“Мянган оюутны байр”-т нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэв

gallereeeӨнгөрсөн жилийн өдийд ашиглалтад орох ёстой байсан “Мянган оюутны байр” энэ жил ч бас хэл ам таталсан хэвээрээ байна.

Хэдийгээр барилгын ажлын явц 90 хувьтай байгаа ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зарим ажил нь гацжээ. Уг нь УИХ-аас энэ жилийн улсын төсөвт шаардлагатай хөрөнгө, мөнгийг нь суулгаж өгсөн ч барилгын ажлын тендерийг авсан “Хан хөхий”, “Хөвсгөл геологи” зэрэг хариуцсан компаниуд нь одоог хүртэл мөнгөө өвч чадаагүй байгаа гэнэ. Тиймээс энэ тухай холбогдох албаны хүмүүсээс дараах мэдээллийг авлаа.

БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр: САНГИЙН ЯАМТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙГ НЬ ШИЙДНЭ

-Боловсролын яамнаас барилгын чанар, гүйцэтгэл, гүйцэтгэгч компанитай холбоотой бүх асуудлыг шийдсэн. Тэгэхээр Сангийн яам дээр нэмэлт гэрээтэй холбоотой санхүүжилтийг шийдэх асуудал байгаа. 2013 оны төсөвт нэг тэрбум төгрөг тавигдсан ч үндсэн төсөв нь нэмэгдээгүй. Боловсролын яам энэ байрыг яаж хурдан ашиглалтад оруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Монголын Оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун: БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА

-170 мянга гаруй оюутны 80 хувь нь хөдөө орон нутгаас ирж байна. Улаанбаатар хотод 14 мянган оюутанд хүрэлцэх байр байдаг. Үүн дээр энэ “1000 оюутны байр” нэмэгдэж байгаа юм. Энэ байр нь өнгөрсөн жилийн өдийд ашиглалтад орох байсан боловч мөнгө байхгүй гэдэг асуудлаас жил алдсан. Өнөөдөр барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай явж байна.

Одоо дулааны шугамыг тавихад саад болж байгаа барилга байшинг холдуулах, хуучин бохирын шугамуудыг шинэчлэх, гадна орчныг тохижуулах ажилд нэг тэрбум төгрөг шаардлагатай байгаа. БШУЯ болон сангийн яам, МОХ-ны гурван талт гэрээ хийгдээд, үлдсэн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдчихвэл дотоод тохижилтын ажил болон дараа дараачийн ажил жигдрээд явна.

Г.Билэг-Ариун


URL:

Сэтгэгдэл бичих