Maй, тэгвэл исламистууддаа алуул!

1185578_413463175429249_1169919806_nДарангуйлагч дэглэмүүд нурдагаараа  нурна, тэр бол жам ёсны үзэгдэл, гэвч тэр нуралтын дараа парламентын ба Ерөнхийлөгчийн сонгуульд исламист нам гэнэт ялаад гараад ирэх, ялалт байгуулж засгийн эрх авсан лалын тэр нам нь эдийн засаг-нийгмийн асуудлаа шийдэхийн тулд нийгмээ хүчээр лалжуулах вий гэдгээс хувьсгал хийсэн,

хувьсгал нь үргэлжилж буй арабын тэр орнууд дахь иргэний, либерал намууд, нийгмийн зарим хэсэг, шашны цөөнхи, эмэгтэйчүүд айж түгшиж буй тухай мэдээлэл хөвөрсөөр буй. Энэхүү түгшилтийг нотлох үйл явдлууд шил далан өрнөх ба Тунис, Египет, Ливи, Мароккод болж өнгөрсөн сонгуулиуд үүнийг аяндаа хэлээд өгнө.

Ерөөсөө Аллахыг ялуулах ганцхан зорилготой хувьсгал хийсэн гэдгээ ч Египетэд Мурсийг авч хаясан 2013 оны 7 дугаар сард түүнийг дэмжигч Лалын ахан дүүс-ийн идэвхтэнүүд шууд зарласан. Мурсийг буцааж Ерөнхийлөгчөөр залахгүй бол лалын хувьсгал хийлээ гэсэн заналхийлэл тэр үеэс хөвөрч өгсөн дөө. Тийм ээ, цаашдаа шөнө тайван унтаж чадахгүй болтлоо энэ аугаа их сайхан шашин-лалын шашнаа цэцэглүүлээд байх нь тэр!

Арабын хавар нь лалын контр хувьсгал болж хувирах магадлал дэндүү өндөр байна. Өмнө нь хэн ч дурдаж, анхаарал хандуулж байгаагүй лалын шашны нэг урсгал салафизм ба салафитууд гэгчийг дэлхийн

нийтэд таниулж өгснөөрөө тэрхүү контр хувьсгалын нэг мөн чанар оршиж байх шиг.

Ямар ч атугай олон улсын харилцаа, геополитикт салафитууд гэх хүчин зүйл баттай гарч ирлээ.

Арабын хавар-ын явцад улс төрийн тавцан дээр хоёр төрлийн исламистууд гарч ирсэн гэж үзэж болох юм. Үүнд 1) харьцангуй аядуу; 2) радикал салафитууд гэж. Аядуу гэдэг нь “харьцангуй” гэх тодотголтой, угаасаа  радикал байснаа эл хувьсгалын явцад хэрсүүжин либералчлагдаж байж болох талтай. Египет, Сири дэх Лалын ахан дүүс, Йемен дэх Аль-Ислах (Реформ хөдөлгөөн), Иордан дахь Муназзама аль-амаль аль-Ислами (лалын үйл ажиллагааны байгууллага), Тунис дэх Ан-Нахда (Сэргэн мандалт нам), эдэн дээр Газын зурвас дахь ХАМАС-ыг зарим судлаачид оруулж тооцсон байх нь бий.

Харин хоёр дахь төрөлд багтах радикал хэсэг нь Арабын хавар-аас өмнө эх орондоо тас хориотой, экстремист, террорист хэмээн тооцогдож байсан египетийн Ат-Такфир ва-ль-Хижра (Үнэнч бус сүсэгтнийг цээрлүүлэх бүлэг), Лалын Жамаат (Аль-Жамаа аль-Исламия), Жихад (Лалын ариун дайн) гэх мэт олон бүлэг, хөдөлгөөнийг нэрлэж болно. Эдний мянга мянган идэвхтэн гишүүд нь олон жил (олон арван) гянданд хоригдож, эсвэл эчнээ цааз сонсоод байсан ба зарим салафит, жихадистууд нь гадаадад цагаачлан, глобал жихадын фронтод (Афганистан, Босни, Чечень, Сомали гэх мэт) алба хашиж, зарим нь Аль-Каeда-гийн сургууль курсыг дамжин цаашаа Талибан, Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн, Кавказын Имарат-ад тулалдаж явсан, яваа аж.

Дээрхи хоёр төрөлд багтахгүй, цоо шинээр гарч ирсэн болов уу гэмээр зэвсэгт отрядууд бас бий. Ливид байнгын армитайгаа дайтаж буй Ливийн бамбай гэх зэвсэгт отряд, иймэрхүү олон отряд Каддафийг унагах байлдаанд оролцсон гавьяатай, харин одоо тэдний зэвсгийг хурааж энхийг бүтээн байгуулалтдаа татан оруулж хүчрэхгүй байна. Хээрийн ангийн захирагч нартаа захирагддаг, Триполи дахь Засгийн газарт падгүй эдгээр дайчид Ливи, улмаар Умард Африк дахь тогтворгүй байдлын гол буруутан, зэвсгийн энэ их наймааны гол эх сурвалж нь.

Арабын хавар ялах явцад хоёр янзын үзэгдэл тодорхой харагдлаа: 

1) Радикал лалынхан эрх чөлөөтэй болж авлаа. Тэдний ихэнхийг шорон, гяндангуудаас хүчээр суллууллаа. Тэд ялгүй болж, өмнөх нүгэл хилэнц нь бүгд цагаадлаа. Лалын ахан дүүс холбоотонтой болж авлаа. Нийгэмд тэд хүчтэй байх, дараа дараагийн сонгуульд ялалт хангах нөхцлөө ийнхүү бүрдүүллээ. Ганц жишээ, Египетийн шинэ Ерөнхийлөгч Мухаммед Мурси (одоо бол өмнөх) албаа авмагц 2012 оны 7 дугаар сард 572 салафитад уучлал үзүүлсэн ба тэдний нэлээд нь цаазын ялтнууд байсныг өршөөсөн. Тунист Бен Алийн дэглэмийг унагамагц 1208 салафитыг сулласан ба тэд ч мөн терроризмын эсрэг хуулиар шийтгэгдээд байсан юм. Аль-Каeда-гийн онолч Абу-Катадын шавь Абу-Айяд гэгч алуурчин тэгэхэд суллагдсан, тэрээр Магриб, Афганистанд олон жил тулалдаж явсан нэгэн.

2) Хуулиас гадуур шийтгэлгүй дүрвэн нуугдаж явсан бүх хүн эх орондоо, бүс нутагтаа эргэж очлоо. 1997 онд Луксорт гадаадын жуулчдын эсрэг аллага үйлдсэн Лалын жамаат (Аль-Жамаа аль-Исламия) Египетэд офисоо олон газар нээлээ. Жүүдүүд, загалмайтнуудын эсрэг ариун дайны олон улсын лалын  фронт-д (Аль-Жабха аль-алямия аль-Исламия ли-ль-жихад дидд-аль-яхуд ва-с-салибийин) Лалын жамаат-ын  олон дайчид тулалдаж явсан, тулалдсаар байна.

Тэр ч бүү хэл 1997 онд Луксорт гадаадын жуулчдын эсрэг аллага үйлдсэн Лалын жамаатын биет төлөөлөгч аль-Хайятыг Луксорын губернатороор томилж, египетчүүдийг айдаст автуулав. 2013 оны 6 дугаар сарын 16-нд Ерөнхийлөгч М.Мурси шинээр 17 губернатор томилсны 7 нь исламистууд байв. Энэхүү Аль-Хайят нь 1981 онд Ерөнхийлөгч Анвар Садатыг алах хэрэгт холбогдон баривчлагдаж гянданд хоригдож явсан зартай эр бөгөөд түүнийг томилогдсоныг эсэргүүцэн Египетийн Аялал жуулчлалын сайд огцорч байлаа. Аль-Хайят мэтийн исламистуудыг дэвшүүлэн тавьж байгааг эсэргүүцэн Египетийн олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, тэр нь даамжирсан. Мурсийн уналтын нэг шалтгаан нь иймэрхүү томилгоо байсныг үгүйсгэхгүй.

Арабын хавар тохиосон орнуудад Аль-Каeда-гийн шинэ үүр хороод салбарлан гарч ирэх магадлал нэн бодитойг Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики 2012 оны 3 дугаар сард Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт дээр анхааруулсан байдаг. Түүний ярьснаар бол,

- Аль-Каeда нь Иракт ялагдал хүлээснээсээ үүдэн аюулгүй байдал нь суларсан, шилжилтийн үедээ байгаа тэдгээр орнууд руу очиж бүгэн бэхжих ба бослого тэмцлийн хөлд нэрвэгдсэн арабын улсуудыг өөрийн зорилгодоо ашиглаж болзошгүй аж.

- Олон арван жилээр бат бэх тогтож байсан дэглэмүүд Тунис, Египет, Ливи, Йеменд унасан, Сирид зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа, үүнээс үүдэн хэд хэдэн улсад аюулгүй байдал хүндэрсэн, Ливид бослогын үед зэвсгийн агуулахуудыг хуу тоносон, зэвсэг хяналтгүй тархсан баримтыг Иракийн Ерөнхий сайд тэр үед эш татан ярьж байсансан.

Иракийн Ерөнхий сайдын хэлсэн ярьсан яг номоороо явж байх шиг. 2012 оны 7 дугаар сараас 2013 оны 5 дугаар сарын хооронд Сирийн фронт дээр алагдсан боевикууд бараг бүгдээрээ Аль-Каeда-гийн шинэ, хуучин дайчид байсан баримт бэлээхэн хэлээд өгнө. Алагдсан 280 дайчид нь Аль-Каeда-д элсээд Сири рүү томилогдсон америк, чечень, косово, бельги, египет, иордан, тунис, ливи, саудын араб иргэд байжээ.

Америкийн  Flashpoint Global Partners хэмээх зөвлөлгөө өгөх төвийн мэдээлснээр, одоо Сирид босогчид ялагдал хүлээж байгаад өрнийнхөн төдийгүй Аль-Каeда-гийн одоогийн лидер Айман аль-Завахири нэн ихээр зовинож түгшиж байгаа ба суннит шашинтай, ижил  төстэй зорилго бүхий бүх хөдөлгөөн нэгдэн Сирид жихад өрнүүлэхийг тэрээр бүх дэлхийд хандан уриалсан илгээлт гэгчийг явуулжээ. Тэр бичгээс нь үзвэл одоо Аль-Каeда Афганистанд бус, мөн Иракт бус, зөвхөн Сирид тэргүүлэх ач холбогдол өгч байгаа болж таарлаа!

Судлаач проф.Д.Баярхүү


URL:

Сэтгэгдэл бичих