Эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд хонож эхлэв
Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүдэд энэ намар хамрагдах хүүхдүүдийг энэ сарын 23-наас эхэлж бүртгэх ёстой байсан ч эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд дугаарлаж хонодог болжээ.
Дархан сумын Нэгдүгээр цэцэрлэгийн үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнө эцэг эхчүүд дугаарлаж хоноод өглөө нь хүүхдийнхээ нэрсийг бичиж цэцэрлэгийн захиргаанд өгчээ. Гэвч хүүхдийн тоо гүйцсэнээс зарим эцэг эхчүүдийн хүүхэд уг цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрч эцэг эхчүүд гомдол гаргаж байлаа.
Цэцэрлэгийн эрхлэгч З.Долгорханд, “Бид цэцэрлэгт хамрагдах хүүхдийг бүртгэж авах таван хүний бүрэлдэхүүнтэй комиссыг багш, эцэг эхийн төлөөлөл оролцуулж байгуулсан. Цэцэрлэгт орох хүүхдийг 23-наас эхлэж бүртгэх ёстой байсан боловч эцэг эхчүүд цэцэрлэг дээр ирж хоноод дуудуулж байна гэсэн учраас ирсэн. Хоносон эцэг эхчүүдийн хүүхдийн нэрсийг бүртгэлийн комисст өгсөн. Манай цэцэрлэг угаасаа хүчин чадал багатай, батлагдсан хүүхдийн тоонд тохируулж хүүхдээ авна. Хүүхдийн тоо гүйцчихээд байхад миний хүүхдийг заавал ав гээд эцэг эхчүүд шаардаж байгаа нь боломжгүй зүйл” гэв.
Ийм байдал зөвхөн энэ цэцэрлэгт ч биш бусад цэцэрлэгүүдэд адилхан байгаа тухай иргэд ярьж байв.
Тус аймагт төрийн өмчийн 18, хувийн хэвшлийн 10-н цэцэрлэг ажиллах бөгөөд шинээр 1262 хүүхдийг бүртгэх гэнэ. Энэ жил шинээр байгуулагдах7 дугаар цэцэрлэгт 280, 23 дугаар цэцэрлэгийн харъяа салбар цэцэрлэгийн гурван ангид 75, бусад цэцэрлэгт 907 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.
Дархан-Уул аймаг Б.Норовсамбуу
montsame
URL: