Төмөр замын асуудлаар хоёр хөрштэй зөвлөлдөж эхэллээ
Төмөр замаар тээвэрлэгдэж буй ачаа тээвэр болон зорчигч тээвэрлэлтийн үед хил дээрх өртөөнүүдэд гарч буй хүндрэлийг шийдвэрлэхээр Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замчид хэлэлцээрийн ширээний ард суулаа.
“Корпорейт-II” зочид буудлын хурлын танхимд эхэлсэн эл зөвлөлгөөнд Оросын талаас 20, БНХАУ-аас 18, Монголын талаас 20 төлөөлөгч оролцож байна. Зөвлөлгөөн гурван өдөр үргэлжлэх бөгөөд Монгол-Хятад, Улаанбаатар-Дорнод Сибирийн төмөр замын ачаа тээвэрлэлтэд гарч буй сайн, саар асуудлыг хэлэлцэж нэгэн шийдэлд хүрэх юм. Тухайлбал Оросын талтай Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд явдаг зорчигчийн галт тэргийн “Наушик” өртөөн дээрх зогсолтын хугацааг багасгах талаар хэлэлцэх аж. Мөн ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Наушик-Сүхбаатарын чиглэлд Оросын талаас зүтгүүрээр үйлчлэх асуудлыг харилцан тохиролцох юм байна. Харин хятадын талтай Замын-Үүд-Эрээний чиглэлд хоногт явах галт тэрэгний тогтсон тоог мөрдүүлэхэд ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдөх юм. Яг одоо Монгол-Орос, Монгол-Хятадын салбар хуралдаанууд өрнөж байна. Жил бүр зохион байгууллагддаг тус зөвлөлгөөний гурав дахь өдөр буюу энэ сарын 22-нд гурван талт хэлэлцээрээс гарсан үр дүнг танилцуулж, гарын үсэг зурах юм байна.
Дашрамд сонирхуулахад 1949 оны 11 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотноо анхны галт тэрэг ирсэн түүхтэй. Харин 1952 онд Монгол-Орос болон БНХАУ-ын Засгийн газрын хооронд төмөр замын шууд харилцааг байгуулах тухай гурван талт хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Эдүгээ “УБТЗ” нийгэмлэг 80 гаруй өртөө зөрлөг бүхий 1815 км урт төмөр замтай бөгөөд ОХУ болон БНХАУ-ыг холбосон гол төмөр замын урт нь 1110 км юм байна. Төмөр замаар тээвэрлэгдэх ачааны өсөлт сүүлийн жилүүдэд өсч буй бөгөөд өнгөрсөн оны байдлаар ачааны хэмжээ 10.7 хувиар, зорчигч тээвэр 4.38 хувиар нэмэгджээ.
Б.Заяа montsame
URL: