“Рио Тинто” монголчуудыг үл ойшоож байна гэв

4741449802ba7dcfbigМонголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, Оюутолгой ХХК-ийн  ажилтнууд болон ажил олгогч талуудыг хэлэлцээрт орж асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд ярихдаа, “Уурхайчдын ажлын байр, цалин хөлс, нийгмийн хамгааллын талаар тодорхой асуудлыг салбарын хамтын хэлэлцээрт тусгаад байгаа боловч харамсалтай нь ажил олгогч эзэд хэрэгжүүлэхгүй шалтаг тоочиж байгааг  энд зориуд онцолмоор байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнуудын удирдлагууд манай уурхайчдын хөдөлмөрийг хэт доогуур үнэлэх, тэнд ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд ямар ч эрх мэдэлгүй байгаа явдал хэрээс хэтэрлээ. Асуудлыг бид удаа дараа тавьж байгаа ч ихэнх аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд үл ойшоосон хэвээр байна. Өнөөдрийн байдлаар Оюутолгой компанийн цомхотголд орсон ажилчид ажилгүй болсноос гадна ихэнх нь зээлтэй байгаа учраас эдгээр хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж эхэллээ. Тиймээс Засгийн газар болон ажил олгогч талаас ажлын байрыг буцааж нэн даруй олгохыг хүсч байна.

Оюутолгойн гүний уурхай зогссоноор уурхайчдаас гадна тэнд харъяалагддаг гэрээт компанийн ажилчид ажлын байргүй болж байна. Үйлчилгээ, гүний өрөмдлөг, тэсэлгээ хийдэг туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнууд цомхотголд орсон гэсэн мэдээлэл бидэнд байна. Олон ажилтан цомхотголд ороод байгаа гэсэн тойм төдий тооноос өөр мэдээлэл Засгийн газар, холбогдох яамд, албан байгууллагад ирээгүй байна.  Ажилчдад өгсөн мэдэгдлийн хувьд орон тооны цомхотгол, сул зогсолт эсэх нь тодорхойгүй бүрхэг байгаа. Үүнийг Оюутолгой компаниас тодорхой болгож өгмөөр байна” гэв.

Түүнчлэн “Рио Тинто” компани монголчуудын эрх ашгийг бус өөрсдийнхөө төлөө асуудалд хандаж байна хэмээн онцолсон юм.

Х.Цолмон

montsame


URL:

Сэтгэгдэл бичих