М.Сономпил: Шинээр баригдсан барилгуудыг энэ жил дулаанаар хангах боломжгүй

cf9f63f5cd2bb87a4673210a81f128cc_LНийслэлд гурван том ДЦС байдаг хэдий ч бүгд баруун хэсэгтээ төвлөрдөг учир зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг өвлийн улиралд дулаан хамгамж тэнцвэргүй байдаг. Иймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахаар Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн, 300 МВт хүчин чадалтай тус бүр гурван зуухтай дулааны станц барихаар шийдвэрлэсэн юм.

Уг станцыг “Түлхүүр гардуулах” нөхцлөөр гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулж, гүйцэтгэлээр санхүүжүүлэн  ирэх оны наймдугаар сарын 25-нд хүлээн авах болсон. “УС-15” халаалтын зуухыг барих шав тавих ёслол өнөөдөр  болж, Эрчим хүчний сайд М.Сономпил, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, төслийн ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын “Хятадын машин, инженеринг” корпорацийнхан оролцлоо. Энэ үеэр Эрчим хүчний сайд М.Сономпилтэй уулзаж шинээр барихаар шав тавьж буй дулааны станц болоод ирэх өвлийн бэлтгэл ажлын талаар тодруулсан юм.

-Шинээр дулааны станц барьснаар гарах үр дүн юу вэ?

-Нийслэлийн зүүн хэсгийнхэн буюу Баянзүрх дүүргийн иргэд эрчим хүч, дулаан хангамжийн дутагдалд байдаг. Үүнээсээ болоод шинээр барилга барих хүртэл хүндрэлтэй болсон юм. Тиймээс Засгийн газар энэ хэсэгт яаралтай дулааны станц барих шийдвэр гаргасан. Ингэснээр бүгд нэгдсэн дулаан хангамжтай болох юм. Өөрөөр хэлбэл Жуковын музейнээс зүүн тийш байрлах бүх орон сууц, аж ахуйн нэгжийг дулаанаар хангах боломж нээгдэнэ.

-Одоо ажиллаж буй ДЦС-иуд болоод уурын зуухнууд агаарыг ихээр бохирдуулдаг. Энэ дулааны станц шинэ техник технологиор хангагдана гэсэн. Агаарын бохирдлыг бууруулах боломж бий юу?

-Тиймээ. Агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгнө гэж харж байгаа. Учир нь хамгийн сүүлийн үеийн технологиор бүрэн хангагдана. Энэ технологи нь дулааны станцаас гарч буй утааны хорыг 99 хувиар бууруулан шүүх хүчин чадалтай. Мөн Баянзүрх дүүрэгт 86 том, жижиг уурын зуух ажилладаг. Дулааны станц баригдсанаар дээрх уурын зуухууд бүгд татан буугдана. Тэгэхээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах байх.

-Нийт хэдэн төгрөгийн өртөгөөр байгуулах вэ?

-Нийт 75 сая ам.долларын өртөгтэй хийж байна. Бид гүйцэтгэгч байгууллагаас ирэх онд дулааны станцаа хүлээж авна. Ингээд “Хятадын машины инженеринг” корпорацид 2016 оноос төлбөрийг буцааж төлөх юм.

-Энэ сард эхний зуухыг хүлээлгэх өгөх төлөвлөгөөтэй байсан. Ажил ямар шалтгаанаар хойшилсон бэ?

-Бид дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлээд эхний зуухыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч газраа чөлөөж, оршин суугчидтай тохиролцох гэж нэлээд хугацаа алдлаа.

-Оршин суугчид газраа хэдэн төгрөгөөр үнэлж байна вэ?

-Дүрмийн дагуу бол нэг ам.метрийг нь 13200 төгрөгөөр үнэлэх ёстой. Гэвч иргэд хүлээн зөвшөөрөөгүй. НЗДТГ-ынхан зоригтой шийдвэр гаргаж ам.метрийг нь 100 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргасан. Ингэсний хүчинд өнөөдөр ажил эхэлж байна. Одоогийн байдлаар газар чөлөөлөлтөд нийт долоон га газрыг зургаан тэрбум төгрөгөөр худалдаж аваад байна. Одоо дахиад 3.5 га газрыг чөлөөлөх шаардлагатай байгаа. Энэ газруудад 4 аж ахуйн нэгж газар эзэмших гэрээтэй юм билээ.

-Энэ жилийн өвөл цахилгаан, дулааны хангамж хэр байх вэ? Өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу 70 хувьтай явагдаж байна. Цахилгаан хангамжийн хувьд мэдээж дотоодын үйлдвэрлэгчид хангалтгүй шүү дээ. Тиймээс бид жил бүр ОХУ-аас 175 кв-ын цахилгаан авдаг байсан. Харин энэ жил 250 кв-ыг авах гэрээ хийсэн. Мөн Оюутолгой, Тавантолгойн ордоос 200 гаруй кв-ын шугам ашиглалтад орсон. Ингэснээр БНХАУ-аас эрчим хүч авах боломж нээгдэж байгаа юм. Тиймээс цахилгааны хувьд энэ өвлийг давах бололцоотой. Харин дулаан хангамжийн хувьд манай гурван ДЦС-ын дулааны нөөц бага байгаа. Тэгэхээр нийслэлийн аль ч хэсэгт шинээр баригдаж байгаа байшингуудын дулаанаар хангах боломжгүй. Мөн Баянзүрх дүүрэгт дулаан хангамж дутагдалтай байгаа. Бусад дүүрэгт дулаанаар хангах боломж бий. Ирэх жил энэ дулааны станц ашиглалтад орох боломжтой тул дулаан хамгамжаас эмээх хэрэггүй болно.

-IV цахилгаан станцид өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаа гэсэн. Хэзээ дуусах вэ?

-1200 кв-ын шугамыг засч байгаа. 10 дугаар сарын 15-нд хүлээлгэн өгнө.

-Монголбанкнаас зээл авах асуудал юу болсон бэ?

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажилладаг гэдэг зүйл олон жил яригдсан. Тиймээс өөрийн салбараа тогтворжуулах, нүүрсний нөөцийг бүрдүүлэх, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах зэрэг олон шалтгаанаар Монголбанкнаас 80 тэрбум төгрөг зээлж аж ахуйн нэгжүүдэд өгөх шийдвэр гарсан. Одоо ажил дөнгөж эхлээд, судалгааны шатандаа явж байгаа.

-V цахилгаан станц барих ажил аль шатандаа явж байна?

-V цахилгаан станц барих ажил удаж байна гэсэн асуудал иргэдийн дунд яригдаж байна. Удах болсон шалтгаан олон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд газар олох, судалгааны ажил хийх, байгаль орчны үнэлгээ тогтоох гэх мэт олон ажил амжуулсан. Удахгүй барилгын ажлыг хийх компанийг сонгоно. Барилгын ажил энэ намраас эхэлж 2017 онд эхний ээлжийг хүлээлгэн өгөх ёстой.

Ч.Ариунболд

montsame


URL:

Сэтгэгдэл бичих