрийн өндөр албан тушаалд байгаа хүн хөрш орондоо элгэмсүү биш гэхэд найрсаг баймаар. Тэр тусмаа манайх шиг мөнхийн хоёр хөрштэй улсад шүү дээ. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг арай өөрөөр хадуураад байгааг Ардын намынхан анзаарч, сайтар хэлж, сануулсан ч удаатай.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин хоёр юу ярих нь надад хамаагүй гэж томорсон нь магадгүй хоёр их гүрний эгдүүцлийг хүргэсэн байж болох юм. Н.Алтанхуягт жижигдсэн хоёр хөршийн тэргүүнүүдийн уулзалтаас хойшхи хугацаанд ОХУ-аас хятадыг чиглэсэн нүүрс тээвэрлэлт эрс сэргэж, шинэ төмөр зам барьсныг энгийн Монгол иргэн ч мэдэж л байгаа.
Манайд эсрэгээрээ буурчихсан. Ерөнхий сайд одоо л ойлгож байх шиг. Засгийн газрын зарим шийдвэрээс харахад шүү. Ерөнхий сайд тулга тойрсон хэрүүл хийж “Танай намын тэргүүлсэн Засгийн газрын үед….”, хэмээн дуугаа өндөрсгөж байх зуурт өмнөд хөршийн эдийн засаг сэргээд эхэлчихлээ.
Манай улсынх эсрэгээрээ уруудсаар. “Та нараас болж” гэж гомдоллож байх зуурт Евро бүсийнхэн эдийн засгийн хүндрэлээс гарснаа зориг бардам зарлав. Манайхан нугдайв. Ийм үед л Ерөнхий сайдын ноён нуруу харагдах ёстой биш үү. С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын үед Н.Алтанхуягийнхаас илүү хүнд байдал тулгарсан юм.
Эдийн засгийн хямрал ганцхан Монгол Улсыг бус дэлхийн улс орнуудыг хамарсан цаг. С.Баяр хоёр хөршдөө Н.Алтанхуяг шиг “худлаа” томорсонгүй. Мөнхийн хөршийн хувиар харилцан айлчилж, улс орнуудын харилцаа хэвийн үргэлжилсэн. Зарим нь, Оросуудаас улаанбуудай гуйж явна энэ тэр гэж л байсан.
Гэвч, “Атрын-III аян”-ыг өрнүүлж, Монголчуудаа гаднаас улаанбуудай гуйхааргүй болгож чадсан гавьяатай. Н.Алтанхуягт тийм том улстөрчийн зангараг дутдаг бололтой юм. Өнөөг хүртэл Засгийн газрын тэргүүн болсон бүтэн жилийн хугацаандаа хоёр хөрш улсдаа албан ёсны, ажлын айлчлал хийсэнгүй.
Н.Алтанхуягийг тоож урихгүй байна уу. Ингэж асуух болсон шалтгаан бий. “РЖД” нийгэмлэгийн тэргүүн В.Якунины захидал Ерөнхий сайд Н.Алтанхуягт ирэх замаасаа алдагдсан зэрэг нь түүнийг хэр “том” Ерөнхий сайд вэ гэдгийг харуулаад байх шиг. Улс орны эдийн засаг хүнд байхад мөнгө, төгрөг зарлагадаж гэсэн тайлбар гарч мэдэх л юм.
Уг нь мөнгөнөөс илүү Монгол Улсын мөнхийн эрх ашиг Орос, Хятад улсаас хамааралтайг бодмоор. Нөгөө Э.Бат-Үүл В.И.Лениний хөшөөг буулгахдаа хэлсэн алдарт гэхээсээ алдаатай үг нь нөлөөлсөөр байна уу. Таашгүй. Ямартаа ч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хоёр хөршийнхөн өнөөг хүртэл айлчлахыг уриагүйн учрыг “Шинэчлэлийн Засгийн газар” өөрсдөөсөө хайх ёстой байх.
Н.Алтанхуягийн хувьд 2016 оны сонгуулийг бодож Монголдоо, сөрөг хүчиндээ томорч суух цаг биш болсныг гадаад ертөнц рүү харахыг улс оронд нүүрлэсэн эдийн засгийн байдал, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага илхэн харуулсаар. Одоохондоо Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гадаадын бие төлөөлөгч нь Гадаад харилцааны сайд Л.Болд гэсэн дүр төрх харагдаж байна.
Даарин дээр давс 
Шинэчлэлийн гэх Засгийн газар ийнхүү мунгинаж байхад “Баатар- Үүл”-ээр даргалуулсан Улаанбаатар хотын удирдлагууд ч тэртээ холоос дагаж муйхарлаад олон түмний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсээр.
Мөн л МАН-ынхан тэргүүлж байх үед санаачлагыг нь гаргасан ч эхлүүлэхээс зориг дутсан машины дугаарын хязгаарлалт, нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр явуулах шийдвэрээр “Үүл”-ийнхэн ажлаа эхэлсэн нь үнэн.
Сүүлдээ муйхарлаж, эрх мэдэл бидэнд байна хэмээн зүтгэх болсонд нийслэлчүүд дургүйцээд эхэлсэн нь үнэн. Н.Алтанхуяг “1111” утас ажиллуулж, “Бүтээн байгуулалтын цаг”-аар шоудахаас би юугаараа дутах билээ гэсэн шиг Э.Бат-Үүл хотын гудамжинд цэцэг тарьж, дахин төлөвлөлт санаачлан иргэдийн газрыг хүүгийнхээ компанийн мэдэлд орон сууцжуулах нэрийдлээр “сэмхэн гулгуулж буй” нь нууц биш ээ.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаанаас Улаанбаатарын агаарын бохирдлыг ирэх жил 20 хувиар бууруулахад 200 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн шийдвэр гаргачихлаа.
Д.Сүхбаатарын талбайг Монголчууд наадамлаж байх зуур нэрийг нь өөрчилж “Чингис хаан”-ы нэрэмжит болгосон гээд эгдүүцмээр олон шийдвэрүүд энэ төр засгийн өнгөн дээр үргэлжилсээр байх нь тодорхой биз ээ. Өнөөгийн төр засгийн тэргүүн, хотын удирдлагуудын ажлыг жирийн иргэний хувьд хөндлөнгөөс дүгнэж харахад ийм л байна.
Д.Эрдэнэзуу
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих