Салхин станц цахилгаан үйлдвэрлэж эхэлжээ
Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн санхүүжилтийн корпорацийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Сэргэлэн суманд боссон хамгийн том салхин станц тасралтгүй ажиллаж байна.
Салхин станц нь зардлаа 15 жилийн дотор нөхөх, урт хугацааны хэтийг харсан томоохон бүтээн байгуулалт болсон билээ. 2004 оноос хойш 9 жилийн туршид судалгаа, туршилт, суурилуулалт нь явагдсан салхин сэнснүүд эргэлдэн цахилгаан үйлдвэрлэж эхэлжээ.
Тус салхин станцын өндөр нь 80 метр буюу 30 давхар байшинтай тэнцэхүйц, 125 тн жинтэй, зөвхөн далбаа нь л гэхэд 40 метр урттай 31 ширхэг салхин үүсгүүртэй. 50 мВт цахилгаан буюу 100 мянган өрхийг цахилгаанаар хангах хүчин чадалтай юм.
Налайхын дэд станцаар дамжин төвийн эрчим хүчтэй шууд холбогдоод байгаа. Нэг жилд хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор багасгах буюу 30 мянган машины агаарт цацдаг утааг үгүй болгох зорилттой. Нэг жилд 1.6 сая тонн ус, 122 мянган тонн нүүрс хэмнэх боломжтой хэмээн үзэж буй.
URL: