Э.Эрдэнэжамъяны хэргийг шүүхэд шилжүүллээ
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэргээр шалгаж байсан.
Тэгвэл уг хэргийг прокурорын байгууллага хянаж, яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Ингэснээр Сүхбаатар дүүргийн шүүхээс хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж, шүүх хурлын товыг зарлах юм.
Тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн. Түүний захидлын дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлтийг тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлсэн юм.
Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъяны үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн үзэж шалгаж эхэлсэн юм.
URL: