Оюутолгойн хэдэн ажилтан цомхотгогдсон нь тодорхойгүй байна

e5215775c4292978bigХөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга нарын албаны хүмүүс “Оюутолгой” ХХК–ийн далд уурхайн барилгын ажил түр хугацаагаар зогссоны улмаас нийгэмд буруу ташаа мэдээлэл цацагдаж эхэлсэнтэй холбоотойгоор тус компанийн Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек, тус компанийн гүйцэтгэх захирал Р.Содхүү нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжямтав хэлэхдээ “Оюутолгой компанийн далд уурхайн барилгын ажил зогссонтой холбоотойгоор барилгын ажлын гэрээлэгч компаниудын 2000 орчим ажилтан халагдсан талаарх мэдээлэл нийгэмд бухимдал төрүүлж байна. Бидний өнөөдрийн уулзаж байгаагийн гол шалтгаан энэ талаарх үнэн бодитой мэдээлэл авч, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар ярилцахад оршиж байна” гэлээ.

“Оюутолгой” ХХК-нийн Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек хэлэхдээ “Манай компанийн далд уурхайн барилгын ажлын 2–р шатны санхүүжилтийн асуудалтай холбоотойгоор бид барилгын ажлын гүйцэтгэгч компаниудтай хийсэн гэрээгээ цуцлахад хүрсэн. Одоогийн байдлаар “Оюутолгой” компани 22 гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээрээс хэдэн компанитай гэрээгээ цуцалсан, эдгээр компаниудын хэдэн ажилтан ажилгүй болж байгаа зэрэг мэдээлэл бидэнд ирээгүй байна. Манай компаний тухайд 61 ажилтнаа цомхотгох шийдвэр хүрсэн. Эдгээр ажилчдаа өөр хэлтэс, тасаг руу шилжүүлж ажиллуулах талаар судалж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасны дагуу эдгээр ажилчдад олгох мөнгөн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар бид компанийнхаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хэлэлцээрийн ширээний ард сууна. Тиймээс “Оюутолгой” компани гүйцэтгэгч компаниудын ажилчдын асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэл сонссоны дараагаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гэрээ цуцалсаны дүнд хэдэн компанийн, хэдэн ажилтан халагдаж байгаа мэдээллийг нэн даруй нэгтгэн ирүүлэхийг хүсээд цаашид эдгээр компаниудыг өөр чиглэлийн гүйцэтгэгчээр ажиллах боломжийг судалж, аль болох эрсдэл багатай ажиллаарай хэмээн хүслээ. Өнөөгийн байдлаар “Оюутолгой” компаний Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, бусад хэлтэс тасгууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 7000 монгол ажилтан ажиллаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих