“Хуульчид өөрсдийгөө идэвхтэй нэр дэвшүүлж байна”
Хуульчийн анхдугаар хурлын төлөөлөгч нарыг сонгох цахим сонгууль өчигдрөөс эхэллээ. Өмгөөлөгч 200, шүүгч, прокурор, бусад хуульч тус бүртээ 100 хэмээн нийтдээ 500 хүртэлх төлөөлөгч цуглах их хурал ирэх сарын 5-нд Төрийн ордонд болно.
Цахим сонгуулийн явц, идэвхи хэр байгааг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэлээс тодрууллаа.
-Хуульчдын анхдугаар хуралд төлөөлөгчөөр оролцохыг хүсэгчид өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн өөрсдийгөө нэр дэвшүүлж эхэллээ. Хэдийгээр дөнгөж эхэлж байгаа ч идэвхи нь ямар төвшинд байх юм?
-Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид нэр дэвшилт албан ёсоор эхлээд байна. Хуульчид энэ долоо хоногийн баасан гариг буюу 2013.08.23-ны 22.00 цаг хүртэл өөрийгөө нэр дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшилт нь цахим хэлбэр буюу интернэтээр www. jurists.gov.mn цахим хуудсанд явагдаж байна.
Өөрөөр хэлбэл, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаарт нь цахим сонгуулийн системд нэвтрэх нууц кодыг мессэжээр илгээсэн байгаа. Хуульчид энэ кодыг ашиглан дээрх цахим хаягт хандан өөрийгөө нэр дэвшүүлэх юм. Иргэд ч гэсэн энэ хаягт хандан хэн нэр дэвшиж байгааг мэдэх боломжтой.
-Нэр дэвшилт энэ баасан гариг хүртэл үргэлжилнэ гэхээр нэр дэвшигчдийг сонгох цаг хугацаа нь хэзээ билээ?
-Энэ сарын 27-30- нд нэр дэвшигчдийг цахим хэлбэрээр сонгох сонгууль болно. Мэргэжлийн өөрөө удирдах байгууллагыг бий болгох гэж байгаа учраас зөвхөн хуульчдын дунд энэ сонгууль болно. Ингэхдээ хуульч л бол хамаагүй санал өгнө гэж ойлгож болохгүй. Хэрэв та өмгөөлөгч бол өмгөөлөгчөө сонгоно. Шүүгч бол шүүгчээ л сонгоно. Нэр дэвшсэн, дэвшээгүй эсүл хамааран өөрийн ажил мэргэжил нэгт журмын нөхдөө сонгох юм. Энэ үеэр нэр дэвшигч бүрийн танилцуулга, зураг хөрөг нь цахим хаягт байрлана.
-Төлөөлөгч 500 гэхээр түүнээс олон хүн нэр дэвших шаардлагатай болох нь. Хэрэв сонгууль болох нь битгий хэл зөвхөн нэр дэвшихээр бүртгүүлсэн хуульчийн тоо 500-д хүрвэл яах вэ. Сонгуулийг дахин явуулах уу?
-Ирц муу байна гэж Хүүхдээ бүртгүүлэхээс илүү хорооны тодорхойлолт хэцүү байна бодохгүй байна. Зөвхөн нэр дэвших ажиллагаа нээгдсэнээс хойш гурван цагийн дотор 200 гаруй хуульч бүртгүүллээ. Цаашдаа ч улам нэмэгдэх хандлагатай байна. Ер нь төлөөлөгчдийн тоо 500 хүрэхгүй бол дахин сонгууль болохгүй. Яагаад гэвэл хуульд заасан тоо бол 500 хүртэлх юм. Өөрөөр хэлбэл, 500 хүрэх албагүй гэсэн үг шүү дээ. Харин өмгөөлөгч, шүүгч, прокурор, бусад хуульчийн харьцаа нь хуульд заасан квотын дагуу байх ёстой. Тухайлбал, шүүхийн 100 төлөөлөгч байх ёстой гэж заасан ч 80 байвал бусад хэсгийн нэр дэвшигчдээ ч дүйцүүлэн багасгана.
- Орон нутагт интернэтгүй орчинд байгаа хуульчид яаж бүртгүүлэх ёстой вэ?
-Хууль зүйн яамаар дамжуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст хуульчдыг интернэтээр хангах үүрэг өгсөн байгаа. Ойр орчимд нь интернэт байхгүй бол аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаарай гэж хэлмээр байна. Түүнчлэн нийслэлийн хүрээнд интернэтэд ажиллаж чаддаггүй хуульч байвал манай хүрээлэнд ирээд бүртгүүлэх боломжтой.
-Та нэр дэвшихийн төлөө нууц код авдаг гэж байсан. Гар утсанд нууц кодных нь талаар мэдээлэл очоогүй хуульчид яах ёстой вэ?
- Хэрэв хуульчдын гар утсанд нууц код очоогүй бол дугаарын бүртгэлд алдаа гарсан, эсвэл гар утасны дугаар бүртгэлд өгөөгүй байна гэсэн үг. Бид холбогдож чадаагүй хуульчдын нэрсийг www. jurists.gov.mn цахим хаягт зарласан байгаа. Хэрэв энэ хаягт таны нэр байгаа бол Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 319144 дугаарт холбогдож кодоо авах боломжтой.
-Хуульчдын анхдугаар хурлаар ямар асуудал хэлэлцэх юм бэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль өнгөрсөн онд батлагдсан. Энэ хуулийн гол чухал амин сүнс нь Хуульчдын холбоо. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан мэргэжлийн стандартыг сахих, батлах, хэрэгжүүлэх ажлыг хариуцах гол байгууллага нь хуульчдын холбоо гэсэн үг.
Түүнээс биш төрийн аль нэг байгууллага, Засгийн газар Хуульчийн холбоонд зааж зөвлөөд суухгүй. Мэргэжлийн өөрөө удирдах байгууллага гэдэг утгаараа шударга төлөөлөл хангах ёстой. Тэр ч утгаараа цахим сонгууль явуулж байгаа нь энэ. Мэдээж их хурлаар холбоогоо байгууламж дүрмээ батална. Хоёрдугаарт, холбооны үндсэн зорилго болох мэргэжлийн үйл ажиллагааны стандарт, мэргэжлийн дүрмээ батална. Хуульч хүн юу хийж болох, юу хийж болохгүй, үйлчлүүлэгчтэйгээ яаж харилцах, нийгэмд яаж харагдах вэ зэрэг ёс зүйн дүрмээ батлахаас эхлээд холбооны удирдлагаа ч гэсэн сонгож таарна.
Д.Болор
URL: