Ш.Мөнгөндуулга: МСҮТ-ийг сонгон суралцагчдын тоо эрчимтэй өссөн

Ш.Мөнгөндуулга: МСҮТ-ийг сонгон суралцагчдын тоо эрчимтэй өссөн

Энэ сарын 23, 24-нд Мэргэжлийн боловсролын байгууллагын удирдах ажилтны долдугаар бага хурал болох гэж байна.

Бага хурлын үеэр хэлэлцэгдэх асуудал болоод салбарын өнөөгийн байдлын талаар Дархан-Уул аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Мөнгөндуулгатай ярилцлаа.

-Удахгүй мэргэжлийн боловсролын байгууллагын удирдах ажилтны хурал болох гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Мэргэжлийн боловсролын байгууллагын удирдах ажилтны долдугаар бага хурал энэ сарын 23, 24-нд болох гэж байна. Зах зээлийн үед энэ салбар нэлээн хүнд байдалд орж, суралцагчдын тоо буурч ач холбогдол нь багасч ирсэн. Тиймээс жил бүр салбарын бага хурлыг хийж, төлөвлөгөө, зорилго зорилтыг гаргадаг болсон. Энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой хурал болох гэж байна. Тухайлбал, “Монгол хүний мэргэжлийн ур чадвар болоод үнэлэмжийг өсгөе” гэсэн уриатайгаар хурлаа хийхээр бэлтгэл ажил дуусч байна.

Мөн мэргэжлийн боловсролын салбарын хууль гарах гэж байгаа. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, засах асуудлаар салбарынхны дунд томоохон хэлэлцүүлэг өрн үүлнэ. Цаашлаад Австралийн “ETAS” группийн сургалтад манай улсын мэргэжлийн боловсролын салбарын багш, ажилтан тэргүүтэй хэд хэдэн баг хамрагдаад ирсэн.

Манай улсад мэргэжлийн боловсролын салбарын хөгжил аль төвшинд байна, цаашид юу хийх хэрэгтэй талаар тодорхой мэдлэг авсан. Тэгэхээр тухайн мэргэжилтнүүд сургалтаас мэдсэн зүйлээ хурлын үеэр хэлэлцэнэ.

Энэ удаагийн бага хуралд 80-аад мэргэжлийн боловсролын сургууль, 100 орчим ААН , ТББ , холбоо оролцох төлөвлөгөөтэй байгаа.

-Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өмнөх жилээс нэлээн онцлогтой болно гэж сонссон юм байна?

-Өмнө нь энэ хурлыг яам зохион байгуулж сургуулийн багш ажилтнууд оролцох л үүрэгтэй байсан. Харин энэ жилээс сургуулийн захирал өөрсдөө гардан зохион байгуулдаг болсон. Ингэхээр салбар доторхи болж бүтэхгүй зүйлээ өөрсдөө харж, дотор нь ажиллаж байгаа гэдэг утгаараа илүү олон асуудлыг хамруулах болов уу. Тэгээд ч бүх аймгийг хамарч байгаа учраас өргөн хүрээтэй болно.

-Салбарынхнаас гадна ямар байгууллага оролцох бол?
-Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоо, төлөөлөгчийн байгууллагууд оролцоно. Мөн олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтнүүд ч ирэх болно. Мэдээж яамныхан, мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөлийн удирдлагууд оролцоно. Энэ мэтчилэн маш өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна.

-МСҮТ-үүдийн сургалтын материаллаг бааз сүүлийн үед хэр өргөжиж байна вэ?

-Олон улсын төсөл хөтөлбөрүүд багагүй орж ирсний хүчинд материаллаг бааз бүрэн бэхжиж чадсан. Олон улсын жишигт нийцсэн сургалтыг явуулж чадахуйц болсон гэж үзэж байгаа. Ер нь өндөр шаардлага хангасан нарийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Оюутнууд маань хичээлдээ ийм нарийн техник ашиглаж байгаа учраас зарим компанийн тоног төхөөрөмжийг голохоор болсон.

Ер нь материаллаг бааз бэхжээд ирэхээр элсэгчдийн болоод сургуулиудын тоо ч эрс нэмэгдэж байгаа. Хөндлөнгөөс харахад манай сургууль суралцагчдаа зүгээр л сургаад төгсгөөд байгаа юм шиг байдаг. Гэтэл манай суралцагчид гутал нь тоостой, гар нь тостой, хөлс нь дусалж байж сурдгаараа бусад их дээд сургуулийнхнаас ялгаатай. Тиймдээ ч бидний бэлтгэж гаргасан боловсон хүчнийг аж ахуй нэгжүүд ажиллуулахдаа дуртай. Цаашид ч тогтвор суурьшилтай ажиллуулахыг эрмэлздэг.

-Элсэгчдээ татахын тулд техник тоног төхөөрөмжөө шинэчлэхээс гадна ямар ажил зохион байгуулж байна?

-Мэргэжлийн боловсролын суралцагчид олон улсын төвшинд ажил мэргэжлийнхээ ур чадвараар өрсөлддөг “World Skills” гэж тэмцээн болдог. Энэ тэмцээн 2015 онд Бразильд болно. Үүнд манай улсаас оролцож оюутнуудынхаа хүчийг зорьж, чадварыг нь ахиулахаар зорилт тавьсан. Заавал түрүүлэхдээ биш.

Гол нь Монголын мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийг дэлхий дахинд харуулж, таниулахад чиглэх юм. Одоогоор мэргэжлийн боловсролын салбарт суралцдаг 26 мянган оюутан бий. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манайхыг сонгох элсэгчдийн тоо эрчимтэй өссөн. Гэхдээ зөвхөн сургалтаас гадна зарим эцэг эхчүүд тэтгэлгийг нь харж сургууль сонгох явдал ч бий.

Тухайлбал, манай тэтгэлэг өнгөрөгч жилүүдэд 45 мянга, их дээд сургуулийнх 70 мянга байсан шүү дээ. Энэ мэтчилэн тэтгэлгээс болоод өөр их дээд сургуулийг сонгох явдал байдаг. Гэхдээ энэ оноос МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг 70 мянга болгож байгаа. Энэ маань эргээд элсэлтэндээ нөлөөлнө.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих