Хямралаас гарах гарц бий юу?
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1600 давж, үнийн өсөлт улам хүчээ авч байна. Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт гурав дахин буурч, худалдааны алдагдал ч нэмэгдсээр байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж үе үеийн Төрийн тэргүүн, сайд нарын саналыг сонссон ч энэхүү хүндхэн нөхцөл байдлаас гарах аргаа тодорхойлоогүй байна.
Энэ хүндхэн нөхцөл байдлаас гарах гарцыг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар нар ийнхүү тодорхойлж байна. Тэдний байр суурийг хүргэе.
Р.Амаржаргал: БОНДЫН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛСНАА НОТЛОХ ХЭРЭГТЭЙ
-Монголын Засгийн газар итгэл даах чадвартай гэдгийг хоёр уншигдахааргүй харуулж, итгүүлэх хэрэгтэй. Ингэхдээ төсвийн сахилгыг хангах, Оюутолгой төслийн хоёрдугаар шатыг яаралтай явуулах, 1.5 сая ам.долларын өрийн бичгийн үр ашгийг хангаж чадсанаа нотлох хэрэгтэй. Бас компанийн болоод банкны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах замаар санхүүгийн системийг эрүүлжүүлэх ёстой.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд яаралтай өөрчлөлт хийх. Ингэхдээ цаг үеийн зорилтыг хангахуйц байх учиртай. Төрийн удирдлагын механизмд гүнзгий, Үндсэн хуулийн хэмжээний өөрчлөлт хийх цаг болсон.
Д.Бямбасүрэн: ЦААШИД БАЙДАЛ ХҮНДРЭХЭЭР БАЙНА
-Их хариуцлагатай хандах үе ирээд байна. Манайхан Оюутолгойтой холбоотой асуудалд маргаан гаргахгүйгээр, олон улсын амьдралд байдаг эрх хэмжээнд шийдэж болно шүү дээ. Монгол Улс 1990 оноос хойш олон хүнд үеийг тууллаа. Цаашид манайхаас төдийгүй олон улсын нөхцөл байдлаас шалтгаалах шалтгаанаар нэлээд хүндрэл үүсэх магадлалтай байна. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Ш.Гунгаадорж: АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ЗӨВЛӨМЖ ГАРГАНА
-Цаашид яах вэ гэдгийг УИХ, Засгийн газар шийднэ. Аюулгүйн зөвлөлөөс зөвлөмж гарна биз. Бид одоогийн Засгийн газрыг дүгнэхдээ биш эдийн засгийн байдал ямар байна вэ гэдэг дээр л санал бодлоо ярилцах нь зөв. Дэлхийн эдийн засаг ч таагүй байна. Манай улсын байдал ч хүнд байна. Хүн хүний бодол өөр ч асуудлаас хэрхэн гарах вэ гэдэгт л утга дүйж байна.
Б.Гарамгайбаатар: ГАДНААС МӨНГӨ ОРУУЛАХ АЖЛАА САЙН ХИЙХ ЁСТОЙ
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх нь албан ёсоор шийдэгдээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай УИХ-аар хэлэлцэн баталж, гадаадын хөрөнгө оруулагчдад хуулиа сурталчилж тайлбарлах ёстой. Шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх хэрэгтэй.
Оюутолгойн далд уурхай зогсч буй зэрэг нь Засгийн газрын асуудал. Гэвч тэр ажлаа шаардлагын төвшинд хийж чадаагүй болоод л энэ асуудал үүсчихээд байна. Иймээс дахиад хэлэлцээрийн ширээнд суух ёстой.
Гадаадаас валют орж ирээгүй нөхцөлд Монголбанк нөөцөө барагдуулж болохгүй. Тиймээс валютын нийлүүлэлт тийм сайн зүйл биш. Бид гаднаас мөнгө оруулах ажлаа сайн хийх ёстой.
Э.Батшугар: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ
-Стратегийн салбар, гадаадын хөрөнгө оруулагч гэж тусад нь ялгахгүйгээр, ерөөсөө дотоод, гадаадын нийт хөрөнгө оруулагчид, эдийн засгийн бүхий л салбар, хот хөдөө гэх мэт нутаг дэвсгэрийн бүсчлэлийг бүхэлд нь хамарсан хөрөнгө оруулалтын тухай шинэ хуультай болох хэрэгтэй.
Энэ нь Монгол дахь хөрөнгө оруулалт урт хугацаанд тогтвортой өсөх суурь нөхцөл болно. Нөгөө талаар Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордууд, тэдгээрт түшиглэсэн төслүүд бол хөрөнгө оруулалтын маш том жишиг юм. Өөрөөр хэлбэл, монголчууд эдгээр томоохон ордод хэрхэн хандаж байна гэдгийг гадны хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа хэрэг.
Н.Дашзэвэг: ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫНХАА ДУУ ХООЛОЙГ СОНСООСОЙ
-Энэ цаг үед төсвийн орлого төлөвлөснөөрөө орж ирэхгүй нь. Иймд төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Хамгийн түрүүнд төрийн удирдлагын зардлуудыг танах хэрэгтэй. Ялангуяа сайд, дарга, төрийн албан хаагчдын цалинг танаж, ТЭЗҮ-гүй төсөл, хөтөлбөрүүдийг шууд зогсоох ёстой. Түүнээс гадна эдийн засгийн нөхцөл хүндрэхээс урьдчилан сэргийлж, гол гол үйлдвэрүүдээ бэхжүүлэх хэрэгтэй байна.
Энэ цаг үед УИХ хуралдах зайлшгүй хэрэгтэй. Бас эрдэмтэн, судлаачдынхаа байр суурь, үгийг сонсож тэдний үгийг төсөл, хөтөлбөрөө тусгамаар байна. Энэ бүхнийг хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд судлаачдынхаа үгийг сонсч байсангүй.
Н.Алгаа: ГАЛ УНТРААХ АРГА ХЭРЭГГҮЙ
-Одоогоор байдал хүнд байгаа нь үнэн. Гэлээ гээд бүх зүйл зогсчихлоо, хүндэрчихлээ гэж бодохгүй байна. Тэгэхдээ нөхцөл байдал хэцүүхэн байгааг бид харж байна. Тиймээс хамгийн чухал нь гал унтраах төдийхөн арга хэмжээ авсан дүр эсгэх ёсгүй. Нэгэнт шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлье гэвэл урт хугацаанд хэрэгжих зүйл хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын хууль, урт нэртэй хууль, элдэв татвараа бизнес хөгжих үндэс суурийг бий болгох, бүрэлдүүлэх хэмжээнд хэрэгжүүлмээр байна. УИХ-ын чуулганаар энэ бүхнийг хэлэлцээд цаг алдалгүй ажил хэрэг болгох хэрэгтэй. Угаасаа уул уурхай манай эдийн засгийн тулгуур гэдгийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрлөө. Одоо шийдвэр хэрэгтэй байна.
Ж.Цогзолмаа
/Зууны мэдээ/
URL: