Р.Эрдэнэбүрэн: Ирэх хавраас орон сууцны үнэ 30-40 хувиар буурна

Р.Эрдэнэбүрэн: Ирэх хавраас орон сууцны үнэ 30-40 хувиар буурна

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг “Ярилцах танхим” булангийн энэ удаагийн дугаарт урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо манай улсад хэрэгжиж эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Иргэд бага хүү, урт хугацаатайгаар орон сууц авах болсондоо сэтгэл хангалуун байгаа. Гол нь эрэлт нэмэгдснээс болж үнэ өсөж байна. Барилга, хот байгуулалтын яам орон сууцны үнийг тогтвортой байлгахын тулд сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?
-Орон сууцны урт хугацаат зээлийн тогтолцоо манай улсад анх удаа хэрэгжиж эхлээд байна. Ипотекийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс болж орон сууцны үнэ өсч байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй. Эрэлт нэмэгдэж байгаа учраас орон сууцны үнэ өсөж байгаа байж болно. Зарим хүн орон сууцны нийлүүлэлтээ дэмжээгүй байж ипотекийн тогтолцоог эхлүүлчихлээ гэж шүүмжилж байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ түрүүлж байж, өөрөө хэлбэл эрэлт бий болж байж л орон сууц барина шүү дээ. Түүнээс биш орон сууц бөөнөөр нь барьчихаад дараа нь эрэлтийг бий болгоно гэж байхгүй.

Тэгэхээр орон сууцны ипотекийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлснээр нийлүүлэлтээ давхар дэмжсэн ажил болсон. Энэ зээлийн журам хэрэгжсэн нь барилгын компаниудын барьсан орон сууц борлогдох баталгаа болсон юм.

Ер нь энэ салбарынхан Ипотекийн зээлийн журам хэрэгжихийг удаан хүлээсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны угсралтын ажил хурдацтай өргөжлөө. Манай улсын нийгэм, эдийн засгийн эхний долоон сарын үзүүлэлтээс харахад барилгын салбар хамгийн их буюу 2.5 дахин өсөлттэй байна.

-Барилгын салбарын өсөлтөөс гадна орон сууцны үнэ ч мөн адил хамгийн өсөлттэй гарсан байсан?

-Бид орон сууцны нийлүүлэлтээ дэмжиж үнийг тогтвортой байлгахын тулд хэд хэдэн арга хэмжээг авсан шүү дээ. Цемент, арматурын үнийг тогтвортой байлгах, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих зээл болон ажил нь дуусаагүй барилгын явцыг үргэлжлүүлэхэд чиглэсэн зээлийг олгосон байгаа.

Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн хүрээнд барьж байгаа орон сууцнууд ашиглалтад орох болоогүй байгаа. Одоо ашиглалтад орж байгаа барилгуудын ажил өнгөрсөн жил болон түүнээс өмнө эхэлсэн. Зарим хүн буруу ойлголттой байна. Барилгын материалын үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд цемент зэрэг материалын үнэ хямд байгаа юм чинь орон сууцны үнэ ч хямд байх ёстой гэж байна. Гэтэл барилгын компаниуд хямд үнэтэй цементийг энэ жилээс л авч байна шүү дээ. Хямд үнээр цемент аваад нэг хоёр хоног эсвэл нэг, хоёр сарын дараа барилга нь ашиглалтад орно гэж байхгүй. Барилгын ажлын явц хэдий хурдан байгаа ч наанадаж долоо найман сарын хугацаа шаардлагатай шүү дээ. Тиймээс Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн үр дүнд орон сууцны нийлүүлэлт нэмэгдэнэ.

Гэхдээ энэ орон сууцнууд ашиглалтад орох хугацаа нь арай болоогүй байна. Энэ оны сүүлчээр болон ирэх хавраас л хөтөлбөрийн үр дүн шингэсэн орон сууцны барилгуудын эхний ээлж ашиглалтад орох юм.

Нийлүүлэлт нэмэгдэх хүртэл үнэ бага зэрэг өсч байна. Мөн хуримтлалтай зарим хүн баригдаж байгаа орон сууцыг бөөнөөр нь худалдаж аваад үнийг нь өсгөөд зарах тохиолдол гарч байгаа. Мэдээж хэрэг эрэлт нь байгаа тохиолдолд ашигтай бизнесээс татгалзах хүн байхгүй.

Барилгын компаниуд үнээ нэмэхээс илүү үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчид дундуур нь орж үнэ хөөрөгдөж байна. Барилгын салбарт яагаад мөнгө их хэмжээгээр орж байна вэ гэдгийг бид судалж үзсэн. Учир нь энэ сарын байдлаар барилгын болон хөдөө аж ахуйн салбар л өсөлттэй гарсан. Эдийн засгийн бусад салбарын өсөлт зогсохоор энд хөрөнгө оруулж байсан хүмүүс хөрөнгөө барилгын салбар руу оруулж байгаа юм. Ингээд энэ оруулсан мөнгөө өсгөхийн тулд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт дуусч байна, орон сууцны үнэ цаашид өснө, ипотекийн тогтолцоо удаан үргэлжлэхгүй гэх мэт худал мэдээлэл тарааж байна. Ингээд орон сууцны үнэ өсөөд ирэхээр их хэмжээний ашиг хийж байгаа юм. Тиймээс орон сууцны үнийн өсөлт бол түр зуурын асуудал. Хамгийн гол нь Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн үр дүнд босч буй орон сууцнууд ашиглалтад орохыг хүлээх хэрэгтэй байна. Нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр орон сууцны үнэ зах зээлийнхээ жамаар аяндаа буурна.

-Хэт хөөсөрсөн одоогийн үнэ удахгүй буурна гэж ойлгож болох нь ээ?
-Бид тэгэж л төлөвлөж байсан. Бодлого ч ийм байсан шүү дээ. Долоо, наймдугаар сард ашиглалтад орж байгаа барилгууд өмнө нь баригдаж эхэлсэн. Энэ сард ашиглалтад орж байгаа барилгуудын хэмжээ маш бага байгаа. Бидний тооцоогоор ирэх жил 30 гаруй мянган орон сууц ашиглалтад орно. Дэд бүтцийг нь тавиад тэлээд өгчихлөө, дэд бүтэц тавьж эхлэхээс өмнө орон сууцны барилгуудын ажил эхэлсэн. Орон сууцны нийлүүлэлт хангалттай сайн байгаа.

-Ипотекийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцтай болох гэсэн иргэдийн эрэлт хэдэн хувиар өссөн талаарх судалгаа байгаа юу. Эрэлт нийлүүлэлтийн зөрүү хэр их байна вэ?
-Нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа учраас эрэлт их байгаа нь тодорхой. Бид гэр хорооллын иргэдээ орон сууцжуулахын тулд л ажиллаж байна. Өмнө нь яагаад эрэлт бага байсан бэ гэвэл иргэд боломжийн нөхцлөөр орон сууцтай болох боломж бүрдээгүй байсан юм. Одоо иргэд ийм боломжтой болсноор эрэлт их болсон юм шиг харагдаж байгаа боловч иргэдийн орон сууцтай болох гэсэн эрэлт өмнө нь ч байж л байсан шүү дээ. Өмнө нь барилгын салбарын өсөлт яагаад бага байсан бэ гэвэл эрэлт, дэд бүтэц, орон сууцны зээлийн нэгдсэн бодлого байгаагүй юм. Энэ жил шаардлагатай бүх ажлыг сайн хийсэн. Монголбанк энэ чиглэлээр хангалттай сайн ажилласан. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа гэж ярьж байна. Ийм үед ганц өсөлттэй, ажлын байраа хадгалж байгаа нь барилгын салбар л байлаа шүү дээ. Энэ жилийн хувьд нийт 11 мянган ажилчин барилгын салбарт ажилд орсон гэсэн тооцоо гарсан.

-Ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш энэ хөтөлбөрийг үр дүнг үгүйсгэх оролдлого их гарч байна. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ хөтөлбөрийг амжиж батлах гэж дутуу дулимаг ажил хийсэн. Мөн ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээр иргэдийн худалдан авах чадвар 30 хувиар өссөн ч орон сууцны үнэ 30 орчим хувиар өсчихлөө гэж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Хэрвээ энэ хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгжүүлж эхэлнэ гээд хүлээсэн бол барилгууд баригдахгүй цаг алдах байсан шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу хийж байна гэдэг хэл амнаас айгаад энэ ажлыг хүлээлгэсэн байсан бол барилгын салбар одоо ийм хэмжээний өсөлттэй гарахгүй байсан. Ипотекийн тогтолцооны журмыг эрт батлаад эрэлтийг нэмэгдүүлж байж л бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэж чадсан юм. Ингэж эрт хөдөлсний үр дүнд оны төгсгөлд орон сууцны нийлүүлэлт нэмэгдэх болсон. Мөн орон сууцны урт хугацаат зээлийн тогтолцоог бий болгохын тулд өмнө нь хэд хэдэн удаа алдаж байж амжилттай эхлүүллээ шүү дээ. Өмнө нь жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл, төрийн албан хаагчдын орон сууц гэх мэт олон хөтөлбөр эхлүүлж байсан. Энэ ажлыг хийхийн тулд олон сарын хугацаа зарцуулсан. Одоо иргэд зээлийн урьдчилгаа өндөр байна. Үүнийг багасга гэж байна. Ипотекийн зээл тасралтгүй үргэлжилж байхын тулд урьдчилгаа төлбөр 30 хувь байх ёстой. Ийм хэмжээний урьдчилгаатай зээлийг багцаар нь мөнгө болгоод Нийгмийн даатгалын сан болон гадны санхүүгийн байгууллагуудад зарах боломжтой. Урьдчилгаа төлбөрийг багасгачихвал энэ багцыг хэн ч худалдаж авахгүй. Учир нь ийм зээл баталгаагүй болно. Тиймээс найдвартай байж, мөнгөө байнга эргүүлж байх ёстой юм. Мөн урьдчилгаа төлбөр 30 хувь байснаар зээлдэгч илүү хариуцлагатай байна. Нэгэнт 30 хувиа төлчихсөн хүн чинь зээлээ төлж чадахгүй нь гээд хаячихгүй шүү дээ. Моргейжийн зээлийн тогтолцоог эхлүүлэхдээ Ерөнхий сайд “Энэ бол хүн тэжээх гэж байгаа хэрэг биш. Энэ зээлийг авсан хүн хариуцлагатай тогтмол орлоготой байх ёстой” гэж хэлсэн.

-Ерөнхий сайд энэ хөтөлбөрийг эхлүүлэхдээ урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгана гэж хэлсэн шүү дээ?
-Арилжааны банк бол иргэдээс урьдчилгаа төлбөрт 30 хувийг авна. Харин урьдчилгаа төлбөрөө төлөх боломжгүй иргэдийг дэмжих үүднээс тусдаа сан үүсгэж иргэдийг дэмжихээр ярьж байсан. Одоо бол Төрийн орон сууцны корпораци байгуулж иргэдэд зориулж түрээсийн орон сууц олгох гэх мэт зохицуулалт хийхээр болж байна.

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн үр дүн шингэсэн орон сууц ашиглалтад ороогүй байна гэж та хэллээ. Ашиглалтад орох орон сууцны үнэ хэдэн төгрөг байх вэ?
-Барилгын компаниудын үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчидтэй хийж байгаа гэрээнд заасан орон сууцны үнийг харахад одоогийн үнээс 30-40 хувийн хямд байна. Тиймээс энэ хэмжээний хөөс байна гэсэн үг юм. Энэ мөнгө үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн халаасанд орж байна. Тиймээс нийлүүлэлт ихсэх тусам дундуур нь орж бизнес хийх хүн цөөрч үнэ ч багасна. Нийлүүлэлт нэмэгдэхээр орон сууцны метр квадратын үнэ 30-40 хувиар хямдарна гэж үзэж байгаа.

-Монголбанкнаас барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Гэтэл барилгын компаниуд зээл авчихаад үнээ нэмэх тохиолдол гарч байх шиг байна. Зарим хүн үүнийг хяналт тавих ёстой БХБЯ ажлаа хийхгүй байна гэж байна?
-Монголбанкнаас барилгын компаниудад арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож байгаа. Энэ зээл БХБЯ-аар дамжаагүй. Харин цемент, арматур импортолж байгаа компaниудад олгож буй болон барилгын материалын үйлдвэрлэлийн эргэлтийн зээлийн хэрэгжилтийг бид хянаж байгаа. Импортоор оруулж буй барилгын материалын үнэ хямд байгаа. Мөн барилгын материалын үйлдвэрлэл их хэмжээгээр нэмэгдсэн. Энэ жил зөвхөн зуурмагийн 50 үйлдвэр шинээр байгуулаад байна. Үүний үр дүнд зуурмагаас болж ажил гацдаг тохиолдол гарахаа байсан. Энэ мэтчлэн зээлийн үр дүнд бид хяналтаа тавьж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Санжаасүрэн


URL:

Нэр: Зочин Огноо: 25 December 2014

2014 оны хавар буусан байх ёстой байсан байна буусан нь хаана байгаан бээ

Сэтгэгдэл бичих