Ашгүй дээ, архины хяналтын хууль лоббид автахгүй батлагдах нь

arhiniihuuliaМонголд өдөр болгон л нэлээд хэдэн хүн архины улмаас шоронд явах эс бөгөөс шороонд “булагдаж” байна.

Бид үүнтэй тэмцэх талаар ярьдаг ч өнөөдрийг болтол ахиц дэвшил гарсангүй. Харин эмэгтэй гишүүдийн туслалцаатай тамхитай тэмцэж тэр хэрээр үр дүн гарсан. Гудамжинд хаа таарсан газраа тамхи баагиулж явдаг нөхдүүд ч эмх журмандаа орчихож. Үүнийг бид амжилт гэж харж байгаа, энэ хэрээр бидний эрүүл мэнд эрүүлжих бололцоотой болсон.

Одоо яг иймэрхүү байдлаар архийг хоригломоор байгаа юм. Энэ талаар олон жил ярьсан ч архи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн эздийн лобби хэтэрхий их байсан учраас чадахгүй явсаар өдийг хүрч байгаа.

Тэгвэл одоо дахиж тийм зүйл гарахгүй нь ээ. Эмэгтэй гишүүд Архидан согтуурахтай тэмцэх хуулийг энэ намрын чуулганаар оруулах бөгөөд ирэх хавраас хуулийг хэрэгжүүлж эхлэх аж. Тэд ямар нэг лоббид огтхон ч автахгүйгээр энэ хуулийг баталж гаргана гэдэгтэй итгэлтэй байгаа аж.

УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг энэ талаар ярихдаа “Энэ хуулиар зөвхөн тусгай дэлгүүрээр архийг худалдаална. Одоо бол 300 хүн тутамд нэг архи худалдаалдаг дэлгүүр оногдож байгаа. Шинэ хуулиар энэ хүрээг хумиж 5000 хүн тутамд ч юм уу нэг байхаар зааж өгнө.

Эхний жилдээ хүнсний дэлгүүрүүдэд шар айраг вино зэрэг алкохол багатай ундаа зарахыг зөвшөөрнө. Харин хоёр дахь жилээс бүх төрлийн спиртэн бүтээгдэхүүнийг зөвхөн тусгай дэлгүүрээр зарна. Архины дэлгүүрийн эрх авах үйл ажиллагаанд оршин суугчдыг татан оролцуулна. Тухайн хорооны иргэдийн олонхийн саналыг авсан байршилд нээх эрхтэй байна.

Архи борлуулах цэг нь дотор гадна камертай байх бөгөөд хамгийн ойрын цагдаагийн хэлтэстэй холбогдоно. 21 нас хүрээгүй иргэнд архи борлуулсан бол дахин авах эрхгүйгээр эрх цуцална. Нээх хаах цагийг хуульд заана” хэмээжээ.

Тэд хуулийг боловсруулахын тулд Баруун Европын орнууд, АНУ, Канад, Бразил, Австрали улсын хуультай танилцаж тун чамбай хууль боловсруулахаар зэхэж байгаа гэнэ. Хөгжилтэй орны жишгээр гадаа гудамжинд ил задгай ууж болохгүй, цэнгээний газрууд зохицуулагдсан хүрээнд ажиллах, машинд архи уух зэргийг хориглох аж.

Энэ хууль маш олон жижиг дэлгүүрийн эрх ашгийг хөндөх учраас тун чамбай болгохоор олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн оролцоо олон зүйл дээр үр дүнгээ өгч чадаж байна.

Тэд нам гэж талцахгүйгээр нэгдэж нийгмийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаад олон хүн талархалтай ханддаг бөгөөд энэ хуулийг батлуулаад гаргачихвал эмэгтэй гишүүдэд талархах, тэдний байр суурь нийгэмд ямар их нөлөө үзүүлж байгааг ухаарах, мэдэх хүн олон болж тэр хэрээр эмэгтэйчүүдийг улс төрд сойх нь ихсэх билээ.

Ямартай ч бид архи тамхиа хориглож чадлаа. Дараа нь үргэлжлүүлэн эх хүүхдийн эрх ашиг, хүчирхийлэл, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах чамбай хуультай болох биз ээ.

Эх сурвалж: Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих