Ж.Мэндээ:Дүнжингарав худалдааны төвийн явуулгаар Нарантуул захыг хаах гэж байна
Автозамын засвар, шинэчлэлтэй холбоотойгоор Халдвартын автобусны уулзвараас “Нарантуул” худалдааны төв хүртэлх замыг өнөөдрөөс эхлэн хоёр өдөр засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор ажиллаж байна. Энэ хугацаанд Нарантуул худалдааны төвийг ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Харин тус захын түрээслэгчид энэхүү шийдвэрийг хууль бус үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд ямар нэгэн далд явуулгаар захын үйл ажиллагааг зогсоох гэж байна хэмээн үзэж байгаа юм.
Тэд нийслэлийн ЗДТГ-т “Нарантуул захын замыг хоёр өдрийн дотор засна гэдэг бол худлаа. Энэ нь аль нэгэн эрх мэдэлтний далд явуулга байж мэднэ. Мөн түрээслэгчдийн худалдаа эрхлэх эрхийг нь хаан боогдуулж байна. Тиймээс энэ шийдвэрээ цуцла” гэсэн утга бүхий шаардах хуудас хүргүүлсэн байна. Энэ талаар тус захын түрээслэгч, Нарантуул зах дахь үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн Ж.Мэндээгээс тодрууллаа.
-Нарантуул захын замыг хоёр хоногийн дотор нээнэ гэсэн. Цаг хугацаа нь тодорхой, ойрхон байгаа юм чинь зам засаад дууссаны дараа үйл ажиллагаагаа явуулж болдоггүй юм уу?
-Ер нь бол бид үүнийг бодлогын чанартай зүйл гэж үзэж байна. Хоёр өдрийн дотор бүхэл бүтэн километр гаруй замыг зассан түүх манай улсад байхгүй. Энэ бол эрх баригчдын зүгээс авч байгаа ээлжит заль гэж үзэж байна. Энэ зам бол нэгдүгээрт Нарантуулын харьяаллын газар. Тэгээд дээр нь энэ чинь хөдөө явдаг хоёр, гурван мянган машины зогсоол. Өөрөөр хэлвэл эндээс арван найман аймаг, гурван хот руу ард түмний өргөн хэрэгцээний барааг зөөж байна. Тэгэхээр өнөөдөр нэг, хоёр хоногтоо асуудал шийдэгттэл захаа ажиллуулахгүйгээр өөрсдөө эндээ байгаад тэмцлээ эхлүүлэх гэсэн санаа юм. Түүнээс гадна түрээслэгчид хүртэл хэцүүднэ. Жилдээ хамгийн их орлоготой, худалдаа хийх хамгийн тохиромжтой цаг ирээд байна. Хичээл эхлэх гээд түрээслэгчид банкнаас зээл аваад урд хөршөөс бараагаа татсан байгаа. Гэтэл зах хаах гээд байна. Тэгэхээр бид өрөнд баригдаж, өтөнд идэгдэнэ л гэсэн үг. 2.3 км зам засна гэж байгаа. Заасан маршрутын дагуу замыг нь хэмжээд үзвэл нэг км ч хүрэхгүй газар. Гэтэл замын уртыг нь нэмж хэлээд байгаагийн учир нь юу вэ гэдэг бас л сонирхолтой асуудал юм.
-Нийслэлийн ЗДТГ-т шаардах хуудас хүргүүлсэн гэсэн. Хариуг нь хэзээ авах вэ?
-Бид нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт шаардах хуудас хүргүүлсэн. Бас уулзсан. Бидэнд хандаж байгаа байдлыг нь харахад эерэг хариу өгөхгүй л болов уу. Хэрэв эерэг хариу өгөхгүй бол бид тэмцлийн хэлбэрт шилжих болно. Бид Нарантуул зах дээр худалдаа эрхэлж буй 15 мянга гаруй түрээслэгчдийн төлөөлөл. Тиймээс буруу шийдвэр гаргаж огтхон ч болохгүй. Мөн түрээслэгчдээс гадна тэргээр ачаа зөөдөг хүмүүсээс эхлээд олон хүн бий.
-Зах хаасан үйл явдлыг Дүнжингарав худалдааны төв нээлтээ хийх гэж байгаатай холбон зохион байгуулалттай явуулга гэх мэтээр ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Наймаачдын санаанд энэ зүйл л бууж байна. Нарантуул чинь МАН-ын Ш.Сайхансамбуугийн зах. Үүнийг хүн болгон мэднэ. Одоо энэ нээлтээ хийх гэж байгаа Дүнжингарав бол АН-ын Б.Наранхүү, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ гэх мэт хүмүүсийн өмч хөрөнгө. Аажимдаа энэ нь, зам гэдэг нэрийн доор захын үйл ажиллагааг эхний удаад хааж, Нарантуулын түрээслэгчдийг өндөр түрээстэй Дүнжингарав руу нүүлгэх далд явуулга байж мэднэ. Хоёр хоног гэчихээд хоёр сар ч хааж мэднэ. Энэ хугацаанд түрээслэгчид, тэрэгчид гээд бүгд мөнгөний гачигдалд орно. Тэгэхээр тэд Дүнжингарав рүү нүүхээс өөр аргагүйд хүрнэ. Тиймээс Дүнжингарав худалдааны төвийн явуулгаар Нарантуул захыг хаах гэж байна. Өнгөрсөн шөнө их олон хүн Нарантуул захын үүдэнд хаалгаа манаж хоносон.
Ч.Ариунболд
montsame
URL: