Г.Буяндоржийн хэргийг УМБГ-т шалгаагүй нь нотлогдлоо

gav_tsagdaa-middleНийгмийг цочроосон онц хүнд гэмт хэргүүд болоод төрийн дээд албан тушаалтнуудын нэр холбогдсон хэргүүдийг шалгах явц ямар шатандаа явааг хүргэж байна.

Тэр дундаа албан тушаалтнуудтай холбоотой хэрэг сүүлийн үед олны анхаарлыг татаж, хэрхэн шийдэгдэх нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа билээ.

Цагдаа буудсан хүүхдүүдийн хэргийг шалгасаар…

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч Т-г тус сумын ЕБС-ын сурагчид болох Баянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хапаар нар буудаж амийг нь хохироосон хэрэг гарсан билээ.

Хэргийг УМ БГ-т шалгаж үзээд Саягас, Хапаар нарын өмгөөлөгч прокурорт хүн амины хэрэгт холбоогүй учир хэрэгсэхгүй болгож өгөх талаар албан бичиг хүргүүлж, улмаар дээрх хоёр этгээдийн хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгож, хулгайн хэргээр яллахаар болоод байсан. Гэтэл энэ мөн л ээдрээ дагуулж дээрх гаргасан шийдвэрийг буцаж шалгахаар болсон байна.

Өөрөөр хэлбэл, хэрэг гарах үед хамт байсан учраас Саягас, Хапаар нарын хэргийг тусгаарлах талаар эргэн шалгаж байж шийдэхээр болжээ. Тэднийг одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Нэмэлт мэдээлэл хүргэхэд тэдний эцэг нь хотод ирсэн бөгөөд холбогдох хэрэгт мөн байцаалт өгсөн аж.

Г.Буяндоржийг УМБГ-т шалгаагүй гэв

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийг долоо хоногийн турш эрэн сурвалжилсны эцэст өнгөрсөн долоо хоногт саатуулсан.

Түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэрэгт буруутган, орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн тухай мэдээлсэн.

Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн, 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан гэсэн юм. Гэтэл Г.Буяндоржийг цагдаагийн байгууллага шалгаагүй бөгөөд УМБГ-т түүнд холбогдох ямар нэгэн хэрэг байхгүй талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Түүний хувьд 2008 онд орлогын албан татвараас зайлсхийсэн, авлига өгсөн хэрэгт сэжиглэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шүүсэн хэдий ч хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм.

Н.Хүрэлбаатарын хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцжээ

Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Хүрэлбаатарыг интерполоор эрэн сурвалжилж, олохгүй байна хэмээн хуулийнхан сүр дуулиантай мэдэгдэж байсан.

Улмаар түүнийг эх орондоо ирсэн даруйд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр буух үед нь баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг Эрүүл мэндийн сайд байх үедээ тендер будлиантуулж, өөрийн компанийн нэр дээр эмнэлэгийн тоног төхөөрөмж оруулж ирж зарсан.

Мөн нууц хүүгийнх нь гэрээс их хэмжээний буюу хоёр сая 145 мянган юанийг олсон нь түүнийг ийн эрэн сурвалжилж баривчлахад хүрсэн юм. Түүнийг баривчилсний дараах өдрөөс эхлэн мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байсан юм. Харин прокурорын газраас нэмж тодруулах зүйл байна хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж.

Түүний хувьд баривчлагдахынхаа өмнө өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж “Хууль,хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл байгаагүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна.

Ийм учраас миний бие цагдаагийн газраас хийсэн мэдээллийг хүлээн авч, ажлаа орхин эх орондоо очихоор боллоо. Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол Улсын хууль зөрчсөний улмаас гадаад руу яваагүй. Харин Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд оролцож, Сингапур, Хонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судалсан юм” гэж бие төлөөлөгчөөрөө хэлүүлж байсан билээ.

Хүүгээ яргалсан эцгийг 23-нд шүүнэ

Өнгөрсөн тавдугаар сард 46 настай Д гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж дууссан прокурорт шилжүүлсэн байна.

Улмаар прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хэргийг энэ сарын 23-нд буюу ирэх баасан гарагт шүүхээр болжээ.

Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, өмгөөлөгчөөр З.Оюундэлгэр, хохирогчоор О.Болормаа нар оролцохоор болжээ. Н.Довжинсүрэн өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж, 10 гаруй удаа эрүүлжүүлэгдэж байжээ.

Г.Мянган

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих