Хавар амжаагүй зургаан настнуудыг бүртгэж эхэллээ

7a6942f27b326a4e102038ea0e147395_x3Хичээлийн жил эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна.

Эцэг, эхчүүдийн дунд сургууль, цэцэрлэгийнхээ хүүхдийг хаана яаж бүртгүүлэх вэ гэсэн асуудал араасаа олон асуулт дагуулсан хэвээрээ байна.

Учир нь өнгөрсөн жил 19 мянган хүүхэд шинээр сургуульд элсэн орж байсан. Харин энэ жил 22 мянган хүүхэд сургуулийн босго алхана гэсэн тооцоо бий. Тиймээс Нийслэлийн боловсролын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Чинтогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил хичнээн хүүхэд сургуульд орох вэ. Өнгөрсөн хавар бүх хүүхэд бүртгэлд хамрагдаж амжсан уу?
-Статистик мэдээгээр бүртгэлд хамрагдах ёстой нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнууд 22061 бий гэсэн тоог хавар авсан. Нэгдүгээр ангийн бүртгэл хавар эхэлсэн. Хаврын бүртгэлд эдгээр хүүхдүүдээс төрийн өмчийн сургуульд 18 380, төрийн бус өмчийн сургуульд 2417 хүүхэд бүртгүүлсэн. Одоогийн байдлаар нийт 18796 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ нь бүртгүүлэх ёстой хүүхдүүдийн 85.7 хувь нь гэсэн үг.

Өмнөх жил 19 мянган хүүхэд элсэж байсан бол энэ жил гурван мянгаар илүү хүүхэд шинээр элсэн орно гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбоотой Боловсрол, Шинжлэх ухааны яам болон нийслэлийн Боловсролын бүх сургуулиудын хамрах тойргийг тогтоож өгсөн.

-Хамран сургах тойрог зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай. Гэсэн ч харьяаллын бус тойрог хэрнээ ойролцоо сургуульд хүүхдээ элсүүлэх сонирхолтой хүмүүс байна шүү дээ. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Иргэд нэгэнт гарсан тушаал шийдвэрийг дагаж мөрдөх ёстой. Дүүргийн боловсролын хэлтсүүдийн судалгааны үндсэн дээр Нийслэлийн боловсролын газрын дарга боловсролын тухай хуулийн дагуу эрх үүргийнхээ хэмжээнд энэхүү шийдвэрийг гаргасан. Тиймээс иргэд үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хамран сургах тойргийнхоо хүүхдийг бүртгэснээр нэгдүгээр ангид элсэн орж байгаа зургаан настнууд бүгд сургуульд элсэн орох боломжтой.

Хамран сургах тойрог нь сургуулийн нягтралыг сааруулах зорилготой юм. Төвийн нэр бүхий найман сургууль хамгийн их нягтрал ихтэй, анги дүүргэлт ихэссэн. Тухайлбал, нэгдүгээр сургуулийн нэг ангид 52 хүүхэд хичээллэдэг бол өөр сургуульд 25 хүүхэд суралцаж байх жишээтэй. Сургуулиуд анги бүлгийнхээ боломжоор хүүхдүүдээ хуваарилж хичээллэнэ

-Хавар бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг хэзээ бүртгэх вэ?

-Бүртгэл энэ сарын 19-нөөс эхэлсэн. Дүүрэг бүр хамран сургах тойргийнхоо үлдсэн хүүхдүүдийг бүртгэнэ. Үлдсэн хүүхдүүд энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой.

Э.Бэрцэцэг

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих