Архийг зөвхөн тусгай дэлгүүрээр зардаг болно

527-1377047740zuragСаяхан даа Монголын дарга нар, тэдний эхнэрүүд бас Оросуудад үйлчилдэг тусгай дэлгүүр байдаг байлаа. Тэнд Улаанбаатарчуудын үзэж хэрэглэж үзээгүй тухайн үедээ л тансаг гэж хэлэгдэхээр эд бараа байсан гэдэг.
Тиймээс Улаанбаатарын дарга нарын гэр бүл тансагладаг байсан тухай домог мэтийн яриаг хүн бүхэн л мэднэ. Одоо ийм дэлгүүр Хойд Солонгост бий. Энэ улсад айлчлаад бас аялаад ирсэн иргэд тусгай дэлгүүрээр орсноо заавал сонин болгож ярьдаг.
Харин ирэх жилээс тэгж холын юмыг сонин болгож муулах биш өөрийн орноосоо үзэхэд бэлэн боллоо. Учир нь УИХ-дахь зарим гишүүдийн санаачилгаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлт бичигдээд дуусчээ.  Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлт ихээхэн дуулиан шуугиан тарих нь ойлгомжтой байна. Учир нь уг хуулиар нилээд анхаарал татахаар дараах заалтууд орж байгаа аж.
1.    Архийг зөвхөн тусгай дэлгүүрээр худалдаална. Тусгай дэлгүүр Монголд бараг байхгүй. Duty Free-г тооцохгүйгээр шүү дээ. Тэгэхээр тусгай дэлгүүрийн төлөө өрсөлдөх нь хүн бүрийн нэг сонирхол болж хувирна. Мэдээж танил талтай арын хаалгатай нь тусгай дэлгүүрийн эрх авна.
2.    5000-10000 хүн тутамд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байна. Яг ийм заалт тусгагдсан аж. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын хүн амыг нэг сая гэж үзвэл нийслэлийн хэмжээнд 100-200 тусгай дэлгүүр байна гэсэн үг. Мэдээж ийм цөөхөн дэлгүүрийг зөвхөн томчууд л авч чадна. Тэгэхээр ард түмний найман нэрийн гэх хүнсний сүлжээг дампууруулж дарга нар бизнесийг нь булаахаар санаархаж байна. Учир нь одоо Улаанбаатарт 300 хүнд нэг найман нэрийн барааны дэлгүүр оногдож байгаа аж. Энэ тооноос нэгийг ойлгож болно.
3.    Хөдөө орон нутагт 5000 хүн амтай сум бол томдоо орно. Тэгэхээр зарим аймагт хоёр сумын дунд нэг тусгай дэлгүүр оногдох аж. Ийм газрын тусгай зөвшөөрлийг авах гэж сүйд болох байх. Тэгээд хөдөөгийнхөн нэг шил юм авах гэж зэргэлдээ сумруугаа мордох хэрэг гарах нь.
4.    Тусгай дэлгүүрийн эрхийг олгохдоо оршин суугчдын саналыг авна. Хаана олон иргэн архины дэлгүүр нээхийг хүснэ тэнд тусгай зөвшөөрөл өгнө гэнэ. Энэ бол бизнесийн утгаар үнэн хэрэггүй заалт аж. Учир нь Улсын их дэлгүүрийн ойролцоох хоёр байрны оршин суугчид архи заруулахгүй гэхэд л Улсын их дэлгүүр спиртийн төрлийн ундаа зарахгүй юм байна л даа. Тэгээд гадныхан ирэхээр бид их дэлгүүртээ архи зардаггүй гээд зогсох аж.
5.    Архины тусгай дэлгүүрүүд дотно, гаднаа бүрэн камертай байна. Хөдөөд ч адил. Гэмт хэрэгээс сэргийлж байгаа ч гэсэн хэн хэдэн шил авах нь вэ гэдэгийг хянахад зориулагдсан бололтой.
6.    Архины тусгай дэлгүүрүүд цагдаагийн газартай ойрхон байрлалтай байна. Эсвэл хамгийн ойрхон цагдаагийн газартай холбогдсон дохиололтой байх аж.
7.    Зөвхөн насанд хүрсэн иргэнд согтууруулах ундаа худалдаална. Тиймээс согтууруулах ундаа авах иргэн заавал бичиг баримттай байх заалттай гэнэ. Бас л нэг жилд хэн хэдэн шил архи авч байгааг хянах систем л юм даа.
8.    Хэрэв 21 насанд хүрээгүй хүнд архи худалдаалсан байх юм бол уг дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
9.    Тусгай дэлгүүрийн нээх, хаах цагийг хуульд нарийвчлан заана. Одоогийн байдлаар бол өглөөний 11 цагаас оройн 18 цаг хүртэл гэж төсөлд тусгасан тухай яригдаж байна.
10.    Машинд архи уухыг хориглоно.
11.    Гудамжинд архи уухыг хориглоно.
12.    Сургууль цэцэрлэгүүдийн ойролцоо архи уухыг хориглоно.
13.    Цэнгээний газруудад хязгаарласан цагийн хүрээнд согтууруулах ундаа худалдаална.
14.   Буудал, бар, ресторанд архи худалдаалах цагийг тогтооно гэх мэт нарийн заалтууд орж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Ийм хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй эмэгтэйчүүд ажиллаж байгаа бололтой.
Хэрэв эдгээр заалтууд үнэн бол ихээхэн эсэргүүцэлтэй тулгарах байх. Нөгөө талаасаа архийг хязгаарлаж байгаа нэрээр далд хэлбэрт шилжүүлэх аюултай нөхцөл байдал үүсч болох юм.
Мөн жирийн иргэдийн бизнесийг том аж ахуйн нэгжүүд, одоогийн эрх мэдэлтнүүд булаан авах мэргэн арга ч байж мэднэ. Ямар ч гэсэн иймэрхүү заалтууд эрхэм гишүүдийн тархиар шүүгдэж, үзгээр бичигдээд одоо гар өргөөд батлахад бэлэн болжээ.
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих