Оюутолгойн хамтрагчдыг бие биеэ “шантаажилж” байна гэв

oyutolgoi_geree-middleМонголын Засгийн газар хийгээд “Рио Тинто” группын үл ойлголцол өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлан хуралдуулж, үе үеийн гишүүдтэй санал бодлоо солилцсон. Мөн уг хуралдаанаас нэгдсэн зөвлөмж гаргаж, УИХ болон Засгийн газарт хүргүүлнэ гэсэн хэвлэлийн мэдээ бий.

Түүнчлэн ирэх сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах нь тодорхой болсон гэж байгаа. Энэ бол “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас далд уурхайгаа зогсоож, ажилчдаа халах шийдвэр гаргасны маргаашаас нь өрнөсөн үйл явдал.

Нэг ёсны манай талаас тодорхой шийдвэр гаргаж, хөрөнгө оруулагч талын хүсэн хүлээж байсан хөрөнгө оруулалтынх нь мөнгөн дүнг батлах хугацаа ойрхон байна гэсэн үг.

Тэгвэл асуудал манайд ийн өрнөхтэй зэрэгцээд дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд үйл явдлын талаар дараах мэдээллийг түгээжээ.

“Уолл стрийт журнал”-д гэхэд “Монголын Засгийн газар “Рио Тинто”-г шахаанд оруулж байна. Одоогийн байдлаар 22 тэрбум ам.доллар болоод байгаа өрөө багасгаж, зардлаа танахыг Монголын тал шаардаж байгаа юм. Оюутолгойн ажилчдын 90 хувь нь монголчууд. Өөрөөр хэлбэл Монголын тал уул уурхайн үйл ажиллагааны менежментийн гуравны нэгээс илүү хувийг хариуцдаг. Зургаадугаар сарын эцэс гэхэд “Рио Тинто” Монголын Засгийн газарт 1.1 тэрбум ам.долларын татвар төлсөн. “Рио Тинто”-гийн хувьд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт авахаар гадны компаниудтай ярьж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 15 банктай тохиролцож, ирэх 12 сард үйл ажиллагаагаа жигдэлнэ гэж тогтсон. Гол нь тус групп бүтээн байгуулалтдаа гэхэд 6.2 тэрбум ам.доллар зарцуулж, дараагийн шатны ажлаа эхлэхийн тулд Монголын төрөөс зөвшөөрөл авах хэрэгтэй болчихоод байгаа юм” гэжээ.

Харин “Ройтерс” агентлагийн зүгээс “Монголын парламентын ээлжит бус чуулган ойрын хугацаанд хуралдах нь тодорхой боллоо. Тус улсад нүүрсний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь хүндээр тусч байна. Мөн улсынхаа хамгийн том уурхайн үйл ажиллагааг цаашид хэрхэх нь тодорхойгүй болсноос үүдэж эдийн засаг нь эрсдэлд орж байгаа нь тус улсын төр засгийн удирдлагуудыг ийнхүү түргэн авахад хүргэсэн гэж болно” хэмээн бичжээ.

Мөн “Bloomberg’’-ийн шинжээч Дэйл Чой “Оюутолгой” компанийн халагдсан ажилчдын талаар “Ажлаасаа халагдсан хүмүүс сэтгэл хангалуун биш байгаа. Тэд өөрсдийн бэрхшээлийг төрдөө, хэвлэлд хандаж ярина. Энэ нь хурцадмал байдлыг улам лавшруулна” гэсэн байна.

Энэ мэтээр гадны хэвлэлүүд манай улсын эдийн засаг хийгээд Оюутолгойн ордын цаашдын бүтээн байгуулалтын талаар өөр өөрийн дүгнэлт хийж буй бөгөөд нэгдсэн байдлаар нь мэдээлэхэд “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ажилчдаа олноор нь халсан нь “Рио Тинто” компанийн Монголын Засгийн газарт үзүүлж буй дарамт юм” гэх таамаг ч чамгүй их байх аж.

Түүнчлэн “Монголын эдийн засаг түүхий эдийн зах зээлээсээ хэт хараат байгаагийнх нь уршиг одоогийн нөхцөл байдлыг харуулж байна. Энэ нь Монголын эдийн засаг эмзэг байгаагийн нотолгоо юм” гэсэн дүгнэлтийг ч хийж байгаа аж.

Эндээс харахад Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь цаг хугацааны асуудал ч гэлээ хоёр талын бие, биеэ рүүгээ чиглүүлсэн “шантааж” нь эргээд хэн хэнд нь бэрхшээл дагуулж мэдэх бололтой юм.

Г.Отгонжаргал

/Улс төрийн тойм/


URL:

Сэтгэгдэл бичих