С.Чинзориг: АН юм л бол сэлэм эргүүлдэгээ болиосой
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МАН-ын Бага хурлын гишүүн, тус нам дахь нийгмийн бодлого, хөгжлийн асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч С.Чинзоригийг урилаа.
-МАН улс орны эдийн засаг, нийгмийн асуудлаар саяхан мэдэгдэл гаргасан. Мөн хямралыг хэрхэн туулах талаар эдийн засагч, эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг сонсч нам дотроо хэд хэдэн ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэсэн. Нийгмийн бодлогын чиглэлээр ажлын хэсэг ахалж буйн хувьд та үүсээд байгаа нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Улс орны эдийн засгийн нөхцөл хүндрэх нь бодитой болж байна. МАН УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага гаргасан. Үнэнд гүйцэтгэгдсэн эрх баригч хүчин манай намаас гаргасан шаардлагыг хүлээж авна гэж найдаж байна.
Асуудалд улс төрийн өнцгөөс харж хүч түрж хандахгүй байгаасай гэж хүсэж байна. Манай нам улс оронд тулгарч буй хямралын шалтгааныг тодорхойлж, түүнээс гарах гарцыг хайх, улс орны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. Эдийн засгийн хямрал бодитой нүүрлэжээ гэсэн дүгнэлттэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт төсвийн орлого буурч валютын ханш нь жолоодлогогүй өсч байгаа нь үүнийг нотолж байна
-Эдийн засийн хямралыг хохирол багатай, ард иргэдээ чирэгдүүлэхгүй туулах хамгийн зөв гарц, аргачлал нь юу байх бол?
-Эрх баригчид хүсвэл гарц боломж бий. Хэрвээ эрх баригчид асуудалд хэт хүч түрж хандахгүй үндэсний зөвшилцөлд хүрч чадвал ийм боломж гарц байна гэж үзэж байна. Хамгийн гол нь парламентын зөвшилцлийг бий болгох нь чухал юм. Цөөнхийн дуу хоолойг сонсч байж улс орны өмнө тулгарсан хямралыг давах гарцыг хамтдаа тодорхойлох нь чухал. Юуны түрүүнд парламентийн түвшинд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, экспортыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна.
-Ер нь бол энэ байдлаас урьдчилан сэргийлэх боломж байсан уу. Яагаад ингэж асуув гэхээр шинэчлэлийн Засгийн газар хэт үрэлгэн хандсан гэх шүүмжлэл багагүй гарч байна?
-Асуудалд бодитой ханддаг байсан бол урьдчилан сэргийлэх боломж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, экспортыг нэмэгдүүлэх өөрөөр хэлбэл орлого бий болгох бодлого хэрэгжүүлсэн бол боломж байсан. Даанч эрх баригчид ингэж ажиллаж чадсангүй. “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэдэг шиг өвөг дээдсийн нэрээр бондын хөрөнгө босгосон ч үр дүн туйлын хангалтгүй байна. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь тодорхой байгаагүйгээс бондын хөрөнгийн ашиглалт туйлын муу байна. Юунд зарцуулах вэ гэсэн байдлаар бондын хөрөнгөд хандаж байна. Өдөрт бид бондын хүүнд 270.0 сая төгрөг төлж байна. Засгийн газар “Бид хүү төлөөгүй Монголбанк бондын хөрөнгийн менежментийг хийж байгаа” гээд байдаг. Энэ чинь арилжааны банкуудад мөнгө хүүлэх боломж олгож эцсийн эцэст ард түмнээ шулах замаар бондын хүүг төлж байна гэсэн үг. Эрх баригчид ингэж “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг асуудалд хандаж болохгүйг хэлмээр байна.
-Эдийн засгийн хямрал болно гээд том дэлгүүрүүдээс эхлээд захууд өргөн хэрэглээний барааны үнээ нэмчихлээ. Гэтэл иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй шүү дээ. Яаж амьдрах вэ гэж халаглаж байгаа хүн олон боллоо. Тэнцвэржүүлэх бодлого нь юу байх бол?
-Валютын ханш жолоодлогогүй шахам өсч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг. Гэтэл иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй байна. 2010 онд манай нам засаг барьж байхад цалин тэтгэврийг нэмсэн. Түүнээс хойш цалин тэтгэвэр нэмээгүй байна. Гэтэл сүүлийн гурван жилд үнэ инфляцийн өсөлт өндөр гарлаа. Тэр хэмжээгээр иргэдийн бодит орлого унаад байна гэсэн үг. Эрх баригчид иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээ авахгүй байгаад байдаг. Мөнгөгүйдээ ингээд байна уу гэтэл үгүй бололтой юм.Нийгмийн хамгааллын бодлогын зөрүүтэй байдлаас шалтгаалж байна гэж үзэж байна. Учир нь эрх баригчид цөөнхийн эрх ашгийг хамгаалсан бодлого явуулаад байна. Учир нь үнийн хөөрөгдлөөс сэргийлэх хөтөлбөр нэрээр өөрсдийн төлөөллийн цөөхөн компаниудад 1.3 их наяд төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгосон байдаг. Гэтэл гурил, мах, бензиний үнэ буурсангүй харин ч өсөөд байна. Иймд дээрх хөтөлбөрүүдийн үр дүнг ил тодорхой болгох шаардлагатай байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, цалин, тэтгэвэр нэмэх цогц нийгмийн хамгааллын бодлого гаргамаар байна. Оюутолгой компанид үүсээд буй асуудал ч ажлын байрыг хадгалахын чухалыг харуулж байна.
-Манай улс сүүлийн жилүүдэд уул уурхайг хэт шүтэж байна гэж зарим хүн үздэг. Цаашид энэ байдлыг эргэж харах ёстой байх. Харин ямар замаар өөрчлөх тухайд та ямар бодолтой байна?
-Би ч гэсэн санал нэг байна. Уул уурхай өөрөө онцлог салбар юм байна. Юуны түрүүнд ажиллах хүчний шингээлт багатай салбар гэдгийг анхаарах нь чухал. Нөгөө талаас байгалийн баялаг нөхөн сэргээгддэггүй баялаг гэдгийг бодолцох нь чухал байгаа юм. Ашиглалтын зардал асар өндөр байдаг тул эдийн засагт хий өндөр өсөлтийг харуулдаг зэрэг онцлогыг анхаарах нь зөв. Хөрөнгөтэй айлын үрлэгэн хүргэн шиг асуудалд хандаж болохгүй гэдгийг хэлмээр байна.
-Эдийн засгийн алуурчин болчихлоо манай улс гэж халаглах нэгэн байхад эдийн засгийн алуурчдын тоглоом болчихлоо гэх нэгэн байна. Та юу гэж үзэж байна?
-Шуудхан хэлэхэд аль аль нь байна гэж бодож байна. Үндэсний хэмжээнд зөвшилцөл, эвлэрлэлийг бий болгож байж асуудлыг шийдэж чадна.
- Одоо асуултаа жаахан өөрчилье. Намуудын мөрийн хөтөлбөрийн тухай асуумаар байна. Улс орноо хөгжүүлэх бодлогыг улс төрийн сонгуульд оролцож буй аль ч нам дэвшүүлдэг. Засгийн эрхийг барьж байгаа АН-ын мөрийн хөтөлбөрийг та юу гэж үзэж байна. Магадгүй тус намын мөрийн хөтөлбөр бодлогын алдаатай байсан нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэв үү?
-Улс орны эдийн засаг хямарч буй нэг шалтгаан нь манай улс хөгжлийн дунд хэтийн төлөвлөгөөгүй шахам явж ирсэний алдаа гарч байна. Манай улс хөгжлийн төлөвлөгөө бий юу гэвэл бий. Намууд сонгуулийн хөтөлбөрөөр өрсөлдөж ирсэн. Сонгуульд ялсан нам нь өмнөхөө үгүйсгэсэн сонгуулийн амлалтад хөтлөгдөөд яваад байгаагаас улс орон хямралын байдалд хүрээд байна. Энэ ялдамд манай нам улс орны хөгжлийн хөтөлбөртэй нам гэдгийг хэлмээр байна. Харин ардчилсан нам улс орны хөгжлийн хөтөлбөргүй нам гэдгийг хэлмээр байна. Манай нам засаг барьж байхдаа “Мянганы хөгжлийн цогц” бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулж байсан. Харамсалтай нь эрх баригчид өмнө нь гарсан бодлого шийдвэрээ сөхөж ч харахгүй байгаа юм. Энэ ч бас хямралын үндэс болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл алс хэтээ харсан төлөвлөгөөгүй бол хол алхахгүй л дээ. Та ардчилсан намын сонгуулийн хөтөлбөр, Засгийн газрын хөтөлбөр хоёрыг зэрэгцүүлээд хараарай. Сонгуулийн амлалтаас ихэнх нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусаагүй байгаа. Улс орноо хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөгүй ядаж сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхгүй болохоор яаж эдийн засаг сайн байх вэ дээ.
-Зарим хэвлэл МАН үзэл баримтлалын мухардалд орж шинэчлэл ярьж буй бол АН ч ялгаагүй мөрөөдлийн мөрийн хөтөлбөрөөр яваад гарцгүй болсон гэж дүгнэж байна. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Ардчилсан намын тухайд үнэн байх. Манай намын хувьд арай өөр. Би түрүүнд бидэнд хөгжлийн хэтийн төлөвлөгөө бий гэж хэлсэн. Харин бид сонгуулиудад ялагдаад байна. Манай намын хөтөлбөрийг иргэд яагаад дэмжихгүй байна, юунд алдав гэдэгтээ дүгнэлт хийж хөгжлийн шинэ загвар боловсруулахаар ажиллаж байна. Намуудын үзэл баримтлын ялгаа бараг үгүй болж байна. Барууны нам, зүүний нам шиг амлалт өгч мөрийн хөтөлбөрөө хийж байна. Тийм учир ардчилсан намын мөрөөдлийн хөтөлбөр мухардалд орсон нь үнэн.
- АН арга барилаа өөрчлөхгүй бол манай улсад дарангуйллын тогтолцоо бий болно гэсэн айдас болгоомжлол иргэдийн дунд байна. Үй олноор ажлаас халж, намчирхаж, талцаж, эрх мэдлээр далайлгах, түрэмгийлэх байдал бол газар авсан шүү дээ. Цаашид яах бол?
-Таны асуусантай санал нэг байна. Ардчилсан хүчин засгийн эрх авсан биш, дарангуйлал тогтлоо гэж ард иргэд ярьж айдас хүйдэстэй амьдарч байна шүү дээ. Ард түмнийхээ үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхэд шүүхээд засвар хийж ардчиллын 23 жилийн түүхэнд хар толбо үлдээлээ. Монгол улсад хуулийн дарангуйлал бус эрх мэдэлтэн , олигархиудын дарангуйлал тогтсоныг харууллаа. Ардчиллыг өмчлөх дуртай ардчилсан хүчин дарангуйлагч гэдгээ бас харууллаа. Энэ нь ардчиллагч гэж цээжээ дэлдсэнээр ардчилагч болдоггүй гэдгийг нотоллоо.Хуулийг гууль болгож уландаа гишгэж байна. Цаашид энэ байдал үргэлжилбэл өөрсдийгөө булшиж байна гэсэн үг. Ард түмэн ухаантай хэзээ нэг цагт ухамсрын шанаа өгч таарна. Эрх баригчидын зарим нэг нь ард түмэн юмыг амархан мартдаг гэж ярь даг юм байна лээ. Тэд мартахгүй хариуг нь өгсөн шиг өгнө гэдгиийг хэлэх байна. Иймд эрх баригчдад нялхсын өвчнөөс эртхэн салаасай гэж хүсэж байна. Юм л бол сэлэм эргүүлдэгээ болиосой гэж хэлэх байна.
URL: