“JP Morgan” Хятадын дарга нарын хүүхдийг ажилд авснаараа буруудав
-Манай нэр бүхий улстөрчдийн хүүхдүүд “Голдман сакс”, “JP Morgan”-д ажиллаж байна гэх мэдээлэл үе, үе цацагддаг-
Америкийн хөрөнгө оруулалтын банк “JP Morgan”-ыг хууль сахиулагчид шалгаж эхэлжээ.
“JP Morgan” Хятадын зах зээлд байр сууриа олохын тулд тус улсын томоохон дарга нарынх нь хүүхдүүдийг банкиндаа авч ажиллуулж байгаа аж. Гэвч энэ нь шударга биш явдал гэж үзжээ. Энэхүү хэрэг нь АНУ, Хятадын харилцаанд сэв суулгах уу. Аль эсвэл угаасаа харилцаа нь тааруухан болж байгаагийн дохио юу.
Өмнө нь Хятадын банкны зохицуулагчаар ажиллаж байгаад одоо “China Everbright Group”-ын тэргүүн болсон хүний хүүхэд “JP Morgan”-д ажилладаг тухай “New York Times” сонин мэдээлжээ.
“China Everbright Group” бол уулын чулуулгийн салбарыг хариуцаж, санхүүгийн асуудлыг бүрэн шийдэх эрх мэдэл бүхий Хятадын төрийн байгууллага юм. Харин тэргүүнийх нь хүү нь “JP Morgan”-д орсны дараа тус банк Хятадын чулуулгийн салбартай холбоотой олон төсөлд хөрөнгө оруулах эрхийг олж авсан байна. “JP Morgan”-ы Хонконг дахь салбарт Хятадын төмөр замыг хариуцсан даргынх нь охин ажилладаг байж.
Гэтэл саяхан мөнөөх албан тушаалтан нь эх орондоо баривчлагдаж, хээл хахууль авч Засгийн газрын чухал гэрээнүүдийг гаргасан хэмээн буруутгагджээ.
“Хятадын төмөр зам” хэмээх компани нь Хятадын Засгийн газраас бүтээн байгуулж буй бүх төмөр замыг хариуцдаг, төрийн мэдлийн нэгж юм. Харин тус компанийн тэргүүнийх нь охин “JP Morgan”-д ажиллаж эхлэхэд “Хятадын төмөр зам” компани нэгэн төсөлд “JP Morgan”-ыг сонгохоор зэхэж байжээ.
Улмаар “Хятадын төмөр зам”-ын хувьд 2007 онд олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргах үед нь “JP Morgan” зөвлөхөөр ажиллажээ. Үүний үр дүнд “Хятадын төмөр зам”-ын нийт хувьцаа таван тэрбум ам.долларт хүрч байв.
Ямартай ч “JP Morgan”-тай холбоотой энэхүү хэргийг АНУ-ын Үнэт цаас, арилжааны комиссын авлигатай тэмцэх салбар шалгаж байна. Өнгөрсөн тавдугаар сард тус комисс “JP Morgan”-д шаардлага хүргүүлж, Тан Сяонин гэдэг ажилтных нь тухай мэдээллийг шаардсан гэнэ. Харин тэрхүү Тан Сяонин нь Хятадын “China Everbright Group”-ын тэргүүн Тан Шуанингийн хүү юм.
Түүнчлэн “Хятадын төмөр зам”-ын тэргүүний охин Жан Шишитэй холбоотой мэдээлэл, түүнийг ажилд авах шийдвэр гаргасан хүмүүсийн жагсаалтыг шаарджээ. Гэхдээ ингэснээрээ хувийн банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, чадваргүй ажилтан авсан эсэхийг нь шалгах гээгүй бөгөөд одоохондоо ямар нэгэн хэрэгт буруутгаагүй байгаа хэмээн “New York Times” мэдээлэв. Харин Хятадын эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийг бодлоготойгоор ажилд авсан эсэхийг тодорхой болгохын тулд шалгаж байгаа аж.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан “JP Morgan”-ы хэвлэлийн төлөөлөгч “Бид иймэрхүү мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлсээр ирсэн” хэмээжээ. Харин “China Everbright Group” ямар нэг тайлбар хийсэнгүй. “New York Times” со-нинд дээрх мэдээлэл цацагдсаны дараа АНУ-ын Үнэт цаас, арилжааны комиссын хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан байна. Түүнээс гадна Жан Шиши болон Тан Сяонин ч ажлаасаа гарчээ.
Сүүлийн жилүүдэд барууны компаниуд Хятадын зах зээлд байр сууриа олохыг хичээх болсон. Тэдгээрийн заримыг нь Хятадын хууль сахиулагчид шалгаж байгаа. Тухайлбал, “Galxo Smith Kline” компанийг эмч нарт хахууль өгч, эмийн худалдаагаа өргөжүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Мөн “Morgan Stanley”-гийн тэргүүн байсан хүн Хятадад авлигын хэрэгт холбогдож, Хятадын Засгийн газрын ажилтнуудад нөлөөлөх замаар ашиг олохыг завдсанаа хүлээн зөвшөөрч байсан юм. Түүний хэрэг ч тэгэсхийгээд шийдэгдээд өнгөрсөн. Тэгэхээр Америкийн компаниуд иймэрхүү хэрэгт байн байн холбогддог гэдэг нь тодорхой байна. Үүнээс болж АНУ-ын Хууль зүйн яам, Үнэт цаас, арилжааны комиссынхон иймэрхүү асуудалд онцгой анхаарал хандуулах болжээ. АНУ-д 1977 онд батлагдсан Гадаад дахь авлигын тухай акцийн дагуу Америкийн компаниуд гадны орны өндөр дээд албан тушаалтанд үнэ бүхий зүйл өгч, бизнесийн ашиг хонжоо олохыг хориглосон байдаг аж. Тиймээс тэр хуулийнхаа дагуу АНУ-ын хууль сахиулагчид ажиллаж байна.
Дашрамд дурьдахад, “Эрдэнэс Тавантолгой”-н зөвлөх банкны сонгон шалгаруулалтад өрсөлдөж байсан “Морган Стенли”-д тухайн үед Ерөнхий сайд байсан С.Батболдын хүү Б.Баттүшиг ажиллаж байсан тухай мэдээлэл нэг хэсэг цацагдаж байв. Тухайн үед түүнийг “Морган Стенли”-гийн эрх ашгийг төлөөлж, улмаар зөвлөх банкны тендерт тус банк ялах нь гэх таамаг хэвлэлээр гарч байсан юм. Гэхдээ энэ таамаг биеллээ олоогүй. Түүнээс гадна манай нэр бүхий улстөрчдийн хүүхдүүд “Голдман Сакс”, “JP Morgan”-д ажиллаж байна гэх мэдээлэл үе, үе цацагддаг билээ. Тэгэхээр тэднийг авч ажиллуулж байгаа барууны компаниуд цаанаа ямар нэгэн зорилго агуулж байж ч болох юм.
“JP Morgan”-ы хувьд өнгөрсөн жил олон тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Тиймээс тус банкны хувьд одоо ийм хэрэгт холбогдох нь маш ашиггүй юм. Түүнээс гадна АНУ-ын найман муж болон гадны хоёр оронд хэрэгт татагдаж, шалгагдаж байгаа аж. Мөн АНУ-аас эхэлж дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын үед чанаргүй моргейжийн зээлд баталгаа гаргаж, олон банкийг дампууруулсан хэмээн буруутгагдаж байна. Гэхдээ дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг “JP Morgan”-ы үйл ажиллагааг хянах нь нэлээд төвөгтэй аж. Харин энэ удаагийн хэрэг даамжирвал Хятад, АНУ-ын харилцаанд сэв суулгах хэмжээнд хүртэл хурцдаж мэдэх юм.
АНУ, Хятадын харилцаанд сүүлийн үед төвөгтэй зүйлс нэлээд гарах болсон. Үүнд газар нутаг, худалдаа болон Ази, Номхон далайн бүс нутаг дахь зөрчил зэрэг багтана. Тухайлбал, зүүн Азийн орнуудад АНУ нөлөөтэй байсаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд Хятад улс төр болоод эдийн засгийн хувьд хүчтэй тоглогч болон тодорч эхэлсэн юм. Энэ нь АНУ-д таалагдсангүй. Тус улс Азийн орнуудад хэн нэгнийг голлон тоглогч байлгахыг хүсдэггүйгээс гадна хүчний тэнцвэрийг хадгалах бодлого баримтлах болсон. Тиймдээ ч Хятад болон Япон, Өмнөд Солонгосын хооронд үүсээд байсан арлын маргаантай холбоотойгоор тодорхой байр суурь илэрхийлдэггүй. Гэхдээ зүүн Азид Хятадын нөлөө ихэсч байгаад онцгой анхаарал хандуулах болсон хэмээн “Global Times” сонин мэдээлж байсан юм. Харин Хятадын эрх баригчид үүний эсрэг “March West” буюуу “Баруун руу марш” хэмээн нэрлэгдсэн бодлого баримталж эхэлсэн гэдэг. Саяхан Тайланд болон Филиппиний хооронд маргаан гарч, дипломат харилцаа нь муудсан. Энэ үеэр АНУ, Хятадын эрх баригчид бие, биеэсээ өрсөн тэдний асуудлыг зохицуулахаар чармайж, эрх баригчдад нь нөлөөлөхийг оролдож байсан юм. Иймэрхүү байдлаар АНУ, Хятадын хооронд геополитикийн зөрчил байсаар ирсэн. Цаашид ч байх нь дамжиггүй. Гэхдээ энэ нь далд явагддаг зөрчил болохоос биш хоёр орны эрх баригчид илт бие, биеэ өдөөн хатгасан үйлдэл хийгээгүй байна.
Т.Элиса
URL: