Аалзны тор буюу авилгалын сүлжээ
Дэлхийн аль ч улс оронд эх орноосоо урвасан этгээдэд хуулийн хүрээнд багтах хамгийн хүнд шийтгэлийг “олон жилийн хугацаагаар хортой нөхцөлд хүнд хүчир ажил хийлгэх, бүх насаар нь гянданд хорих, цаазаар авах ял оноох зэрэг” үүрүүлж иржээ.
Хятад улс авилгал авсан төрийн түшээдэд ялын дээд хэмжээ оногдуулан олны өмнө гүйцэтгэж байгаа нь хүн ам ихтэйдээ бус, нэгд: энэ гайтай уршгыг таслан зогсоох, хоёрт: эх орноосоо урвасан этгээдийн дайтай тооцож ял оноон гүйцэтгэж байна.
Тиймээ, зөвхөн өөрийнхөө хувийн ашиг сонирхол, тансаг амьдрал, эд хөрөнгө, шуналынхаа төлөө ард түмнийхээ эрх ашгыг умартан, хуулийг зөрчин уландаа гишгэсэн авилгалч түшээг эх орноосоо урвагчын хэмжээнд дүйцүүлэн ял оноож байх хуулийн заалт үгүйлэгдэж байна.
Ерөнхийлөгч Элбэгдорж авилгалын эсрэг сайхан ярьж байна, харин тууштай дэмжиж цаг наргүй тэмцэх ажлыг АТГ дангаараа хийдэг нь нэг тиймэрхүү. Авилгал мөн бишийг хуулиа мэддэг хэн нэгэн дэслэгч цолтой мөрдөн байцаагч ч хүртэл шалгаад тогтоочих асуудал, тийм болохоор авилгалын эсрэг тэмцэлд мөрдөн шалгаж, байцаан, хэрэг бүрдүүлэх эрхтэй хуулийн байгууллагуудыг нийтээр нь дайчлан оролцуулахгүй бол оройтлоо.
Ард түмэн, улс орныхоо төлөө ариун тангараг өргөсөн, нам эвсэл холбоодын харъяалалгүй Монгол улсын цагдаагийн байгууллага энэ тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг намын нөхдийг намнасан өрөөсгөл тэмцэл өрнөөд байгааг ард түмэн харж байна.
Бидний дунд шазруун, өс санагч, атаархагч, өөдгүй зантай хүмүүс хангалттай бий. Магадгүй дараагийн сонгуульд МАН ч юмуу МАХН ч, эсвэл өөр намуудын эвсэл төрийн эрхэнд гарвал юу болохыг төсөөл дөө! Авилгалын эсрэг хийж буй тахир дутуу тэмцэл эргээд зөвхөн ӨШӨӨ АВАЛТаар өрнөнө гэдэгтэй санал нийлнэ буй заа.
Авилгал авсан нь тогтоогдоод ялаа эдэлж байсан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдал доройтсон, хэвлэл мэдээллээр бичсэнчлэн сонгуулийн тохиролцоо байсан гэх, буруугаа гэмшиж элбэрэл эрээгүй хүнд өршөөлийн лүндэн буулгасан асуудал оньсого болоод үлдлээ.
Өвчтөнгөө тэнхрүүлчих чадалтай эмч бэлдээд гаргаж чаддаггүй өндөр төлбөртэй анагаахын дээд сургууль гэж баймааргүй дээ уул нь. Монгол улсын нэрийн өмнөөс ял оноож байхад экс ерөнхийлөгчдөө хатуурхлаа гэж зарим нь халаглаж л байсан. Насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд хутгалдсан нэгэнд 7 жилийн хорих ял оноосон шүүгчид , хөөрхий дөө экс ерөнхиийлөгч маань шүү дээ гэж халаглаагүй байна энэ европ тивд.
Гадаадад нууцаар данс нээсэн нь илчлэгдсэн, эхэндээ цөөхөн хэдхэн юм байгаа хэмээн гүрийгээд, тоо данс нь ил болонгуут, аан тийм миний тариа будаа тарьж ургуулсан мөнгө байсиймаа, хэлэхээ мартчихаж гээд орон гарантаж байсан нөхөр телевизийн халз ярилцлаганд маргагч талынхаа “мангар”-ыг гайхаж юу ч мэддэггүйг гайхан даапаалж явааг юу гэж ойлгох вэ?
New.mn сайтад С.Баярцогтын нууц дансыг ил болгосон мэдээг орчуулсан сэтгүүлч нэг өгүүлбэр дутуу орхисон байсныг энд дурдъя. С.Баярцогтын уйгагүй чармайлтын үр дүнд 2011 онд Оюу-Толгойн гэрээнд өөрчлөлт орон батлагджээ.
The changes reduced the benefits for Mongolia and increased the returns for Rio Tinto of a planned multi-billion dollar copper and gold mine at Oyu Tolgoi in the Gobi Desert.
Энэхүү өөрчлөлт нь Монголын талд ноогдох ашгыг багасган тэртээ говийн элсэн цөлд орших Оюу-Толгойн алтны ордноос олох хэдэн арван тэрбум доллараар тооцоолсон Рио-Тинтогийн орлогыг нэмэгдүүлжээ.
Эрхэм гишүүн тариа тариад жилдээ сая долларын ашиг олдог арвин том талбайтай байж болноо. Сэлэнгэ нутгийн тариа будаа жил болгон аадар мөндөрт цохиулчихаагүй бол одоо нэлээд хэдэн сая доллартай болсон дог. Эсвэл энэ үнэхээр тухайн гэрээний “өгөөж” үү, сайтар шалгачихад юу нь болохгүй гэж. Хэрвээ авилгал мөн бол хэн нэгэн “урвагч” төрийн жолоог атгалцаад жороолж явах нь ардчилсан төрт ёсонд нийцэхгүй.
Хүний өөрийн гэж ялгалгүй хүйс тэмтэртэл нь шалгаад , илрүүлээд, яллаад эхлэхээр хууль бусаар хөрөнгөжиж, хүнийг зоосны нүхээр хардаг хөндий цээжтэй, хоосон толгойтнууд дахин хэзээ ч амилахааргүй эрх зүйн орчин даруйдаа л бүрэлдэн тогтноно. Улс төрд найз гэж байдаггүй харин журмын нөхөд л гэж байх ёстой болов уу.
Хэрвээ авилгалын эсрэг эрчимтэй дайрч чадвал магадгүй олон хүн шоронгийн хаалга татах байх, гэхдээ энэ бол хэлмэгдүүлэлт биш гэдгийг ард түмэн эрхбиш ухаарахтайгаа.
Ой дотор явж байхад аалзны шүлсэн тор нүүр бүрхээд авахад хором ч алдалгүй алгаараа хамаад хаядагтай адил авилгал хэмээгч нүүрлэсэн сүлжээг алгуурлалгүй самардахыг зарлигдаач, Ерөнхийлөгч өө!
С. Өгөөмөр
Эх сурвалж: “new.mn“
URL: