Д.Эрдэнэбат: Эдийн засаг элгээрээ хэвтсэн зүйл алга

a884b32c6ff70440big2УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат чуулган хуралдах эсэх асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, ээлжит бус чуулган хуралдах эсэхийг эхлээд Засгийн газраас асуух ёстой гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл, эдийн засагт үүсээд байгаа таагүй нөхцөл байдлыг өөрсдөө давж гарч чадна гэж үзвэл заавал чуулган хуралдаад байх шаардлага байхгүй гэж үзсэн аж. Эдийн засгийн нөхцөл байдал хэцүүхэн байгаа ч сөрөг хүчний гишүүдийн мэдэгдэж байгаа шиг элгээрээ хэвтчихсэн, дампуурчихсан зүйлгүй, эдийн засгаас болж Засгийн газар ганхах шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.

Д.Эрдэнэбат дарга хэлэхдээ, “Улс оронд хүндэрчихээд байгаа юм ч байхгүй. Засгийн газрын холбогдох хүмүүс, Монголбанкны мэдээллийг сонсоход ДНБ 11 хувиар өсчихсөн байна. Ажлын байр нэмэгдсэн байна. Бүтээн байгуулалтад тулгуурласан дотоодын зах зээлийн орчин хэвийн байна.

Харин экспортын орлого татраад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулалт 46 хувийн бууралттай байна. Хоёрдугаарт мөнгөний ханш савлалаа. Үүнд дүгнэлт хийж, цаашдын арга хэмжээгээ авах хэрэгтэй болохоос эдийн засаг уначихлаа, Монгол Улс элгээрээ хэвтлээ гэдэг улс төр хэрэггүй.

Анхнаасаа тогтворгүй байлгах тухай тэд ярьж гарч ирсэн шүү дээ. Тэдэнд эх орны эрх ашиг хамаатай юм уу. Юм болгоныг тогтворгүй болгох чиглэл рүү явдаг. Нийгэмд айдас төрүүлсэн юм л хийж байна. Энэ нь хэнд хэрэгтэй юм. Эдийн засгийн зовлонгоор тоглолт хийдэг улс төр өнөөдөр хоцрогдчихоод байна” хэмээжээ.

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих