Нүүдлийн шувуу-Алтан хараацай
Шиврээ борооноор Бороо орсны дараа, хотын зах, гол усны хавьд явж байхад гялтганасан хар хөх нуруутай, цагаан шаргал элэгтэй, хавирган cap мэт хоёр махир далавчтай, заримдаа нарны гэрэлд солонгорох мэт харагдах бяцхан шувуу өмнүүр хойгуур шүргэн алдан нисэж дагадаг. Тэр бол алтан хараацай юм. Нисдэг шавьжийг нисэнгүүтээ шүүрэн барих тул үүр өндгөө дарахаас бусад цагт ийнхүү элин халин нисэж, тэжээл олж, хайж байдаг ажээ. Тэд нисэж буй шавьжийг шүүрэхэд зохилдсон богинохон, өргөн хошуутай. Мөн нисэнгүүтээ ус балгаж, биеэ усанд булхан өнгөрдөг. Алтан хараацай цагт 100-120 км нисдэг бөгөөд дэлхийн хамгийн хурдан нисдэг шувуудын нэгд тооцогддог байна.
Нисэх зуураа баруун, зүүн, эгц өөд, уруугаа, огцом янз бүрийн хөдөлгөөнийг нүд ирмэхийн зуур хийнэ. Энэ хурдан шувууны хэл нь маш богинохон, газраар явгалан гүйж чадахгүй, харин хумсаараа эгц босоо хана болон үүрнээсээ дүүжлэн суудаг онцлогтой. Үүрэндээ 4-6 жижигхэн, тод цагаан өндөг гарган эр, эм хоёулаа үүр өндгөө асарч хамгаална. Зарим нь нэг зун хоёр удаа өндөглөх нь бий. Өндөгнөөс нүцгэн, нүдээ ч нээгээгүй ангаахай гарч, 21 хоногийн дараа нисэж сурдаг байна. Монгол оронд намрын амьсгал орж, нисдэг шавьж ховордоход алтан хараацай олноор нэгэн дор цугларч Африк, Азийн дулаан бүсийг чиглэн нүүдэллэнэ. Тэгээд хавар урь оронгуут эргэн ирэх бөгөөд нэг бүл хараацай зуны турш нэг сая орчим хортон шавьж устгадаг гэдэг. Гол нуурын эргийн зөөлөн шаврыг хошуугаараа зууран авчирч хад асга, байшин, саравчны хананд маш урнаар нааж шаван үүрээ барьдаг.
Хараацайн төрлийн шувууд цөөнгүй байх бөгөөд эргийн хараацай, харагчин хараацай, хүрээний хараацай гэх мэтээр нэрлэгддэг. Монголчууд хараацай шувууг итгэл найдвар, аврагчийн билэг тэмдэг хэмээдэг билээ.
Хараацайн сүүл салаа болсон талаар нэгэн домгийг монголчууд хэлэлцдэг юм. Энэ домгийг та бүхэнд сонирхуулъя. Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад, амьтан хүн халууцаад, адуу мал харангадаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харваснаа онодог хавтай мэргэн харваач байж гэнээ.
-Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч! гэж олон амьтан түүнд очиж гуйж гэнэ.
Эрийн сайн төрсөн Эрхий мэргэн харваач эрхийдээ эрчтэй, элгэндээ цөстэй, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харвадагтаа эрдэж:
-Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад, хар ус уухгүй, хагд өвс идэхгүй амьтан болоод харанхуй нүхэнд амьдарна гэж ам алдаж тангараг хийж гэнэ.
Тэгээд дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс нь харваад гарч гэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар шагайж шившиж байтал нь хараацай шувуу хоорондуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносон учир алтан хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ.
Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцага алаг мориороо хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ:
-Үүрийн харуй бүрийгээс үдшийн харуй бүрий хүртэл хөөгөөд хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий нь огтлоод хөдөө газар хаяарай! Би эмээлт морио байгаад энхэл тунхал газар амьдрах болно гэж ам тангарагаа өгчээ.
Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үдшийн харуй бүрий хүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу үдшийн харуй бүрийгээр морьтой хүний урдуур, хойгуур ээрэн тойрон нисдэг нь: “Намайг гүйцэх үү? Гүйцэх үү?” гэж дооглож байгаа нь тэр гэнэ.
Монголын дуу хоолой
URL: