Буудайн мутант сортыг гарган туршиж байна
Манай улс цөмийн технологийг ашиглан цаг уурын нөхцөлд дасан зохицсон ургамлын мутант сорт гарган туршиж байгаа бөгөөд ийм сорт гарган авах авах, хөрс усны менежментийг сайжруулах асуудлаар харилцан мэдээлэл өгч, туршлага солилцох зорилгоор олон улсын эрдэмтэд Улаанбаатар хотноо чууллаа.
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Бүсийн хамтын ажиллагааны гэрээний 2012-2015 онд хэрэгжих “Мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах” төслийн хүрээнд “Цаг уурын нөхцөлд дасан зохицсон мутант сорт гарган авах, хөрс, усны менежментийг сайжруулах туршлага солилцох уулзалт”-ыг Цөмийн энергийн газар, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг уулзалтад Япон, Австрали, Энэтхэг, Бразил, зэрэг орнууд болон ОУАЭА-ийн төлөөлөгчид оролцон хамтран ажилласан байна.
Төслийн үр дүнд цөмийн технологийг ашиглан цаг уурын эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай, төрөл бүрийн өвчинд тэсвэртэй, давслаг хөрсөнд ургах чадвартай, усалгаа бага шаарддаг буудай, будаа, төрөл бүрийн буурцагт ургамал, чихрийн болон тосны ургамлууд, шинэ төрлийн цэцэгт ургамлуудыг гарган авч байгаа аж. Мөн түүнчлэн төслийн гишүүн орнууд цөмийн технологийг ашиглан хөрсний үржил шим, чийгшлийг тодорхойлж хөрс, усны менежментийг сайжруулснаар ургамлын гарц нэмэгдэж, ургац хураалтын хугацаа богиноссон байна.
Уулзалтад оролцсон төлөөлөгчид мутант сорт гарган авахад үр дүнтэй шинэ технологийн талаар санал, туршлага солилцсон бөгөөд Дархан хот дах ХААИС-ийн харьяа УГТЭШХ-д зочилж Монгол дах төслийн хэрэгжилтэй танилцсан юм. Дарханы УГТЭШХ Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэй мутантын судалгааг боловсронгуй болгох зорилгоор селекци генетикийн лаборатори, хөрс агрохимийн лабораториудыг шинээр байгуулсан бөгөөд энэ хугацаанд эрт болцтой, ахиу ургацтай буудай, буурцагт ургамлын шинэ сортууд, ризобиум биобордоо зэргийг гарган авч зах зээлд амжилттай нэвтрүүлээд байгаа юм. “Мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах” төслийн хүрээнд тариалангийн томоохон талбайн хөрсний чийгшлийг хэмжих чадвартай 10HS төхөөрөмжийг суурилуулсан ба Дархан-172, Дархан-173, Дархан-175 буудайн шинэ мутант сортуудыг гарган туршиж байна.
Ч.Ариунболд
/Монцамэ агентлаг/
URL: