Писториуст албан ёсоор хүн амины хэрэг тулгалаа
ӨАБНУ-д паралимпийн зургаан удаагийн аварга Оскар Писториуст өөрийн найз бүсгүй Рева Стенкампийн амийг санаатайгаар хөнөөсөн болон хууль бусаар зэвсэг хадгалсан хэрэг албан ёсоор тулгаж байгааг зарлалаа.
Писториусын хэргийг шүүх хурал 2014 оны гуравдугаар сарын 3-нд эхэлнэ. Шүүх ажиллагааны явцад нийт 100 гаруй гэрчээс мэдүүлэг авах гэнэ. Мөн аллага болсон шөнө Писториус найз бүсгүйтэйгээ чанга дуугаар хэрэлдэж байхыг сонссон гэх хүнийг гэрчээр дууджээ. Түүний мэдүүлэг Писториуст тулгаж хэргийг нотлоход чухал үүрэг гүйцэтгэх юм.
Цагдаагийн газар Писториусын хэрэгтэй холбоотой мөрдлөгөө наймдугаар сарын 13-нд дуусгажээ. Хэрвээ түүний буруутай нь нотлогдвол бүх насаараа шоронд хоригдох ял Писториусыг хүлээж байна.
Тэрбээр хоёрдугаар сарын 22-нд 100 гаруй мянган долларын барьцаагаар суллагдсан юм. Гуравдугаар сард шүүх түүнд дотоод төдийгүй гадаадын тэмцээн уралдаанд оролцохыг зөвшөөрчээ. Тамирчин бэлтгэл сургуулилтаа дахин идэвхтэй хийж эхлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
Хоёрдугаар сарын 19-нд Писториус шүүх дээх өөрийн найз бүсгүйнхээ амийг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ энэ хэрэг санамсаргүй алдаа байсан хэмээн тэр баталж байгаа.
Тэрбээр шөнө тэр усны өрөөнд хачин дуу чимээ сонсоод гэмт этгээд байшинд нь нэвтрэн оржээ гэж бодсон гэнэ. Иймээс Писториус гар буу авч, хаалттай хаалганы цаанаас хэд хэдэн удаа бууджээ. Дараа нь усны өрөөнд ороод найз бүсгүйгээ хөнөөснөө ойлгосон гэнэ.
Мөрдөгчид Писториус найз бүсгүйгээ өрөөнд байхгүй байгааг анзаарахгүй байх аргагүй гэж үзэж байгаа учир түүний мэдүүлэгт эргэлзэж байгаа юм.
Б.Мишээл
URL: